Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Сэнгээ.Д

1916 оны 5 сарын 9-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төржээ. Яруу найраг, жүжиг, үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч. 1936 онд Улаанбаатар хотноо багш нарыг бэлтгэх сургууль, 1951 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1943-1946 онуудад монголын зохиолчдын эвлэлийн түр хорооны нарийн бичгийн дарга, 1954-1959 онд зохиолчдын хорооны даргаар ажиллаж байсан. Д.Сэнгээ БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар хэд хэдэн удаа сонгогдож МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож Төв хорооны гишүүнээр сонгогдож байв. 1932 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Түүний туурвисан бүтээлүүдийн дотор дайныг эсэргүүцсэн иргэний, эх оронч уянгын яруу найргийн дээж болсон шүлэг, уянгын дуунууд, Улсын дуурь бүжгийн театрын тайзан дээр олон жил тоглогдсон “Үнэн” дуурь зэрэг бий. Д.Сэнгээ Монголын залуу зохиолчдод ихээхэн анхаарал халамж тавьж байсан. Л.Түдэв, С.Эрдэнэ, Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Дашдооров, Д.Гомбожав, Д.Маам, Д.Пүрэвдорж нар түүний гарын шавь юм. Зохиол бүтээлүүд нь орос, хятад болон бусад олон хэлэнд орчуулагдан хэвлэгджээ. 1947 онд “Аюуш” туужаараа, 1954 онд Тагтаа, “Өвгөн партизаны яриа” шүлгээрээ Чойбалсангийн шагнал авчээ.

Зохиолчтой холбоотой номнууд (2)