Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Пүрэвдорж.Д

Орчин үеийн Монголын яруу найраг, найраглалын зохиолын нэрд гарсан төлөөлөгч, МУ-ын төрийн шагналт /1981/, ардын уран зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдорж Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт малчны гэрт төржээ. Нутагтаа бага дунд сургуулийг төгсөөд 1953 оноос Улаанбаатар хотноо улсын хөгжимт драмын театрт ажиллах болсон нь урлаг уран зохиолын авъяасаа нээхэд сайхан боломж болжээ. Удалгүй Зөвлөлт холбоот улсын Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. 1964 оноос МЗЭ-ийн хороонд Цог сэтгүүлийн эрхлэгч, яруу найргийн зөвлөлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байв. 1950 оноос эхлэн уран зохиол бичих болжээ.

Яруу найргийн олон ном зохиож хэвлүүлсэнээс гадна “Шивээ Хиагт”, “Нүцгэн ноён”, “Хар хорум” зэрэг дуурийн цомнол бичсэн. Түүний бичсэн олон шүлэгт нь хөгжмийн зохиолчид ая оруулж нийтийн түгээмэл дуунууд бүтээжээ. Анхлан бичсэн “Талын туяа” найраглал нь монгол уншигчдын дунд таалагдаж их дэлгэрсэн байна. Тэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон медалиар шагнагдсанаас гадна 1969 онд “Хар цас” найраглалаараа МЗЭ-ийн шагнал, 1981 онд “Хөх даалимбан тэрлэг” “Хар цас”, “Сэгс цагаан богд” найраглалаараа төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч цолоор, 2009 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагджээ.

Зохиолчтой холбоотой номнууд (2)