Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Чингиз Айтматов

Чингиз Айтматов 1928 оны 12-р сарын 12-нд Киргизийн Таллас мужийн Шекер гацаанд төржээ. Түүний эцэг Торекул Айтматов нь нийгмийн зүтгэлтэн байлаа. Гэвч 1937 онд хилс хэрэгт холбогдож баривчлагдан 1938 онд буудуулсан байна. Эх Нагима Хазиевна нь татар гаралтай орон нутгийн театрын жүжигчин байжээ. 1948 онд Айтматов Фрунзегийн /өнөөгийн Бишкек хот/ хөдөө аж ахуйн дээд сургуульд элссэн байна. 1952 оноос өгүүллэг бичиж, орон нутгийн тогтмол сонин хэвлэлд нийтлэх болжээ. Дээд сургуулиа дүүргээд 3 жил хөдөө аж ахуйн мэргэжлээрээ ажиллажээ. Гэхдээ энэ үедээ ч зохиол бүтээлээ туурвисаар байлаа. 1956 онд Москва хотод утга зохиолын дамжаанд сурчээ. 1958 онд утга зохиолын дамжаагаа дүүргээд "Октябрь" сэтгүүлд “Нүүр тулсан нь” гэдэг өгүүлэл орос хэлээр хэвлүүлсэн байна. Мөн тэр ондоо “Новый мир” сэтгүүлд өгүүллэгүүд нь цувралаар хэвлэгдэв. Түүнд алдар нэрийг авч ирсэн “Жамиля” тууж нь ч 1958 онд хэвлэгдсэн юм. Түүний уран бүтээлийг дэлхийн олон оронд орчуулан хэвлэжээ. "Цагаан хөлөг онгоц " 1970), "Плаха" (1986), “Мөнхийн сүйт бүсгүй" (2006) зэрэг олон арван шилдэг бүтээл туурвижээ. Мөн “Дурлалын цуурай” (1974), “Би – Тянь-Шань”, (1972), “Анхны багш” (1965) зэрэг хэд хэдэн киноны зохиол бичжээ. 1990-1994 онд Чингиз Айтматов Бенилюксийн орнуудад ЗХУ, Оросын элчин сайдаар ажиллаж байлаа. 2008 оны 3-р сар хүртэл Франц, Бельги, Люксембург, Нидерландад Киргизийн элчин сайдаар ажиллаж байв. Айтматов Лениний нэрэмжит шагнал (1963), Төрийн шагнал (1968, 1977, 1983), Киргизийн ардын уран зохиолч, Социалист хөдөлмөрийн баатар (1978), ЗХУ-ын дээд зөвлөлийн гишүүн, Киргизийн коммунист намын Төв Хорооны гишүүн, Зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга, Кино урлагийн холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Чингиз Айтматов 2008 оны 6-р сарын 10-нд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

Зохиолчтой холбоотой номнууд (5)