Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

В.Богомолов

Владимир Осипович Богомолов 1926 оны 7-р сарын 3-нд Москва мужийн Кирилловк тосгонд мэндэлжээ. Тэрээр 1941 онд дайнд мордож, жирийн цэргээс салаан дарга, тагнуулын офицер хүртэл замнал туулсан юм. Владимир Богомолов 1952 он хүртэл армид алба хаагаад, 1957 онд Намын дээд сургуулийн сэтгүүл зүйн салбарыг төгсчээ. Тэрээр 1955 онд хүүхдэд зориулсан шүлгийн түүврээ нийтлүүлснээр уран зохиолын ертөнцөд анх хөл тавьсан юм. Харин Богомоловын үргэлжилсэн үгийн зохиол 1958 оноос эхлэн олны хүртээл болж, анхны "Иван" тууж нь "Знамя" сэтгүүлд хэвлэгджээ. Энэ туужаас сэдэвлэн бүтээсэн Андрей Тарковскийн "Иваны хүүхэд нас" (1962 он) кино 1963 онд Венецийн кино наадам дээр гол шагнал хүртсэн билээ. Богомоловын уран бүтээлд Зөвлөлтийн эх орны дайны сэдэв тэргүүлэх байр суурь эзэлдэг. 1965 онд түүний "Зося" тууж хэвлэгдсэн ба хамгийн алдартай бүтээл болох "44 оны наймдугаар сард" роман (нөгөө нэр нь "Үнэний агшин") 1973 онд хүмүүсийн гар дээр очжээ. Энэ зохиолд Дэлхийн II дайны үеийн Зөвлөлтийн сөрөг тагнуулын газрын (СМЕРШ) үйл ажиллагааны тухай өгүүлдэг. "44 оны наймдугаар сард" романыг дэлхийн 30 гаруй хэлээр орчуулсан бөгөөд Зөвлөлтийн үед, мөн дараа нь нийт 100 гаруй удаа дахин хэвлэжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (1)