Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Чоймаа.Ш

1951 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг, Шаргын голын хөвөөнд Шар харгана хэмээх газар төрсөн. Сум орон нутагтаа дунд сургуульд сурч, 1971 онд Говь-Алтай аймгийн төвийн нэгдүгээр арван жилийг төгссөн. 10 дугаар анги төгсөх хүртлээ сургуулийн дотуур байранд сууж, хичээл сургууль тармагц малаа маллаж явсан. 1971 онд МУИС-ийн монгол хэл, уранзохиолын багшийн ангид элсч, 1976 онд сургуулиа төгсөөд, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимд багш болсноос хойш одоо 35 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд 1980-1983, 1992-1995 онуудад Герман улсын Берлин хотын Гумбольдтын их сургуульд зочин профессороор ажилласан. 1989-1992 онд Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгчээр, 1996-2000 онд Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв. 1998 оноос хойш одоог хүртэл профессор, тэргүүлэх профессорын зэрэглэлд ажиллаж байна. Монгол бичиг, түүхэн хэл зүй, орчин цагийн монгол хэл, төвд хэл, сурвалж судлал, монголын нууц товчооны судлал зэрэг хичээлийг голлон заадаг. Мөн Герман, Орос, Япон, Хятад, Солонгос, Польш, Чех, Унгар, Франц, Финлянд, Америк зэрэг улсын оюутан, аспирант, мэргэжил дээшлүүлэгч нарт орчин цагийн монгол хэл, сонгодог монгол бичиг, сурвалж судлал зэрэг хичээлийг зааж, гадаадын монгол судлаачдыг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулж мөн дэлхийн монголч эрдэмтэд, монгол судлалын төвүүдтэй өөрийн судлагааны чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. 1988 оноос эхлэн сонин сэтгүүлд монгол бичгийн цуврал хичээл, заах аргазүйн буланг тогтмол нийтлүүлж, хөтлөн явуулж байна. Эрдэм шинжилгээний бүтээлийн тухайд нэг сэдэвт бүтээл, ном товхимол, сурах бичиг, гарын авлага 50 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 60 гаруйг хэвлүүлж, олон улсын болон дотоодын 44 (үүнээс олон улсын хуралд 23) хуралд эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, судалгааны хялбаршуулсан болоод заах аргын өгүүлэл 40 гаруйг нийтлүүлж, 70 орчим номыг хянан тохиолдуулжээ. Бүтээлүүд маань БНХАУ, АНУ, БНСУ, ОХУ, ХБНГУ, ПОЛЬШ, ЯПОН зэрэг оронд хэвлэгдэж, монгол бичгийн хичээлийн бичлэг нь гадаадын их дээд сургуулиудын сургалтад ашиглагдаж байна. 1996 онд дэд профессор цол хүртсэн. 2003 онд Монголын Нууц Товчоон, Лувсанданзаны Алтан товч-ийн эхийн харьцуулсан судалгаа бүтээлээрээ хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2004 онд “Монгол түүхэн сурвалжийн эх бичгийн судалгаа” сэдвээр хэлшинжлэлийн ухааны шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1992 онд "Ардын боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэг, 1997 онд "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэг, 1998 онд "Хөдөлмөрийн хүндэт медаль", 2002 онд Гавьяат багш” цол, 2004 онд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг сурах бичгийн өргөмжлөл, 2006 онд “Монголын нууц товчоон", Лувсанданзаны "Алтан товч", эхийн харьцуулсан судалгаа (УБ., 2002), “Хаадын үндсэн хураангуй алтан товч” (Эх бичгийн судалгаа, Судалгааны оршил, галиг, үгийн хэлхээ, эх текст, УБ., 2002 хэмээх бүтээлд маань Монгол улсын төрийн шагнал хүртээсэн болно. "Acta Mongolica” сэтгүүлийн редакцийн гишүүн, хэл шинжлэлийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, ОУМСХ-ны гишүүн, МУИС-ийн болон МХСС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтнүүдийн зөвлөлийн түүхэн уламжлал, ёс заншлын бодлогын салбар зөвлөлийн гишүүн, МУИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн зэрэг үүрэгт ажлыг хийдэг.

Зохиолчтой холбоотой номнууд (0)