Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Шолохов

1965 оны Нобелийн утга зохиолын шагналтан, Орос-Зөвлөлтийн зохиолч. Михаил Александрович Шолохов Дон мөрний эрэг дээрх Вёшенская гэдэг хасаг тосгонд мэндэлжээ. Зохиолчийн идэр залуу нас Орос дахь иргэний дайны хүнд бэрх жилүүдтэй давхацсан бөгөөд тэрбээр хэдий балчир байсан боловч Улаан армийн эгнээнд тулалдсан байна. Дайн дууссаны дараа Шолохов өөрийн төрөлх тосгондоо амьдран уран зохиолд хүч сорьж эхлэв. Түүний гаргасан анхны ном нь Иргэний дайны тухай "Донын өгүүллэгүүд" (1925) түүвэр юм. 1926 оноос Шолохов 14 жилийн турш гол бүтээл болох "Дөлгөөн Дон" түүхэн романаа туурвижээ. Дэлхийн нэгдүгээр дайн, Иргэний дайны үеийн Оросын хасагуудийн хувь заяаны тухай өгүүлсэн эл түүхэн зохиол Шолоховт дэлхий дахинд нэр алдар авчирсан билээ. "Дөлгөөн Дон" дээр ажиллаж байх үедээ зохиолч өөр нэг томоохон роман "Сэтгэлийг шинэтгэсэн нь" (1932)-ээ бүтээсэн агаад түүндээ хамтралжуулалтын жилүүдийн тухай өгүүлсэн байна. Шүүмжлэгчдийн үзсэнээр бол энэ роман өөрийн ур чадвар, амьдралыг харуулсан байдал зэргээрээ "Дөлгөөн Дон"-ы хэмжээнд хүрэхгүй билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Шолохов цэргийн сурвалжлагчаар ажиллах үедээ "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм" романаа бүтээж эхэлсэн боловч дуусгаагүй орхижээ. Дайны дараах жилүүдэд Шолохов Зөвлөлтийн системийн нэг хэсэг болсон агаад төр, засгийн хайр энхрийлэлд орсон учир уран бүтээл туурвихаа больжээ. 1965 онд тэрээр "Дөлгөөн Дон" романаараа Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг гардаж авсан байна. 1970 оны үед өөр нэг Нобелийн шагналтан Шолоховыг зохиолын хулгай хийсэн гэж буруутгаад "Дөлгөөн Дон"-ы жинхэнэ зохиолч нь 1920 онд нас барсан Федор Крюков гэдэг хасаг эр хэмээн мэдэгдсэн аж. Гэвч Шолохов Федор Крюковын материалыг (бичвэрүүдийг) ашигласан гэдгийг өнөөдрийг хүртэл хэн ч нотлож чадаагүй юм. Михаил Шолохов "Дөлгөөн Дон"-ы зохиолч гэдгээрээ утга зохиолын түүхэнд нэрээ үлдээгээд 1984 онд хорвоогоос халин оджээ.

Зохиолчтой холбоотой номнууд (3)