Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Буяннэмэх.С

Тэр үеийн Говь түшээ гүний хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1902 онд төржээ. Есөн настайдаа өвөрлөгч нутгийн Жирмийн чуулганы Тогтох тайж үрчлэн авч, гэрээр монгол, хятад, манж хэл заалгаж, гэрийн боловсролтой болсны дараа Өөртөө засах орны дунд сургуульд орж үндэсний бичиг үсгээс гадна орос, хятад хэлийг үзэж, манж, хятад хэлээр Дорно дахины сонгодог уран зохиол уншдаг болж, үндэсний хөгжим барьж сурчээ. С.Буяннэмэх хувьсгалчдын нууц бүлгэм байгуулагдах үеэс тэдний үйл хэргийг дэмжин улмаар нууц бүлгэмийн идэвхтэй гишүүн болж, Монгол ардын намд элссэн байна. 1922 онд хуралдсан анхдугаар их хурлаас Эвлэлийн Төв Хорооны даргаар сонгогдож, мөн ондоо Москвад болсон Алс дорнодын олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд оролцож, В.И.Ленинтэй уулзсан байна. 1924-1926 онд Өвөр Монголд очиж, Дотоод Монголын ардын сэтгүүлийг эрхлэн гаргаж байжээ. Дараа нь Буриадад уригдан Багшийн сургуулийн Монгол хэл бичгийн багшаар ажиллаж, "Уран үгсийн чимэг" гэдэг эмхэтгэл болон бусад хэвлэлийн ажилд оролцож, "Алсыг зорьсон алтан загас" үлгэр-тууж, олон арван нийтлал, өгүүллэг, шүлэг бичжээ. 1928 онд байгулагдсан зохиолчдын дугуйланд идэвхтэй оролцож, "Уран үгсийн чуулган" хэмээх анхны эмхэтгэл гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 1922 онд Д.Сүхбаатарын нэрэмжит клуб нээгдэхэд Ойрх цагийн товч түүх буюу Сандо амбан хэмээх өөрийн жүжгийг анх тоглуулж байжээ. Тэрбээр 1928 оноос эхлэн ХЗЭ-ийн Төв Хороо, Хотын Намын хорооны дарга, Д.Сүхбаатарын нэрэмжит клуб, Цэнгэлдэх хүрээлэнгийн дарга, Уран зохиолчдын дугуйлан, Уран зохиолчдын товчооны дарга болон Ардын үндэсний эрх, Үнэн сонинд нарийн бичгийн даргаар ажиллаж, "Монгол ардын үндэсний соёлын зам", "Шинэ толь", "Улаан туяа" зэрэг сэтгүүлүүдийг эрхлэн гаргалцаж байжээ. Түүний уран бүтээл олон талтай, баялаг агуулгатай байсан бөгөөд яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжиг, уран зохиолын болон театрын шүүмж, судлал, сэтгүүл зүйн салбарт өгүүлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилсан тэмдэглэл зэрэг олон төрөл, зүйлийг хамран бичдэг авьяаслаг зохиолч, сэтгүүлч байв. Төр, засаг С.Буяннэмэхийн уран бүтээл, ажил хөдөлмөрийг үнэлж 1935 онд Улсын гавьяат алдарт уран зохиолч хэмээх цолоор шагнаж байжээ. С.Буяннэмэх-д улс төрийн хилс хэрэг тулган хэлмэгдүүлсэн бөгөөд 1962 онд Улсын Дээд шүүхийн хурлын тогтоолоор цагаатгасан байна.

Зохиолчтой холбоотой номнууд (1)