Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Нэргүй.Жи

1956 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төржээ. Яруу найрагч, сэтгүүлч. 1977 онд Минск хотын уран барилгын техникум төгсжээ. Мөн оноос Чойбалсан хотын ус ашиглалтын товчоонд мастер техникч, ерөнхий инженер, Дөл сонинд утга зохиолын ажилтан, Аймгийн радио телевизийн редакцид теле найруулагч, теле оператораар ажиллаж байжээ. Нийгмийн хурц асуудлыг хөндсөн олон арван нийтлэл, уран бүтээлчдийн хөрөг, эрэн илрүүлэх чиглэлийн хэдэн арван сурвалжлага бичсэн. 1972 онооос зохиол бичиж шүлэг, нийтлэл олныг нийтлүүлжээ. Михаил Веллерийн Авсанд хэвтээ хүн тууж /1997/, Эдуард Тополийн Кремийн эзэгтэй романыг /1998/ орчуулан хэвлүүлсэн. Эдүгээ Өдрийн сонинд ажиллаж байгаа. МСТ-ны Ган үзэгтэн, Ил товчоо сонин /1996/, ЗМ сонины /1997, 1998/ тэргүүн бичлэгийн шагналтан.2006 онд Сэтгэл хазгар биш бол номоороо МЗЭ-ийн шагнал авчээ.

Өөрийн бүтээлүүд:
Яруу найргийн «Ялалтын симфони» (1984), «Сэтгэл хазгар биш бол…» (2005), улс төр, эдийн засгийн нийтлэлийн «Хөшүүрэг» (2004), уран сайхны хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман” (Тэргүүн дэвтэр. 2006), “Үхэл дагуулсан сүйрлүүд” (Осол сүйрлийн бага нэвтэрхий толь. 2007) номууд болон Барон Унгерны үйл амьдралаас сэдэвлэсэн “Од шингэдэггүй” (2010) бүрэн хэмжээний кино зохиол туурвисан.

 Орчуулгын зохиолууд:

Эстоны зохиолч Михаил Веллерийн «Авсанд хэвтээ хүн» (өүгүүллэг, 1999) Польшийн зохиолч Фердинанд Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” (Аян замын бодрол, тэмдэглэл, 2000, 2006, 2009, 2011, 2010), “Ленин” роман (2012) Оросын марксистуудын анхдагч Г.В.Плехановын ”Социализм хэрхэн дампуурах вэ?” (Улс төрийн гэрээслэл, 2000, 2009) Орос-Америкийн зохиолч Эдуард Тополийн “Кремлийн эзэгтэй” (Раиса Максимовна Горбачевагийн тухай улс төрийн  баримтат, адал явдалт роман, 1998, 2012), “Ор хөнжлийн Орос орон” (Эротик роман, 2005, 2011), Америкийн түүхч Моррис Славины “Илдэн дорхи Эберчүүд” (Францын анхны хувьсгалын түүх, бүтэц зүйн судалгааны баримтат роман, 2005), Америкийн философч, зохиолч Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь” (Философийн туурвилууд, 2006), “Атлантын нуруу тэнийв” (Дэлхийн шилдэг роман, 2010), Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейны “Забиба, хаан хоёр” (Улс төр, хайр сэтгэлийн роман, 2006), Оросын яруу найрагч, дуучин, жүжигчин Владимир Высоцкийн “Бухимдал” (Дууны шүлгийн түүвэр, 2006), Оросын яруу найрагч Сергей Есениний “Сонгомол шүлгүүд” (2009, “Сонгодог шүлгүүд”-2010), Азийн морин дивизийн штабын дарга, хурандаа Михаил Торновскийн “Монголчуудтайгаа бол би Лиссабон ч хүрнэ. БаронУнгерн” (Дурсамж, 2009, 2011), Азийн морин дивизийн комендантын дарга, дэслэгч Николай Князевын “Домогт Барон” (Дурсамж, 2010) Италийн Сэргэн мандалтын үеийн тууриудын түүвэр- “Ромео, Жульетта тэргүүтэн тууриуд” (2010), Оросын нэрт зураач, соён гэгээрүүлэгч Николай Рерихийн “Азийн зүрх” (Аян замын тэмдэглэл, 2010), Оросын нэрт аялагч Николай Пржевальскийн “Монгол, тангад нутгаар” (Аян замын тэмдэглэл, 2011, 2012). Оросын монголч эрдэмтэн И.А.Ломакинагийн “Агуу их Босуул” (13-р Далай ламын 1904-1906 онд Монголд байсан тухай архивын баримтуудаар босгосон түүхэн роман). 

Зохиолчтой холбоотой номнууд (5)