Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Палам.Б

То Ван судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, химийн ухааны доктор, профессор, ган үзэгтэн шагналт сэтгүүлч Билэгтийн Палам 1944 оны 9-р сарын 15 нд Дорнод аймгийн Халхгол сумын нутаг “Сангийн далай” гэдэг газарт малчин ардын гэр бүлд төрсөн. 
1953 онд Тамсагбулагийн бага сургуульд орж суралцан, 1960 онд Чойбалсан хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийн 8-р ангийг, 1963 онд нийслэлийн 10 жилийн 12-р дунд сургуулийг төгссөн. 

1963 онд ОХУ-ын Екатеринбург хотын Б.Н. Ельциний нэрэмжит техникийн их сургуулийн Хими технологи ба Нийгмийн ажилтны салбарт орж суралцан, цахилгаан–химийн аж үйлдвэрийн инженер технологич ба сэтгүүлчийн хос мэргэжил эзэмшсэн. 

1979 оноос Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж 30-аад жил ажилласан. Энэ хугацаанд ОХУ, БНХАУ, Итали, Герман, Польш, Чех, Солонгос, Украйн, Унгар улсад урт богино хугацаагаар явж өөрийн мэргэжил мэдлэгээ дээшлүүсэн.

 Доктор Б.Палам мэргэжлийн дагуу Улаанбаатарын Мэгжид Жанрайсиг, Эрдэнэ зуугийн Лаврин сүмүүд, Чойжин ламын сүм музейн  барилгын ганжир, бодь гөрөөс, хорол, норов, толь, жанцаг, сэрээн сүлдэт тугны доог зэрэг металл чимэглэлийг цахилгаан химийн ба амальгам аргаар алталж, Халхголын Жигважиджав Жанрайсиг  их бурхан, Амарбаясгалант хийдийн сэргээн босголтын ажилд идэвхтэй оролцон ажиллажээ. 
Төрийн цагаан тугны доог, Монгол улсын Ерөнхийлөгчийн алтан өргөмжлөл, гэрэгэ зэргийг гальваник аргаар алталж, Чингис хаан киноны металл эдлэлийг мөнгөлжээ. 
То вангийн мэндэлсний 200 жилийн эрдэм шинжилгээний бага хурлыг санаачлан зохион байгуулсан ба То ван судлалын нийгэмлэг байгуулан, гүйцэтгэх захирлаар нь арав гаруй жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байна. То ван судлалаар дэлхийн арваад орны эрдэмтэдтэй хамтран ажиллаж, зохиол бүтээлийн 70 гаруй ном товхимол эмхэтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгожээ.

Доктор Б. Паламын эрдэм шинжилгээний чиглэлээр хийсэн ажил нь түүний бүтээлийн жагсаалтанд тусгасан. Доктор Б. Палам эх орон, суут хүмүүсийн сэдэвтэй тавиад дууны шүлэг зохион, ая хийлгэж, “Их бурхан” нэртэй зохиолын дууны түүвэр ном, CD-гээ хэвлүүлсэн бөгөөд эзэмшсэн мэргэжил ба түүх, нийгэм судлалаар 70 гаруй ном товхимол бичиж хэвлүүлсэн ба 10 гаруй ном хянан тохиолдуулж, 200 гаруй эрдэм шинжилгээний болон хялбаршуулсан илтгэл, өгүүлэл бичиж нийтийн хүртээл болгосон.

Доктор Б.Палам нь манай шинжлэх ухаан, түүх соёл, үнэт металл, газрын ховор элементийн судалгааны салбарын шилдэг тэргүүний эрдэмтэн хүн юм. 

Зохиолчтой холбоотой номнууд (14)