Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Горький.М.А

Социалист реализмын утга зохиолыг үндэслэгч, орос зөвлөлтийн их зохиолч, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Максим Горький /жинхэнэ нэр нь Алексей Максимович Пешков/ Оросын Доод Новгород хотод ажилчны гэр бүлд төржээ. Гурван настайдаа эцэггүй, 11 настайдаа эхгүй болж өнчирсөн Алексей Пешков орох оронгүй тэнэмэл ядуугаар амь зуух болжээ. Энэ амьдралынхаа тухай хожим “Бага нас”, “Хүмүүсийн дунд”, “Миний их сургууль” гэдэг гурамсан тууждаа өгүүлсэн байдаг. Мөн “Миний замын хань”, “Коновалов”, “Хүн төрлөө”, “Анхны дурлалын тухай” зэрэг олон зохиолоо М.Горький үзсэн харсан дээрээ сэдэвлэн бичжээ. “Ямар хүмүүс намайг хүрээлж байна” гэдгийг мэдэхийн тулд Орос орноор хөндлөн гулд, явган нүцгэн аялан хэсүүчлэв. Тохиолдлын хүнд хүчир ажил хийж мөнгө олж амиа тэжээхийн хамт, хувьсгальчидтай танилцан хаант засагт хардагдаж шорон гянданд орж явав. Ингэснээр амьдралын “их сургууль” төгсчээ. М.Горький 1893 оноос эхлэн утга зохиолыг дагнан оролдох болж шинэ зуун гарахад Орос орон төдийгүй гадаадад ихэд алдаршсан зохиолч болжээ. “Бид бүх зохиолчдыг жигнүүрийн нэг таваг дээр зогсооход ганц Горький нөгөө таваг дээр зогсоод жин дарж байна” гэж яруу найрагч А.А.Блок тэр үед бичиж байв. Дэвшилт зохиолч бичиж, хувьсгалт ажилд оролцсоны учир хаант засгийн шорон гянданд олон удаа орж явсан М.Горький 1905 онд дөрөв дахь удаагаа баривчлагдаж Петропавловскийн гянданд хоригдов. Үзэл санааны гал дөлийг шоронгийн ханаар халхлан унтрааж үл чадна. Энэ үед их зохиолч “Нарны хүүхдүүд” гэдэг зохиолоо бичжээ. М.Горькийг суллахыг шаардсан хөдөлгөөн Орос болон олон оронд өрнөсөн учир түүний бие түмэн рублийн барьцаатай суллагджээ. “Шонхорын дуун”, “Салхич шувууны дуун” зохиолдоо тэмцлийн жаргал, тэмцлийн бахархалыг магтан дуулсан юм. В.И.Ленин “Их шуурганы өмнөхөн” гэдэг өгүүллээ хувьсгалт зөгнөлч “Салхич шувууны”, “Их шуурга хөдөлбөл нижигнэн хөдөлтүгэй” гэдэг үгээр төгсгөж байв.Зөвлөлтийн зохиолчдыг өсөж хөгжихөд туслах талаар их хүч гаргаж ажиллаж байлаа. К.А.Федин, Л.М.Леонов, В.В.Иванов, А.С.Макаренко, М.М.Зошенко, М.В.Исаковский ..... бусад олон зохиолчид М.Горькийн тусламж зөвлөгөөнөөр уран бүтээлийнхээ замыг эхэлжээ. ...Москва хотын Качаловын гудамжинд эргэн тойронд нь агч мод, туулайн бөөр, улиангар, алимны мод битүү ургасан хоёр давхар байшин бий. Тэр байшинд зөвлөлтийн зохиолчдын хорооны анхны дарга М.Горький 1931-1936 онд амьдарч байжээ. Их зохиолч энд “Достигаев гэх мэтийн хүмүүс”, “Сомов гэх мэтийн хүмүүс” жүжгүүдээ бичиж, “Клим Самгины амьдрал” романаа дуусгахаар чармайж байв. Эндээс тэр даян дэлхийн сэхээтнүүдийг фашизм, дайны аюулын эсрэг дайчин холбоонд нэгдэхийг уриалан “Соёлын мастер та нар чухам хэний талд байна вэ” гэж хилэгнэн асууж байлаа. Тэр байшинд их зохиолч таалал төгсчээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)