Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Виктор Гюго

Виктор-Мари Гюго (фр. Victor Hugo, 1802 оны 2 сарын 26 — 1885 оны 5 сарын 22) бол Францын нэрт яруу найрагч, цаг үеийнхээ эгзэгтэй асуудлыг тусгасан жүжгийн ба хүүрнэл зохиолуудаараа францын уран зохиолыг шинэ дээд шатанд гаргасан алдартай зохиолч байв. Тэрбээр Наполеоны армийн генерал, бүгд найрамдах үзэлтэй хүний хүү байсан авч түүнийг дөнгөж арван настайд нь эцэг эх хоёр нь салж, Гюго эхийнхээ гар дээр өсчээ. Бурбоны удмынхныг сохроор шүтдэг католик шашинт эх нь хүүгээ хаант засгийг талархах үзлээр хүмүүжүүлсэн байна. Тэрээр хутагт Людовикийн лицей сургуульд сурч байх үеэсээ шүлэг оролдож, классизмын дэгээр бичсэн магтаал шүлгээрээ уран зохиолын уралдаанд тэргүүлж байжээ. Гюго Магтаал ба бусад шүлгүүд (1822) анхны эмхэтгэл номоо хэвлүүлж, Францын хөрөнгөтний хувьсгалыг эсэргүүцэн 1793 онд босч тэмцсэн тайж нар, сүм хийдийнхэн, мөн Бурбоны удмын хаадын үеийг магтан сайшаасан нь язгууртан дээдсийн дунд түүний нэрийг алдаршуулж, XVIII Людовик хаан Хюгод мөнгөн шагнал олгож байв. Хаант засгийг талархах энэ санаа түүний Исланд Ган (1823), Толгойлогч Жаргаль (1826) зэрэг анхны романуудад ч шингэж орсон юм. Францад Бурбоны удмынхны засаг ноёрхлыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн өрнөж байсан 1820-оод оны сүүлч үеэс Гюго өөрийн хуучин үзлээсээ хөндийрч эхэлсэн нь 1827 онд бичсэн Кромвел жүжгийнхээ гол баатраар Английн хөрөнгөтний хувьсгалын удирдагчийг гаргаснаас нь ч харагддаг. Гэвч Францын уран зохиолын цаашдын хөгжлийн хувьд, мөн Гюгогийн уран бүтээлийн тухайд ч уг жүжгээсээ илүү, энэ жүжгийн Өмнөтгөл үг нь чухал юм. Өмнөтгөл үгэндээ классизмын гоо зүйн үеэ өнгөрөөж улиг болсон хатуу чанад дүрэм журмыг халахыг уриалан, "Элдвийн онол, туурвил зүй, дэг журмыг алхаар хэмх цохьё. Урлагийн нүүрэн талыг халхлаад байгаа хуучирсан шаваасыг нь хусч хая" гэж бичсэн байдаг. Тэрбээр классизмын гоо зүйн "гурван нэгдлийн" онол, уран зохиолыг олон төрөл зүйл болгон зааглаж тусгаарласан журам дүрмийг буруушаан "Ямар ч дүрэм, ямар ч хэв загвар байхгүй, тодруулж хэлбэл, урлагийн бүхий л төрөлд ноёрхлоо тогтоох түмэн бодисын түгээмэл хуулиас өөр ямар ч дүрэм байхгүй" гэж бичжээ.

Зохиолчтой холбоотой номнууд (0)