Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Болдхуяг.Д

Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн яруу найрагч Дорж-Юндэнгийн Болдхуяг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Завхан аймгийн Алдархаан сумын Богдын голын уугуул. 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Улаанбаатар Сургуулийг түүх судлаач, археологич мэргэжлээр төгссөн. 2003 онд тус сургуульд археологийн чиглэлээр магистр хамгаалсан. 2009 оноос Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Сургуулийн докторантурт элсэн орж “Монгол улсын нутаг дэвсгэрт буй Хятаны үеийн хот суурин” сэдвээр эрдмийн зэрэг (Ph.D) хамгаалсан. 2001-2005 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, Археологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2009 онд АDMON компаний Монсудар хэвлэлийн газар ерөнхий редактор зэрэг ажлын туршлагатай. Монсудар хэвлэлийн газар ажиллаж байхдаа дэлхийн сонгодог, нобелийн шагналт зохиолоос 100 шахмыг редакторлаж, өмнөх үг бичиж, зурагтаар танилцуулж ярьсан.

1993 оноос шүлэг уран зохиол сонирхон оролдож 2000 онд “Миний жаахан Амбуунаа”, 2005 онд “Чинад нууцхан сэтгэл”, 2007 онд “Эсэруагийн охины хоолойн чимэг”, 2009 онд “Хундага сарны онгод”, 2011 “Мянган оны хойно (монгол бичгээр)” зэрэг шүлгийн түүвэр хэвлүүлсэн.  2000 онд оюутан залуусын хайрын “Бүжинлхам”, 2001 онд Данзанравжаагийн “Мөнгөн цом”, 2002 онд хайрын “Цагаан-Уул”, 2003 онд “Алтан үзэг”,  2006 онд Монгол туургатны “Уянгын дөл”, 2011 онд Болорцом зэрэг яруу найргийн наадамд түрүүлж цомын эзэн болсон. До.Болдхуяг Өвөр Монголын шинэ үеийн уран зохиолыг судалж Э.Болдын “Хөх нулимстай тэнгэр”. Л.Энххадын “Олон булгийн цуваа”, Зүүнгар Буянбатын “Есөн эрдэнийн аялгуу”, Т.Галбаатарын “Нэг л өдөр бурхан өгүүлрүүн”, Ц.Цолмонгийн “Цэцгийн салхи”, Ё.Эрдэнэтогтохын “Дөмөн”, П.Санаагаравын “Орчлонгийн ёс”, Содбилэгийн “Найргийн цацал” зэрэг арван хоёр ном кирилл үсэгт хөрвүүлж Улаанбаатар хотноо хэвлүүлсэн.  Өдгөө “Өвөр Монголын яруу найраг” шилдэг шүлгийн антологи хэвлэлд бэлтгэж байна.  

До.Болдхуягийн шүлэг зохиол БНХАУ, ОХУ-д орчуулагдаж хэвлэгдсэн. Утга зохиол судлаач, шүүмжлэгч хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Д.Цэвээндорж “Тодорхой утгын зул” номондоо  До.Болдхуягийн шүлэг яруу найраг, урлах эрдмийн талаар “Хайрын дууч буюу Дорж-Юндэнгийн Болдхуяг” хэмээх шүүмж бичиж “Түүний шүлгийн дийлэнх нь хайр сэтгэлийн сэдэвтэй бөгөө тэрбээр хайр сэтгэлийн шүлгийг илүү олон хөг аялгуу, өнгө будгаар мэдэрч бичдэг” хэмээсэн байна. Өвөр Монголын утга зохиолын дэд эрдэмтэн, шүүмжлэгч Баягууд Санжаа “Он цагийн яруу найраг ба До.Болдхуягаар төвлөсөн орчлон” хэмээх шүүмждээ  “До.Болдхуяг шинэ урсгал чиглэл хөөцөлдөлгүй, нүүдэлчдийн уламжлалт арга барилаар шүлэг бүтээл туурвихдаа ардын дууны дахилт давталт, утга гүнзгийрүүлэх арга, зохист аялгууны чимгүүдийг түгээмэл ашигладаг. Түүний яруу найрагт хайр сэтгэл, түүх, гүн ухааны сэдэв зонхилох бөгөөд бараг шүлэг бүхнээс нь зогсолтгүй урсах цаг хугацаа, он цагийн тухай мэдрэмж цухалздаг. Хэлбэрийн хувьд үргэлж шинийг эрэлхийлэгч бөгөөд “жирэмсэн сонет”, “эрхин сонет”, ижил бичлэг, дуудлагатай үгсийг хоршуулсан “Дөрвөн утгын наадам”, шүлгийн мөрийг орооцолдуулсан “Гэмшил” зэрэг ихэнх шүлэг нь хэлбэрийн хувьд өөр хоорондоо ялгаатай байдгаас гадна тэрбээр шүлгээ зүгээр нэг сэтгэлийн хөдлөлөөр бичдэггүй цаана нь заавал өөрийн гэсэн үзэл санаа нуугдаж байдаг” хэмээн үнэлсэн юм. 

Зохиолчтой холбоотой номнууд (0)