Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Цэнд.Ц

Яруу найрагч Цэвээний Цэнд нь 1990-ээд оноос эхлэн утга зохиолын сэтгэлгээний шинэ орон зайг эрж хайж уран бүтээлээ туурвисан найрагчдын нэг. 1991 онд хэвлэгдсэн “Зүс бүгэг андууд” хамтын шүлгийн түүвэр нь Монголын утга зохиолд нэгэн шинэхэн үзэгдэл болсон тухайд утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор Д. Галбаатар “Энэ хэдэн хүүхдийн турсгыг хуулахгүй юмсан” гэдэг томоохон шүүмж бичсэнээс гадна олон зохиолчид үзэл бодлоо тунгаасан юм. Найрагчийн зохиол бүтээлийнх нь талаар шүүмжлэгч Ч. Билигсайхан, С.Энхбаяр, зохиолч яруу найрагч Д.Урианхай, Г. Аюурзана, зураач Б. Пүрэвсүрэн нар өөр өөрсдийн өндөр үнэлэлт өгсөн байдаг Цэвээний Цэнд нь яруу найргийн “Адил хуучин” /1992/, “Юм хачин” /2001/, “Шөнийн давалгаа” /2008/, “Харанхуйг атганам” /2011/, богино өгүүллэгийн “Дөрвөн нүдтэй зүүд” /2002/ зэрэг номууд хэвлүүлжээ. Хэл бичгийн Шинжлэх ухааны доктор, профессор Монгол Улсын гавьяат багш, утга зохиол судлаач Ч.Билигсайхан бээр Цэндийн шүлгүүдээс эх оронч халуун сэтгэлийн аяс цуурай их л тод сонсогдном. Хас тэмдэг шиг, алхан хээ шиг, арга билиг шиг чухам энэ цөөн үгнээс л хүн бодож ухаарч, бясалгаж утгыг олж авдаг баймаар” хэмээн амилан босдог найрагийн онцлог нь төгөлдөржиж байна гэжээ.             Яруу найрагчийн 2001 онд хэвлэгдсэн “Юм хачин” шүлгийн номд зохиолч, яруу найрагч, орчуулагч Г. Аюурзана өмнөтгөл болгож бичихдээ “Ц. Цэндийг утга зохиолын хүрээнийхэн андахгүй. “...Сар бөгтөр харайн Хоосон дуу гишгэнэ...” гэх маягийн барьцгүй, хий сэрлээр энэ ном дүүрэн бөгөөд бүр юу ч өгүүлээгүй аялга үгс ч Цэндийн шүлэгт их. Тэдгээрийг уншиж хүртэхийн тулд ихээхэн бэлтгэл шаардлагатай. Би л хувьдаа зарим шүлгийнх нь далд өгүүлэмжийг хөөсөөр, эцэст нь төөрч гүйцдэг. Тэгээд өөрийгөө төөрлөө гэж бодохгүй. Цэндийг төөрчихөө юү дээ ч гэж бодох үе таардаг л юм. Түүний шүлгүүд хялбар биш. Үг хүчгүйдээд зураас хэрэглэсэн, бүр ч абсурд шинжтэй шүлэг энэ номын дотор бий” хэмээн өгүүлсэн байна.              Сэтгэлийн хэл нь шинэ хэл зүй юм. Сэтгэлийн хэл үүсэхэд яруу найргийн шинэчлэл, үгийн илэрхийлэл шинээр үүсч хэлбэрших нь бий. Хүн төрөлхтний хийсвэр зохиол нь сэтгэлийн хэлний томъёо юм. Сэтгэлийн хэлзүй үндэслэхүй зохиол туурвилын шинэчлэл нээгдмой. Өдгөө яруу найргийн эх булаг нь сэтгэлийн хэл болоод байна...” гэж зохиолч бичжээ.            . Тэрээр Г. Сэр –Одын болон Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртжээ.  Бүтээлүүд нь “Монгол уран зохиолын дээжис” 108 боть, “Монголын сонгомол яруу найраг”, “Бичгийн мэргэдийн товчис” зэрэг антологт орсон байна

Зохиолчтой холбоотой номнууд (3)