Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Шинжлэх ухааны академи хэл зохиолын хүрээлэн

Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн үндэс суурь нь тэртээ 1921 онд “Судар бичгийн хүрээлэн”-гийн дэргэд “Дуун ухааны тасаг” нэртэйгээр тавигдсан билээ. Улмаар 1930 оноос Хэл бичгийн кабинет, 1957 оноос Хэл бичиг утга зохиол судлах газар, 1961 оноос Хэл зохиолын хүрээлэн болж өргөжив. Хэл зохиолын хүрээлэн эдүгээ хэл шинжлэл(эрхлэгч академич Д.Төмөртогоо), хэрэглээний хэл шинжлэл (эрхлэгч доктор Sc.D О.Адьяа), утга зохиол судлал (эрхлэгч доктор Sc.D С.Байгалсайхан), аман зохиол судлал (эрхлэгч Sc.DБ.Катуу), төвд судлал (эрхлэгч Р.Отгонбаатар) гэсэн таван сектор, алтай судлал (эрхлэгч доктор Ph.D Б.Түвшинтөгс), монголын нууц товчоо судлал (эрхлэгч академич Д.Цэрэнсодном) гэсэн хоёр төв, дуун ухааны хөмрөг сан (эрхлэгч академич Ж.Цолоо), Ц.Дамдинсүрэнгийн гэр музей (эрхлэгч доктор Ph.D Г.Билгүүдэй) зэрэг есөн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хүрээлэн нийт 40 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай бөгөөд тэдгээрийн дотор академич 3, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 3, төрийн шагналтан 1,  шинжлэх ухааны доктор (Sc.D) 9, доктор (Ph.D) 12 ажиллаж байна.

Судар бичгийн хүрээлэн анх байгуулагдсан цагаас бүх нийтийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, утга уран зохиолоор дамжуулан олон нийтэд урлаг, уран сайхны мэдрэмжийг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн монгол судлалд зохистой байр суурьт хүрэхийг чухалчилж ирлээ. Одоо манай хамт олон ахмад судлаачдынхаа үйл хэргийг залгамжлан монгол хэл, утга зохиол судлалыг олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэлд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Хэл зохиолын хүрээлэн нь дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай тодорхой төсөл хэрэгжүүлэн ажиллахын хамт судалгааны ажлын завсрын болон эцсийн үр дүнгээр хурал семинар хийх зэрэг олон хэлбэрээр шинжлэх ухааны эргэлтэнд оруулж ирэв. Одоогийн байдлаар манай хүрээлэнд хэл шинжлэл, утга зохиол, төвд судлал, алтай хэлнүүдийн харьцааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор доор дурьдсан чиглэлээр таван төсөл хэрэгжүүлж байна. Үүнд:

  • “Монгол хэлний үгийн бүтэц, үгсийн сангийн судалгаа” (Төслийн эрдэм шинжилгээний удирдагч академич Д.Төмөртогоо),
  • “Төрөл хэлний жишсэн судалгаа” (Төслийн эрдэм шинжилгээний удирдагч академич Л.Болд)
  • “Орос Монгол дэлгэрэнгүй их толь бичиг, нэр томьёо судлал” (Төслийн эрдэм шинжилгээний удирдагч доктор Sc.D О.Адьяа),
  • “Монгол орны аман болон утга зохиолын судалгаа” (Төслийн эрдэм шинжилгээний удирдагч доктор Sc.D С.Байгалсайхан),
  • “Төвд Монгол эх бичиг, сурвалж бичгийн харьцуулсан судалгаа” (Төслийн эрдэм шинжилгээний удирдагч доктор Ph.D Э.Пүрэвжав)
  • Хэл зохиолын хүрээлэн нь дээрх чиглэлийн хүрээнд та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа ба хэл шинжлэл, утга зохиол судлалын төв байгууллага байж, дэлхийн монгол судлалд тэргүүлэгч байна гэдэгт итгэлтэй байна.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд

Зохиолчтой холбоотой номнууд (0)