Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Зохиолчийн дэлгэрэнгүй мэдээлэл

Александр Дюма

Александр Дюма нь 1802 оны 7-р сарын 24-нд төрсөн францын алдарт зохиолч юм. Түүний зохиосон "Монте Кристо гүн", "Шадар гурван цэрэг", "Хорин жилийн дараа" болон "Арван жилийн дараа" зэрэг түүхэн хүүрнэлт зохиолууд нь маш алдартай билээ. Мөн тэрээр жүжгийн зохиол, эссе бичдэг сэтгүүлч нэгэн байв.

Александр Дюма Францын хойд хэсгээр урсгалтай алдарт Эна голын дагуух нутгийн Вилле-Котре гэх газарт цэргийн офицер Томас-Александр Дюмагийн гэр бүлд мэндэлжээ. Түүний эмээ нь африк гаралтай өнгөт арьст эмэгтэй байв.

Авъяас билгийг нь бишрэн шүтэгч анд нөхөд, атаархан хорсогч дайсан этгээддээ хүртэл "Их Александр" гэж хүндлэгдсэн энэ хүн бүх л амьдралаа уран зохиолд харамгүй зориулжээ. Александр Дюмаг түүний хүү, ижил нэрт жүжгийн зохиолч Дюмагаас ялгахын тулд мөн "Эцэг Дюма" гэж нэрлэх болсон бөгөөд романтизмын үзлийг нийтэд ойлгогдох хачин хялбараар илэрхийлж чадсан тул уншигч олны дунд ихээхэн нэр хүнд олжээ.

Дюма эцгийгээ нас барсны дараа арав хүрээгүй насандаа Парист бичиг үсэг заалган сурч, хар бор ажил хийж яваад арван найман настайдаа "Гамлетыг" үзэж Шекспир, театр хоёртой зэрэг танилцахдаа "Би сохор байснаа нүд орлоо" гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичээд уран зохиолын үйл ажиллагааг амьдралынхаа зам болгон сонгосон гэдэг. Дюма урьд нь нэлээд бүтээл туурвисан ч 1829 онд "III Гэнрих ба түүний өргөө" гэдэг жүжиг нь театрын тайзнаас тавигдаж, сая түүнд нэр алдар авчирчээ.

Дюма 1840-өөд оноос роман бичиж эхлээд 1844 онд "Монте Кристо гүн", "Шадар гурван цэрэг" гэдэг хоёр алдарт роман нь хэвлэгдсэнээр Европ даяар түүний нэрийг таних болсон юм. Энэ үеэс тэрбээр ихээхэн баяжиж Сен-Жерменд хувийн шилтгээн бариулан сууж, өдөрт 12-15 цаг ажиллаж бүтээлээ туурвих болжээ. Түүний бүтээлүүдийн сүүлч нь бичигдэж дуусаагүй байхад нь түрүүч нь дэлхий дахинд цаг мөч тутамд тархаж, нэр алдрын "боол" болж байсанд зарим нэгэн атаат сэтгэл өвөрлөгчид "романы үйлдвэр" гэж түүнийг нэрлээд, зохиол бүтээл нь ганц түүний хөдөлмөрөөр бий болдоггүй, тусалдаг хүмүүс олон байдаг гэсэн цуу яриа дэгдээснээс "роман зохиолын үйлдвэр" гэдэг хоч нь харин ч эсрэг утга илэрхийлж түүний нэрийг улам алдаршуулж байв.

Дюма амьдарч, аж төрж агсан үеийнхээ гол үйл явдлуудын гүнд байж, 1830, 1848 оны хувсгалд оролцож явжээ. "Ноён Дюма, та зохиолынхоо сэдэв, санааг хаанаас олдог вэ?" хэмээн түүнээс асуухад "Би өөрөө хаана л явна, тэр газраасаа олдог" гэж хариулжээ. Тиймээс ч түүний бүтээсэн баатрууд олон үеийн уншигчдын санаанд түүхэн бодот хүмүүс шиг мөнхөд үлддэг аж. Францын зохиолч эмэгтэй Жорж Санд "Дюмагийн романууд биеийн дотоод болоод сэтгэлийн ядрааг арилгахад ямар ч эмнээс илүү хүчтэй" гэж бичсэн байдаг.

Дюма нийтдээ 1200 шахам ном зохиол өөрийн нэрээр хэвлэн гаргасан бөгөөд эдгээрээс олсон хөрөнгө мөнгөө хуримтлуулж чадалгүй, голдуу ашиг муутай ажил хэрэгт зарцуулсаар эцэст нь өөрийн бахархал болсон "Монте Кристо" шилтгээн ордоо хүртэл зарахад хүрч туйлын ядуугаар нас баржээ.

Зохиолчтой холбоотой номнууд (11)