Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үнэгүй ном
Номын нэр: Монгол хэлний сувд эрих нэрт ховор үгийн толь
Зохиогч: Шинжлэх ухааны академи хэл зохиолын хүрээлэн 
Хэвлэгдсэн он: 1992
Хэл: Монгол
ISBN код:
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 0₮
Номын товч

Монголчууд толь бичиг зохиох арвин уламжлалтай. “Хорин нэгтийн тайлбар толь” хэмээн олны дунд алдаршсан 21 дэвтэр их тайлбар толийг 1708- 1717 оны хооронд зохиосон юм. Түүнээс хойш “Гучин зургаат тайлбар толь”, Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” зэрэг тайлбар толиуд удаа дараа зохиогдсон билээ. Бид монгол хэлний тайлбар толь зохиож ирсэн баялаг уламжлалд тулгуурлан, өнөөгийн олонхи монгол хүн утга учрыг нь мэдэхгүй болж хуучирсан, ховор хэрэглэгддэг 4500 орчим үг, хэллэгийг хуучны толь бичиг, ном судруудаас түүвэрлэн авч энэхүү жижиг толь бичгийг зохион эрхэм уншигч танд өргөн барьж байна. Монгол үсэг бичгээ сэргээн хэрэглэх, эрдэмт өвөг дээдсийнхээ бүтээн туурвисан ном судраа уншин судлах, үндэснийхээ соёл, зан заншлыг дээдлэх, улс орноо сэргээн мандуулах зорилт тавьж байгаа өнөө үед толь бичиг манай төрөл бүрийн мэргэжлийн сэхээтэн, эрдэмтэн судлаачид, багш нар. сэтгүүлч, зохиолчдод болон түүх, соёл, монгол хэл бичгээ сонирхон хуучин ном зохиол унших хүн бүхний оюуны санд дусал төдий нэмэр болбол бидний зорилго бүтэх нь тэр. Уг толь бичигт бие даасан үгийг толгой болгон авахын зэрэгцээ одоо хэрэглэгдэхээ больсон боловч түүхэн ном зохиолд олонтоо тохиолддог хэллэгүүдийг нэгэн адил толгой үг болгон оруулсан маань толийн зорилготой холбоотой бөгөөд хуучин толь бичгийн уламжлалыг ч давхар харгалзсан хэрэг болно. Толгой үг бүрийн ард монгол бичгээр яаж бичдэгийг нь хавсаргав. Тэгэхдээ хуучин толь бичиг, ном зохиолд ямар байгаагаар нь авсан бөгөөд зөв бичих зүйн хувьд журамлахыг бодоогүй билээ. Мөн одоогийн бид мэдэхгүй болсон зарим үгийн тайлбарыг хийхдээ уламжлалт толь бичгийн тайлбарыг байгаа хэвээр нь авсан тул ойлгомж муутай болсон тал байж болно. Энэ нь тэр үгийг тухайн үеийн хүмүүс яаж ойлгож байсныг шууд үзүүлж байгаагаараа өнөөгийн бид засварлаж тайлбарласнаас илүү ач холбогдолтой ч байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ тольд орсон үгс нь монголчуудын түүхийн аль нэгэн үед албан хэрэг, ном сударт идэвхтэй хэрэглэгдэж, монгол хэлний тайлбар толиудад орсон үг байгаа бөгөөд гарлын хувьд харилцан адилгүй болохыг зориуд тэмдэглэе. Өнөөгийн бидний өдөр тутам хэрэглэж байгаа үгсийн дунд ч харь үг цөөнгүй байгаа бөгөөд тэднийг бид монгол хэлний үг биш хэмээн үгсийн сан, толь бичгээсээ хасдаггүй билээ. Тэдний нэлээд нь түүхийн нэгэн цагт хуучирч ховор үгийн тоонд орох нь хэлний хөгжлийн нэг жам билээ. Толийн талаарх санал бодлоо ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ирүүлж бидний цаашдын ажилд туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна.