Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Онч үг I
Зохиогч: Хөгжлийн танхим ТББ 
Эрхлэн гаргасан: Хөгжлийн танхим ТББ
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: NaN
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Одоогоос яг арван жилийн өмнө дунд сургуулийн сурагч байхад минь Харвардын их сургуулийг төгсөөд ирсэн Цахиагийн Элбэгдорж гуай “Нүүх үү, үлдэх үү?” гэсэн цуврал илтгэл тавьж, хөгшин залуугүй хошуурч байлаа. Бидний хэсэг хүүхэд ч хоцролгүй МУИС-ийн дугуй танхимд багштайгаа очиж, шатан дээр нь суун илтгэлийг нь сонсож билээ.

Тэр үеэс үгийн урлагийн тухай шимтэн сонирхож, цуглуулах болсон юм. Та бүхнээ толилуулж буй энэхүү номыг хэвлүүлэх санааг ч тэр үед “олж” авсан юм. Монголын билиг танхай хүмүүсийн хэлсэн онч мэргэн үгсийг чадах ядахаараа тэмдэглэн авахын сацуу Цахиагийн Элбэгдорж гуайн үгсэд илүү татагдаж улмаар дангаар нь хүмүүст хүргэхээр шийдсэн.

Түүний үгийг сайн, муу гэж үнэлэн дүгнэх эсвэл магтан сайшаахыг зориогүй. Харин 1989 оноос өдийг хүртэл сүүлийн хорь гаруй жилийн турш монголын нийгэмд өөрийн гэсэн мөртэй, өнгөтэй, түүхтэй явж ирсэн, одоо ч үйл хэрэг нь үргэлжилж байгаа улс төрчийн онцлох үгсийг залуус бид судлах нь сургамжтай санагдсан юм.

Хүмүүс ажил, амьдралд хэрэгтэй чухал санаа олох гэж ном уншдаг. Ихэвчлэн нэг номоос нэг сайн санаа, нэг сайн сургамж, нэг тодорхой ухаарал авч үлддэг. Харин бидний чармайн байж эмхэтгэсэн эл ном залуу хүн танд зуун сайн номоос олж болох санааг өгч магадгүй. Ардчиллын үнэт зүйлсийн тухай, эх орон, хүний эрх, эрх чөлөө, мөн хүний амьдралын тулгамдсан асуудлууд, шийдлийн тухай олон сайхан сургамж өгөөсэй хэмээн хүснэм.

Номыг эмхэтгэхдээ нэгдүгээр бүлэгт нь Цахиагийн Элбэгдорж гуайн 1989 оноос эхлэн өнөөг хүртэл хэлсэн үгсээс хамгийн чухал хэмээн үзсэнийгээ “Шилмэл” бүлэг болгон үсгийн дарааллаар орууллаа.

Хоёрдугаар бүлэгт түүний хэлсэн үгсийг он дарааллаар нь арай дэлгэрэнгүй байдлаар толилууллаа. Ингэхдээ өмнөх бүлэгт орсон шилмэл үгс чухам ямар нөхцөлд, ямар уур амьсгалд хэлэгдсэнийг нь тодотгох үүднээс бүлэг, санаагаар нь ангилсан юм.

Хэлсэн үгсийг түүвэрлэхдээ бид Цахиагийн Элбэгдорж гуайн 1989 оноос 1999 онд хэлсэн үг, ярилцлага, нийтлэлийн “Үнэний мөр цагаан” номоос, 1999-2009 оныхыг өдөр тутмын сонинуудаас шүүж, 2009 оноос хойшхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудас www.president.mn-ийн архиваас болон Ерөнхийлөгчийн өөрийнх нь хөтөлдөг @elbegdorj твиттер (twitter) хаяг, албан ёсных нь фэйсбүүк (facebook) хаягаас авсан болно.

Мөн энд ашигласан гэрэл зургуудыг түүний цахим гэрэл зургийн сан “фликр” (flickr) сайтаас сонгож авсан болно.

Үг бол хэрхэн сэтгэж буйн тусгал. Тэрхүү тусгал үйл хэрэг болж, өрнөн дэлгэрч биеллээ олох нь үгийн үнэ цэнийг тодорхойлдог. Өнөөдөр бидний хэсэг залуусын олон жилийн турш эрлийн богцоо дүүргэж ирсэн эрхэм үгс нэгэн ном болж танд хүрч байна. Номын олзоос илүү сайн олз гэж юу сан билээ. “Олзыг олуулаа” гэдэг үгээр номоо эхлүүллээ.

Оюутан залуус, судлаачид гээд ер нь энэ номыг уншигч хүн бүрт олз дүүрэн байхыг ерөөе.

Ижил төстэй номнууд (174)
1