Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сурах бичиг, гарын авлага
Номын нэр: Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй
Зохиогч: Пүрэв-Очир.Б 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Миний бие 1974 оноос УБДС–ийн Монгол хэлний тэнхимд багшилснаар орчин цагийн монгол хэлийг заах, судлан шинжлэх ажил, түүний дотроос “Монгол хэлний өгүүлбэрзүй”–тэй ажил амьдралаа холбож билээ. Тэр цагаас хойш бараг 30 намар оюутан цуглахыг угтаж, мөн 30 хаврын төгсөлтийн мөнгөн хонхон дууг үдэж, УБИС–ийн Төв байрны гуравдугаар давхарт 30-аад жилийн хөдөлмөрийн маань он жилүүд “Өгүүлбэрзүй”–тэй хамт өнгөрчээ.

Энэ завсар орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүйн онол, дадлагын олон зуун цагийн хичээл сургалтын ажлыг дотоод, гадаадын их, дээд сургуулийн оюутан, магистрант, докторант, монгол хэлний мэргэжилтэн багш нарт заасны зэрэгцээ монгол хэлний өгүүлбэрзүйн төвийн болоод захын тогтолцооны онол, практик, аргазүйн цөөн бус асуудлыг судлан боловсруулж, монгол судлалын далайд дусал нэмэр болгохыг чармайж, нэгэн үзүүрт сэтгэлтэй явж ирэв. Үүний зарим нэг баримт бол монгол хэлний өгүүлбэрзүйн үндсэн асуудал, нэгжүүд, тэдгээрийн бүтэц, тогтолцоо, хэв шинж, ангилалзүй, утга, үүрэг, хэрэглээ, заах аргазүйг тусгайлан судалсан 10 орчим ном, сурах бичиг, 50 орчим онол, аргазүйн өгүүллийг нийтлүүлсэн явдал юм

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлнийхээ “өгүүлбэрийн сан”–г уудалж, “үг, нөхцөлийн сүлжээ”–г тайлан судлахдаа бид, хэлшинжлэлийн онолыг ойшоож, хэлний баримтад шүтэн, хэл судлах аргыг эрхэмлэж, монгол хэлний өөрийнх нь “гол судас” болсон дотоод бүтэц, хуульзүй, түгээмэл зүй тогтол, өвөрмөц хэв шинж, утга, үүргийг судлан шинжлэхийг гол зорилгоо хэмээн үзэж, чадан ядан оролдож, бага сага зүйл бичиж нийтлүүлснийхээ бас нэг үр дүн болгож, 1997 он буюу Олон улсын монголч эрдэмтний 7–р их хурлын жилд “Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй” (Монгол хэлний өгүүлбэрзүйн үндсэн асуудал, нэгжүүдийн бүтэц, тогтолцоо. УБ.,1997, 359 х., ред., дэд др. Ж.Бат–Ирээдүй) гэсэн тэргүүн дэвтэр бүрэн хэмжээний эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлэн, их, дээд сургуулийн хэлний ангийн оюутан, магистрант, докторант, монгол хэлний багш нар, хэл судлаач эрдэмтдийн гарт хүргэсэн билээ. 

“Монгол хэлний өгүүлбэрзүй” (1997) тэргүүн дэвтэрт бид, монгол хэлний өгүүлбэрзүйн өвөрмөц сонин системийг нээж, өгүүлбэрзүйг бүхэлд нь нэлээд шинэлэг санаа, өвөрмөц аргаар бичихийг оролдсон. Ингэхдээ монгол хэлний өгүүлбэрзүйн нэгжүүдийг бага ангиас их анги руу нь шатлан ахиулж, доод төвшний нэгжээс нь дээд төвшний нэгж рүү нь залгуулан холбож, агуулга, хэлбэр, утга, үүрэг, бүтэц, хэв шинж, хэрэглээнийх нь талаас, утгазохиолын хэлний төрөл бүрийн найруулгын баялаг баримтад түшиглэн, цогцолбор судлахыг оролдсон юм. Tухайлбал, монгол хэлний өгүүлбэрт үг холбох ёсноос гишүүдийг холбох ёс, улмаар нийлмэл өгүүлбэрийг холбох, дотоод ба гадаад холбох арга, хэрэглүүрийн тогтолцоо, утга, үүргийг хүртэлх; үг ба нөхцөлийн хослол буюу “өгүүлбэрзүйн үг”–ээс холбоо үг, хоршоо үг, энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэр, тэрчлэн хөндлөнгийн оруулбар өгүүлбэрийн бүтэц, хэв шинжийг хүртэлх; мөн хэлбэржсэн үгийн өгүүлбэрзүйгээс хэлцийн өгүүлбэрзүй, шууд бус нэрлэлтийн өгүүлбэр хүртэлх; бүтэц бус өгүүлбэрээс бүтэц өгүүлбэр, түүний хэв шинж ангилалзүй, хувиргал, утга, үүрэг хүртэлх; хэлбэр хэлзүйн гол ба гол бус гишүүдээс хэлэхүйн буюу мэдээллийн гишүүлбэр–онцолбор ба дэвсвэр, түүнийг илрүүлэх аргыг хүртэлх; энгийн өгүүлбэрийн бүтэц, хэв шинж, ангилалаас нийлмэл өгүүлбэрийн бүтэц, хэв шинж, холбох арга, утгын холбоо харьцаа хүртэлх монгол хэлний өгүүлбэрзүйн төвийн тогтолцооны, харьцангуй нэлээд өргөн хүрээтэй олон чухаг сэдвийг тусгайлан судалж, хэл, хэлэхүйн талаас нь цогц авч үзээд, монгол хэлний “гишүүнд шүтсэн” буюу “өгүүлбэрийн гишүүн төвтэй өгүүлбэрзүй”–г “холбох ёс төвтэй”, “нэрлэх, харилцах, мэдээлэх үүрэг”–ийг хам ба цуваа цагийн үүднээс цогцолбор үзэхийг бодолцон тийм “өгүүлбэрзүй” бичихийг оролдсон болно. Бид “өгүүлбэрзүйн” тэргүүн дэвтрийг ерөнхий бүтэц, агуулгаар нь “эх”–д хүргээд л орхисон. Өөрөөр хэлбэл, өгүүлбэрзүйг “эх” (текст)–тэй холбох тэр заагт нь хүргээд, дараагийн дэвтрийг эл асуудалд чиглүүлэхээр бодож тооцсон билээ. Харин энд жич тэмдэглэхэд, “Монгол хэлний өгүүлбэрзүйн 99 дасгал” (1996), “Монгол хэлний өгүүлбэрзүйн 100 дасгал” (1996) гэсэн онол, дадлага, аргазүйн хоёр жижиг дэвтрийг зэрэгцүүлэн хэвлүүлж, оюутан, багш нарын гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүн болгосон нь “Онолын өгүүлбэрзүй”–н нөгөө нэг тал нь болж, өгүүлбэрзүйн онол, дадлага, хэрэглээг ойртуулах гэсэн бас нэгэн оролдлого байлаа.

Ижил төстэй номнууд (31)
1