Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сурах бичиг, гарын авлага
Номын нэр: Судалбар эсээнүүд
Зохиогч: Пүрэв-Очир.Б 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

По багш дахиад л нэгэн шинэ ном бүтээжээ. Нэр нь “СУДАЛБАР ЭСЭЭНҮҮД”. Хэд дэх боть нь юм бол доо. Долоо дахь ботид нь 2009 онд өмнөтгөл бичсэн сэн. Хоёр жил ч өнгөрөөгүй байнам. Хэмжээ дамжааны хувьд өмнөхөөсөө ер дутахааргүй шинэ ном аж. Чанар чансаа, уншуур амт, утга-соёл хэрэглээний ач холбогдол, шинжлэх ухаанч өгөгдөл, сэтгэл татах эрчисээрээ цоо шинэ 20 гаруй эсээ оржээ. Чухам л эсээ бичлэгт монгол донж төрх бүрдүүлж, том туршлага болжээ.

Үг хэллэгийн утга, уг гарвал,өнгө аяс, эрчим долгионд уншигч би-вээр нэгэн үед автагдан сэрж, нөгөө үе сэрэн автагдаж, монгол хүн болж төрснийхөө ид бахыг эдэллээ. Эсээ бүрээс нь Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлшинжлэлийн Шинжлэх Ухааны доктор, профессор Бямбажавын ПҮРЭВ-ОЧИРЫН ухаан болоод авьяас, урлан бүтээх нөр их хөдөлмөрийн үнэ цэн нь алтны судал мэт гялтганан мэдрэгдэх ажээ. Бас судалгаа тал руугаа сүрхий нарийссан “А.С.Пушкиний “Телега жизни” хийгээд “Ямшик...”, “Сэгс цагаан богд” уу, аль эсвэл, “Сэгсэг цагаан богд уу”, “Огцруулах уу”, эсвэл “огзруулах уу”, “Нинжин сэтгэл...”, “Дархлаажсан –д дагавар” зэрэг “эсээ” байгааг анхааруулан дурдахад илүүдэхгүй биз ээ! Үг-утга бүхэн үнэ цэнтэй гэдэг.

Равжаа Хутагттай “...хүслийн таван эрдэм,тухайлбал дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүй...” таван эрдмээр жишээ болгож, гоо бүсгүйг магтсан “Үлэмжийн чанар” хэмээх гайхамшигт шүлэг дууллыг сонгон авч, тэгээд л эрдэмтэн-зохиолч Цэндийн Дамдинсүрэн абугайн “Ертөнцийн чимэг” шүлгийг “Үлэмжийн чанар”-тай харьцуулан, “...дүрс ба утгын чимэг зохиомж донж, хэлбэр ба утгын найруулгаар нь харьцуулбал тун сонин юм ажиглагдах”-ыг мэдэрч, зохиомж туурвилзүйн адил зүйлс хэд хэд байгаа боловч бас зарим ялгаатай тал байгааг задлан шинжилжээ. Ийнхүү эсээ бүрт нь уншигч өөрөө амьдран сэрж, харин эсээ нь уншигчаар дамжин оршин байхын утга учир нь зохиогчийн авьяасын царааг илэрхийлнэм буюу. Өвөр зуураа 100 жилийн зайтай гарсан өвөрмөц энэ хоёр дууллыг урд хожид ийм ойлгомжтой, баялаг хэрэглэгдэхүүнтэй хэн ч задлаагүй, судлаагүй байх аа. Хутагтын мэндэлсний 210 жилийн ойн өмнөхөн сайхан судалгаа хийж дээ,,, По багш, Ганболд доктор хоёр. Шавь нартайгаа хамтран, тэднийг өдөж сэрээж юм хийсэн нь олон шавьтай хүнд чухаг зүйл болно доо.

Энэ мэт номын ид шидэд түмэнтээ автаж, мянгантаа бишрэв. Нүүдэлчний соёл сэтгэлгээт монгол зохиолчид өнгийн мэдрэмж, өнгийн бэлгэдэл, өнгөөр илэрхийлсэн чимэг тодотгол, өнгийн дүрслэл зэргээрээ бие биеэсээ эрс ялгаатай аж. Нацагдоржийг 8 хоршоогоор нь шинжилсэн шинжилгээ давташгүй сонин шинэ болж дээ. Тухайлбал, их зохиолч Д.Нацагдорж гэрэл гэгээнд дуртай, дөрвөн улирлын өнгөөр гэрэлтсэн “хас эрдэнийн найрагч” аж. Тэр бас хоршоо үгийн найруулгаар урлахуйн эрдэмд гаргууд байж. Ойрхноос хэлэхэд л, Нацагдоржийн найруулга дахь “9 хас”-ыг тайлсан, “цог заль”, “жирэв журав”, “энхэл донхол”, “суйлдаг сугалдаг”, “зүүд зэргэлээ”, “дутуу солиг”, “хархираа хүрхрээ”, “сэхийлцэн сахайлцан”, “харан анин~ анин харан” тэргүүтний найруулгын үүрэг, хэрэглээний талыг нээсэн судалбар давтагдашгүй болсон. Энэ мэтү эсээ бүртээ эрдэмтэн-багш шинэ сониныг нээн өгүүлсэн ажу. Харин энд “ПОСӨБ”-ийн таван доктор”-ыг эсээ гэхээсээ илүү, “хөрөг нийтлэл” гэмээр санагдав. Иймээс…

Ванлий гэж нэг үг бий сэн... Энэ үгийг хөөвөл чухам ямар утга чанарт нэвтэрч очих бол? “Шарваар” гэдэг үгийн уг гарвалыг хөөсөн аян зам нь биднийг перс, иран, афган, украйн, польш, орос, белорусь, болгар, серби-хорват, чех, словак хэлний харгуйгаар зорчуулав. Үг ч бас өөрийнхөө түүхийг бүтээдэг амой. Энд ч бас “ванлий” гэдэг үг зүгээр ч нэг дурдагдсангүй. Зохисон гэдэг нь ванлий гэж монголчууд дуулдаг. Чухам ёстой “Үгийг найруулна гэгч үйлдэхүйеэ бэрх үзэсгэлэнт чимэг мөн, утгыг найруулна гэгч уйдал үгүй анхааран авахын ёсон мөн” гэсэн үгийн бодит нотолгоо нь ПО. багштаны “СУДАЛБАР ЭСЭЭНҮҮД” болжээ. Ай, мөн ч ванлий эсээнүүд болж дээ. “Аргалчин ээжийн бичээч хөвгүүд, аргалын цэнхэр галыг тойроод-1, 2” гээд л урд өмнө хэн ч бичээгүй эсээнүүд…, олон зохиолчийг баярлуулж, олон ээжийн ачийг хариулах биз ээ!

Ой санамж гэдэг бол чухамдаа үгээр бүтээсэн дурсамж юм. Үгээр бүтээсэн дурсамж л үүрд мөнх үлддэг. “Ногоон морь” унасан зээхүү цагаан Маргадтай нааданхан, “хүүхэд нас”-андаа эргэж очив л. Аавын үнэр ханхийж, “хөөрхий, зайлуул ижий минь...” гар илбэв шүү. “Нарийны гол”-ынхоо усанд хөх “хомоол” уралдуулж, “сарлагийн бухын дунгуй” таарахад баярланхан шээзгийгээ дүүргэж явсан “аргалчин” үеэ дурсвай. Оюутан цагийн шаргал намар сэтгэлийн дэлгэцнээ тодорхуй дор “Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно.” Ийнхүү “Судалбар эсээнүүд”-ийг уншиж байгаа биш, харин эсээнүүдээр дамжуулан өөрийгөө ахин дахин нээнэм буюу, та бид.

Чи ямар байна, найруулга чинь бас тийм байдаг ёс бий. Энэ бол нотлогдсон үнэн. “Судалбар эсээнүүд” нь эрдэмтнийхээ судалгаа шинжилгээ, туурвилзүйн онцлог, холбон найруулах уран чадвар, аргалын гал мэт торгомсог нэхээс, дагнаас, шаглаас, үнэ цэнтэй баримт цуглуулан дүгнэж, задлан шинжлэх ур дүй, сэтгэлгээний царааг илтгэн харуулах аж.

Ийнхүү эсээ бүрээс нь нээлтийн гэгээ цацармой. Тэр нь По багшийн өөрийнх нь төрөлх бүтээлч, шинийг эрэлхийлэгч чанартай нь холбоотой юм. Тэрбээр, бүтээл туурвилаа цаг ямагт шинийн гэрэл гэгээ, олз омгоор баяжуулж байдаг. Гэтэл бусад судлаач, шүүмжлэгчид аль эртний олж авсан баримтаа насан туршаа хэрэглэдэг, эл дол болтол нь, нурууг нь элэгдтэл ашигладаг. Хэрэглэгдэхүүнээ сольдоггүй. Гэтэл профессор Б.Пүрэв-Очир болбоос танихуйн, тайлалзүйн, хэл-соёлын, нийгэм-цаг үеийн, уламжлал шинэчлэлийн хэлний хөгжил хандлагын цогц судалгааг тасралтгүй хийдэг, шинэ ном бүрийг уншдаг, уншаад зогсохгүй судалгааны ажилдаа түүхий эд болгон ашигладаг, хэрэгдэгдэхүүн болгодог нь бусдаас ялгарна даа.

Расул Гамзатов найрагч, нэгэнтээ, шинэ номын илүүц өмнөтгөл үг нь, папах малгайтай хүн, үзэж буй киноны минь дэлгэцийг халхлан суух мэт уйтгар төрүүлнэ гэж айлдсан нь бий. Миний энэ өмнөтгөл ч “папах малгайтай хүн” мэт бүү байгаасай билээ. Тийм болохлоор догдлол тэмүүллээ дарж, үгээ хумих минь. “СУДАЛБАР ЭСЭЭНҮҮД” уншигч таны ээл халуун алганаа дэлгэгдэж, сэтгэлд тань гэрэл гэгээ сацраах мөч хэзээ ямагт хамгийн гайхамшигт агшин байх болно. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Ижил төстэй номнууд (31)
1