Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн танин мэдэхүй
Номын нэр: Хүүхдийн хүмүүжлийг зургаар
Зохиогч: Эмпати-Ертөнц ХХК 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Хүндэт нөхөд өө; Бидний амьдралд мөрдөх ёстой олон дүрэм журам, мэдэх шаардлагатай ажил, явах хэрэгтэй газар, төлөх ёстой төлөөс... гээд "зайлшгүй" гэсэн тодотголтой олон зүйл байдаг. Эдгээр нь бидэнд багагүй дарамт учруулах нь бий. Тийм ээ, энэ үнэн боловч хэчнээн зав чөлөөгүй байсан ч хийх дэмий зүйл заавал олж чаддаг нь бидний нэг "мундаг" чадвар гэлтэй. Харин бидний амьдралд юу хамгийн чухал вэ гэдгийг залуу байхдаа мэдчихвэл дэмий зүйлд зарцуулж байгаа цаг хугацаа хүч хөдөлмөрөө насныхаа эцэст харамсаж халаглахгүй сайхан зүйлд зарцуулахын тулд одооноос хичээх болно шүү дээ. Эцэг эхчүүд бид хувийн харьцаа, гэр бүлийн амьдралаа тэнцвэртэй байлгах шаардлагатай. Хүүхэд бол хүн болгонд заяадаг эрдэнэ биш, бас маш хурдан өсч том болдог гэдгийг мартаж болохгүй. Би олон аав ээжтэй уулзаж ярилцаж тэдний зовлон жаргалыг сонсож байсан. Гадаад дотоодын сургалт семинаруудад маань ч ирдэг олон эцэг эхчүүдтэй ч уулзаж ярилцаж байлаа. Бүгдээрээ л хүүхдийнхээ төлөө ямар нэг юм хийх асар их хүсэл сонирхолтой хүмүүс байсан бөгөөд мэдээж бүгд хүүхдүүддээ хязгааргүй хайртай байсан нь ойлгомжтой. Гэтэл хүүхдээ зөв хүмүүжүүлэхийг тэгж их хүсч байгаа, тэдний төлөө чадах бүхнээ хийсэн, хийх ч хүсэлтэй эцэг эхчүүд маань "Яагаад хүүхдүүд маань бидний хүссэн шиг хүмүүжихгүй байна?" гэсэн ганц асуулт асуудаг байлаа. Үүний шалтгаан нь эцэг эхчүүд маань юуг, яагаад, хэзээ, хаана, хэр хэмжээгээр, хэрхэн хийхээ мэдэхгүйд оршиж байсан юм. Мөн үүний зэрэгцээ хуучин буруу харьцаа, зуршлаа засах шаардлагатай байсан юм. Энэ толь бол дээрх бүх асуудлыг шийдэх товч бөгөөд тодорхой ном мөн. Тиймээс ажил ихтэй, хүүхдээ хүмүүжүүлэх зав багатай эцэг эхчүүдэд цагийн дотор уншиж дуусаад ерөнхий ойлголт авч болох, үлдэцтэй энэхүү номыг тусгайлан зориулж байна. Заримдаа арван хуудсаар биш хоёрхон зургаар илэрхийлж болох зүйл ч байдаг шүү дээ. Зарим аав ээжүүд мэддэг чаддагаа хүүхэддээ хэлмээр байгаа ч зав гардаггүй учир "ажлаа цэгцэлчихээд нэг зав гаргаад анхаарал тавина аа" гэж өөрийгөө тайвшруулдаг. Цаг хугацааг сунгаж, зээлдэж, хадгалж, худалдаж авч болдоггүй нь юутай харамсалтай. Гэвч бид тухайн агшнаа зөв ашиглаж болно шүү дээ. Юуны түрүүнд зав гарахыг хүлээж хэрэггүй гэж зөвлөе! Тохиромжтой өдрийг хүлээгээд хэрэггүй гэдгийг ухаарсан үе бол бидний хамгийн тохиромжтой сайн эхлэл юм. Хүндэт эцэг эхчүүд ээ! Хэрэв та гэртээ гэгээлэг өөдрөг сайхан зүйл хийхийг хүсвэл хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөж тэдэнтэй хамт ямар нэг зүйл хийгээрэй. Тохиромжтой цагийг хүлээлгүй одоо ч эхэлж болно шүү. Та эхлээд өөрийн зарим буруу зан ааш, хандлагаа хүлээн зөвшөөрөхгүй бол үүнийгээ засч чадахгүй.

"Миний хүүхэд хэзээ өөрчлөгдөх бол?" гэсэн асуултын хариу нь "Бид өөрчлөгдсөн үед" юм. Тэд бол хүүхэд, насанд хүрээгүй төлөвшөөгүй хүмүүс. Хүүхэд бол хүүхдээрээ байдаг, тэднээс том хүн шиг "сүрхий" байхыг шаардаад ямар ч нэмэргүй. Харин ч хортой. Айл бүр ялгаатай байдаг. Гэвч ихэнх айлуудад төстэй "зовлон" нэлээд байдаг. Би номондоо яг л энэ зовлонгуудыг хөндөхийг хичээлээ. Учир нь номоо гаргахаасаа өмнө нэлээд олон гэр бүлд үзүүлэхэд бүгд "Яг манай гэрийн байдлыг дүрсэлсэн байна." гэцгээж байсан. Аз жаргалтай, зөв гэр бүл ганц өдрийн дотор бий болчихгүй. Бий болгохын тулд итгэл, хүсэлтэй байж зав гаргаж, аятайхан аашилж, ирээдүйгээ тооцоолох хэрэгтэй. Хүүхдээ өөрийн хүссэн шигээ болгохын тулд нэлээд тэвчээр заах хэрэг гарна. Алгуурхан яваандаа хэлбэржихийг нь хүлээ. Яарсны хэрэггүй. Хүүхэд өдөрт 3 цаг зурагт үзэж 5 минут аавтайгаа ярилцдаг бол аавынхаа сургаснаар биш зурагтын сургаснаар хүмүүжих болно. Хүүхдийнхээ замыг гэрэлтүүлэх гэрэл нь болж өг. Өөрийн дадлага туршлагаасаа хуваалц, ярилц. Урт хугацаа зарцуулах ч үүнээс өөр зам байхгүй шүү дээ. Яваандаа бүх юм маш сайхан болно. Хүүхэд хичээлээс ирэхдээ 93 оноо авсан гэж баярлан хэлэхэд нь "Яагаад 7 оноо алдсан?, Ангидаа хэдэд орсон?" гэх мэт асуулт эргэж тавих,эсвэл "Чи тэгж их хичээл давтсан юм чинь ийм сайн оноо авалгүй яахав! Эсвэл ээж/аав нь онц авдаг болохоор чинь чамайг хайрладаг юм биш шүү дээ. Муу дүн авсан бол жаахан сэтгэл гонсойх байсан ч чамайг хайрлах бидний хайр багасахгүй шүү дээ. Чи бол бидний хүүхэд учраас бид чамд хайртай." гэж хэлэх хоёрын хооронд таны төсөөлж ч чадахааргүй асар их ялгаа байдаг. Таны хүүхэд онц авсан ч, муу авсан ч, тарган туранхай аль нь байсан ч үргэлж өөрт нь хайртай гэдгийг мэдрүүлээрэй. Тэднийг хайрлах бидний хайр гаргасан амжилт, хийсэн ажил дээр тулгуурлах ёсгүй. Та хүүхэдтэйгээ ямар нэгэн зүйл хамт хийе гэж бодож байвал хамтдаа хоол хийхийг зөвлөе! Аль болох хамт хооллохыг хичээ. Хүүхдийнхээ хамгийн дуртай нэвтрүүлгийг хамт үзэж яагаад таны хүүхэд дуртай байгааг ойлгохыг хичээ. Хүүхэдтэй хамт байхдаа зөвхөн баясгаж инээлгэж тоглох ёстой гэж бүү бодоорой. Хүүхдийг заримдаа ганцааранг нь орхиж байх хэрэгтэй. Учир нь хүүхэд ганцаараа байхдаа их юм бодож сэтгэж төсөөллийн ертөнцөөрөө аялан бүтээлч сэтгэлгээгээр сонин хачин, уран сайхан зүйлийг сэддэг. Хүүхдийн хувьд төсөөлж, шинэ содон зүйл сэдэх нь хамгийн дуртай хийх зүйл нь ч болж болно шүү дээ. Урмыг үг сонсож өссөн хүүхэд шүүмжлүүлж өссөн хүүхдээс илүү аз жаргалтай, илүү бүтээлч сэтгэлгээтэй болдог.

Бас үгэнд сайн ордог. Хүүхдээсээ шударга байхыг шаарддаг хэрнээ өөрсдөө шударга бус хүмүүс бол өөрсдөө хамгийн хүнд асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хийснийг минь биш, хэлснийг минь хий." гэх нь хэр зэрэг буруу хандлага болохыг та өөрөө тунгаана биз ээ! Та хүүхдийнхээ бүх хэрэгт оролцоод өмнөөс нь шийдвэр гаргаад байх юм бол хүүхэд хариуцлага хүлээх, сонголт хийх чадвартай хүн болж чадна гэж үү? Шилжилтийн насны өөрчлөлт, эв хавгүй хөдөлгөөн энэ тэр бүхнийг зөв даван туулж чадах уу? Хүүхэд бусдаас хэт хамааралтай өсөх юм бол өөртөө итгэлгүй, юмыг үнэлэх чадваргүй, бусдыг даган баясагч болдог. Ийм хүүхдүүд бүх юман дээр эцэг эх амыг харж суудаг хүн болоод насан туршдаа таны нөмөр нөөлгөөс гарч чаддаггүй. Та хүүхдийнхээ асуудлыг шийдэх гэж зовж шаналж мухардаж байхад таны хүүхэд ямар ч оролдлого гаргаж хичээхгүй хээв нэг сууж байх нь танд үнэхээр том зовлон болно шүү. Ингэж их харамсаж зовохын оронд эртнээс бага багаар эхлэх нь хавьгүй дээр. Эцэг эхчүүд алсын хараатай байж үүнийгээ хүүхдээ хэрхэн зөв төлөвшсөн хүн болгож хүмүүжүүлэх тал дээр ашиглах хэрэгтэй. Саад биднийг хөдөлгөөнд оруулж эсвэл хүч оруулж байдаг. Саад бүх амжилтийн үндсийг тавьдаг. Саад бэрхшээлээс хүч чадал, амжилт бүтээл, асар их хүсэл тэмүүлэл төрдөг. Эрхэм ээж аав нар аа! Дээр дурдсан болон түүнтэй төстэй асуудлуудыг шийдэх аргыг энэ номоор та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Таны амьдралын баяр баясгаланд би бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Ингэж чадвал би туйлын их баяртай байх болно. Фатих Калкынч

Ижил төстэй номнууд (33)
1