Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

“Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол

Монгол улсын Үндэсний номын сан нь Дэлхийн музейн өдрийг тохиолдуулан номонд зориулсан дэлхийд цор ганц “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулах гэж байна. Энэхүү гэрэлт хөшөө нь Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар хүндтэй юм. Монголын музейн анхны дарга "Чөтгөр" хэмээх Н.Дэндэв гуай Судар бичгийн хүрээлэнгийн захирал С.Жамъянтай тохиролцооны дагуу "Монгол Данжуур"-т зориулсан хөшөөг 1928 оноос эхлэн 27 жил бүтээсэн байна. Тэрээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сийлбэр хийхдээ гарамгай хүн байжээ. Уг үйл ажиллагааны үеэр нийгэмд эерэг, гэгээлэг мэдээлэл дамжуулах зорилгоор манай номын сангийн фонд болон хувь хүмүүст өгсөн өвөрмөц, сонин содон гарын үсэгтэй номуудаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Аливаа гарын үсэг гэдэг өөртөө олон зүйл агуулдаг. Ном бэлэглэж байгаа хүн тухайн агшинд бодогдсон зүйлээ л бичдэг учир элдэв зохиомол, худал хуурмаг юм байдаггүй. Ийм ч учраас гарын үсэгтэй номууд ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал, онцгой учралын он цагийн гэрч болон үлдсэн байдаг. Үүгээрээ үзэсгэлэн маань онцлог байж, нийгэмд эерэг, гэгээлэг мэдээлэл дамжуулах юм. Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулиудын 10 дугаар ангийн сурагчдын дунд монгол бичгээр зүйр цэцэн үгийг зөв, сайхан бичих аяны хүрээнд шалгарсан 1080 хүүхдийн бүтээл болох “Мянган эрдэнийн судар” номыг Монгол улсын Үндэсний номын санд гардуулсаныг “Үнэт, ховор номын музей”-дээ залах юм. Ёслол: МУҮНС-гийн 1-р давхарт 2016 оны 5-р сарын 18-ны 11.00 цагт болно. Үйл ажиллагааны хөтөлбөр:

• “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол

• 1080 хүүхдийн бүтээлийг “Үнэт, ховор номын музей”-д зална

• “Гарын үсэгтэй номын үзэсгэлэн”-г танилцуулна

• Гарын үсэгтэй ном бэлэглэх, худалдах үйл ажиллагаа

Огноо: 2016-05-17