Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Галдан бошигт хааны өөрийн гараар бичсэн зохиол

Япон улсад бүртгэлтэй Queastiones Mongolorum Disputatae сэтгүүлийн 9-р дугаарыг худалдан авч сонирхон үзвэл олон шинэ соргог өгүүллүүд хэвлэгдсэн байнам. Түүний дотор Ойрадын тод үсгийн дурсгалууд болон Зая бандида Намхайжамцын өвийг судалсан Өвөр Монголын эрдэмтэн Мянгад Эрдэмт авгайн нэн сонирхолтой нэгэн танилцуулга өгүүлэл байна. 2002 онд Хятад ард улсын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Илийн хасаг үндэстний өөртөө засах тойргийн Монголхүрээ хэмээх балгаснаа нутгийн ард Монхордайн Сайнцогоос тод үсгийн нэгэн гар бичмэлийг хуулбар хийж авсан нь Зүүнгарын Галдан бошогт хааны төвдөөр бичсэн зохиолыг хожим монголчлон орчуулсан нэн ховор сонин зүйл байж. Уг сурвалжийн гэрэл зургийг хавсарган хэвлүүлж, тод болон худам үсгээр буулгасныг нь шинэ үсэгт хөрвүүлэн толилуулж байна.IMG_0001IMG_0002

Галдан хааны унал наманчилсан зургаан бармидын их хөлгөний судар оршив

Орчлонгийн наран хамаг бурхадын хураангуй биетэй

Огоот арилсан Очир баригч мөн чанартай

Ондоогүй дээд гурван эрдэнийн үндсэн

Үлэмж ивээгч лам нугуудад бишрэн залбирмой

Гайхамшигтай өглөгийн ач мэдэн буй атал

Харамын төмөр чөдрөөр бат хүлэгдэн

Гаслант бирдэд төрөхүйн үйл үйлдэв би

Гаслантай намайг ивээн соёрх лам минь

Арилсан шагшаабадын ач мэдэн буй атал

Алах хулгайлах тэргүүтнийг үйлдээд тачаангуйн мөрт боогдов би

Амьдаар чанагдагч там нугуудад тогооныг бэлдэв би

Анагасан намайг ивээн соёрх лам минь

Бат хүлцэнгүйн ач мэдэн буй атал

Бадрангуй халуун орны галд түлэгдэн

Балмад асурид төрөхүйн үйл үйлдэв би

Балар намайг ивээн соёрх лам минь

Холч хичээнгүйн ач мэдэн буй атал

Хойно үйлдэе хэмээн залхууд дарагдан

Хортой муу заяатанд төрөхүйн үйл үйлдэв би

Хуурмаг намайг ивээн соёрх лам минь

Тэгш самадийн ач мэдэн буй атал

Тэтгэр муу мунхгийн торд торлогдсон

Тэнэг гайниг амьтанд төрөхүйн үйл үйлдэв би

Тэнэсэн намайг ивээн соёрх лам минь

Үлэмж билигийн ач мэдэн буй атал

Үл мэдэхүйн хүчнээр согтонгорон

Үргэлж муу заяатанд төрөхүйн үйл үйлдэв би

Өнчин намайг ивээн соёрх лам минь

Зургаан бармидын ач мэдэн буй атал

Зовлонтой найман номд шунахайран

Зургаан зүйл зовлонтой амьтанд төрөхүйн үйл үйлдэв би

Зовсон намайг ивээн соёрх лам минь

Харамын эрх ихдсэнээр өглөгийн хөрөнгө хатав

Ханилан жаргая хэмээсээр лам таныг юугаар мартав би

Харанхуй гаслангийн талд хүлэгдсэн хөвүүнээ

Хар хүлээсэн таслан соёр лам минь

Хүлээсний эрх ихдсэнээр шагшаабадын шүтээний үе хугарав

Хүрэм зэ хэмээсээр лам таныг юугаар мартав би

Хөлгүй далайд унасан хөвүүнээ

Хөөрөх мэт татаж аван соёрх лам минь

Омгийн эрх ихдсэнээср хүлцэнгүйн зэмсэг эвдрэв

Одом за хэмээсээр лам таныг юугаар мартав би

Орчлонгийн найман номд шунан барилдсан хөвүүнээ

Огоот арилсан оронд хөтлөн соёрх лам минь

Залхуугийн эрх ихдсэнээр хичээнгүйн ташуур тасрав

Залбиран одъё хэмээсээр лам таныг юугаар мартав би

Засаг ихтэй эрлэгийн цаламд орсон хөвүүнээ

Загасан мэт нигүүлсэхүйн гохоор татаж аван соёрх лам минь

Алгалзахуйн сэтгэлээр самадийн бие түлэгдэв

Ах дүүгийн амтанд орсоор лам минь таныг юугаар мартав би

Алаач махчийн оронд унасан хөвүүнээ

Асрахуй сэтгэлээр удирдан соёрх лам минь

Үл мэдэхүйн хүчнээр билигийн илд мохов

Улам байз хэмээсээр лам таныг юугаар мартав би

Оломгүй далайн ёроорт унасан хөвүүнээ

Удалгүй амгалангийн онгоцоор татаж аван соёр лам минь

Их балгасуудын ёроорт ханган соёрх

Эрхэм дээд ламд сүжиг оршуулан соёрх

Эрдэнэ гурван сургууль мань өргөжүүлэн соёрх

Энэ мэт төр шашин хоёр мань тогтох болтугай

Сарва мангалам

Зүүнгарын Галдан бошогтын ламдаа хилэнцээ даалгаж мөргөсөн зургаан бармидын судар дуусвай. Зүүнгарын өөлдийн Галдамба баатар зургаан бармидаар хилэнцээ гэмшиж наманчилсан судрыг зургаан сумны тэргүүн Хөвөөт цагаан хошууны Чөнжөд гэлэн Чойдон Зуугийн төвдийн хэлнээс монголд орчуулвай. (Шинээр олдсон тод үсгийн “Галдан хааны унал наманчилсан зургаан баримадын их хөлгөний судар оршив”-ын эх бичгийн судлал. /Бээжин/ Мянгад Эрдэмт. Quaestiones Mongolorum Disputatae No.9 p.127-130)

Эх сурвалж: Өглөө.мн

Огноо: 2016-06-21