Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Ар халхын шилийн сайн эрчүүд-1
Зохиогч: Ойдов.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Хятадын түүхч Чжан Му Монголын олон хошуу нутгийн тухай өгүүлэхдээ Дарьгангын тухай онцлон бичихийг зорьжээ. Түүний зохиолыг Өвөрмонголын Намуюн, Банзрагч нар 1988 онд “Монголын хошуу нутгийн тэмдэглэл” нэртэйгээр Бээжинд гурван боть болгон хэвлүүлсэн байна. Энэ зохиолд Ар халхын шилийн сайн эрчүүдийн талаар нэлээд бодитой өгүүлсэн байх бөгөөд тэднийг “Манжийн хааны төрийн аранга, мэлмийд саад учруулах, торж бүрэлзэх хог” гэж онцолжээ. 1927 онд Дарьгангын нутагт судалгаа хийж явсан Оросын судлаач В.А.Казакевич Дарьгангын сайн эрсийн тухай өгүүлэхдээ “Ноёд баядын адуу малыг хөөх нь сайн эрсийн чадлаа гаргах заншил мөн бөгөөд хөрөнгөлөг казак эрчүүд харь газраас довтлон ирж, мал хөөхтэй адилхан” хэмээжээ. Харин Монголын ард түмэн “Харгис анги, мөлжимтгий худалдаачдын мал хөрөнгийг өөрийн арга ухаан, эр чадлын хүчээр булаан авч, ядарсан олондоо тарааж өгдөг буянтай хүмүүс” хэмээн шилийн сайн эрсээ биширсээр ирсэн түүхтэй. Тэгтэл Манж, Хятадын ноёд түшмэд, шунахай худалдаачид Ар халхын шилийн сайн эрсийг “Муу хулгайч”, “Төрийн бөөс” гэж хоёр янзаар нэрлэсээр иржээ. Шилийн сайн эрсийн зарим нь ганцхан өөрийнхөө эрх ашгийн төлөө хувиа бодож байхад дийлэнх хэсэг нь ард түмнийг дарлан мөлжиж байгаа харгис анги, шунахай худалдаачдыг эсэргүүцэн тэмцэж, тэдний мал хөрөнгийг хүчээр булаан авч, түүнийгээ ард олонтойгоо хувааж хэрэглэсээр ирсэн түүхтэй. Түүнчлэн шилийн сайн эрчүүд амьдралаар шалгарсан, нийтээр дагаж мөрдөх бичигдээгүй хууль, ёс горимтой, хаяагаа хадардаггүй, гуйгаад өгөхгүй бол гуядаад авдаг нийтлэг зарчимтай, өргөсөн тангарагтай, тогтсон газарт тодорхой хугацаанд цугларч ажлаа зөвлөдөг, гарамгай сайныгаа магтан сайшаадаг байж. Тухайлбал Унгарын монголч эрдэмтэн Ш.Иштван Ар халхын шилийн сайн эрсийн тухай өгүүлэхдээ “Би одоогоос арван жилийн өмнө Будапешт хотын их сургуульд суралцаж байх үеэс л Монголын тухай болон “Торой” Банди хэмээх шилийн сайн эрийн тухай сонирхох болсон. Их сургуульд монгол бичиг сурсан минь Дарьганга нутгийн тухай, “Торой” Бандийн тухай олон арван дуу, шүлэг, ном уншиж судлах боломж олгосон. Монгол нутагт онгон зэлүүд тал хязгаар нутгаар гэр хийж, морин дэлэн дээр давхиж явдаг билэг танхай монгол эрсийн дуу, шүлэг мөнхөрсөн бодит түүх миний сонирхолыг татахгүй байж чадаагүй. Би хүсэлдээ хөтлөгдөж анх 1999 онд Монголд ирж Дарьганга нутагт очсон билээ. Монголын Архангай аймгийн Зая Бандидын хүрээний нутаг дахь сайн эрсийн ууланд 250 орчим шилийн сайн эрс цугларч “Торой” Бандид дээд шагнал болох тав дахь удаагийн зангиа зүүж өгөх Монгол төрийн нууц даалгавраар Зая Бандид гэгээн өөрийн биеэр заларч хүндэтгэл үзүүлсэн түүхэн баримт надад байна” гэсэн байх жишээтэй. Ганцхан удаагийн цугларалтаар л 250 орчим эр цуглахыг бодоход тухайн үед шилийн сайн эр маш олон байсан нь ойлгогдож байна. Шилийн сайн эрчүүд ихэнхдээ хүдэр чийрэг биетэй, эр зоригтой, бяр тэнхээтэй хүмүүс байсан бөгөөд газар газрын сайн эрчүүдийн хэрэглэж байсан багаж хэрэгсэл нь өөр өөр байсан ч ихэнхдээ хурдан сайн морь, сайн хутга, бүдүүн дэнзэн ташуур, уурга, бугуйл, хазаар ногт, аяга, дашмаг, арьсан тулам зэрэг авч явахад хөнгөн хялбар зүйлс байх жишээтэй. Зарим нь нум сум, цахиур буу хүртэл хэрэглэдэг байсан гэдэг. Сайн эрчүүд газрын баримжаагаа алдахгүйн тулд гүзээнд ус хийгээд зам дээр тэмдэг болгож тавьдаг, аягаа доош нь харуулж тавиад дуу чимээ чагнадаг, мориныхоо сүүлнээс туг үс авч зангидаад дохио зангаанд хэрэглэдэг, ногт, бугуйл, аргамжаа зэвсэг болгон ашигладаг байж. Шилийн сайн эрчүүдийн өөр нэг онцлог чанар нь эхнэр, хүүхэддээ хоргодоод орон гэртээ шигдэж суудаггүй, харин хээрээр гэр, хэцээр дэр хийж морин дэл дээр хийсч явахыг эрхэм болгодог, тэр ч утгаараа зорьсон үйл хэргээ цог жавхлантайгаар бүтээдэг байжээ. Манжийн эсрэг ард түмний тэмцэлийн үр шимээр маш олон шилийн сайн эр төрөн гарсан байдаг. Тухайлбал Дарьганга нутагт энэ нь бараг л ёс заншил, нэр төрийн хэрэг болтолоо хөгжиж дэвжсэн байх бөгөөд үүний гол учир нь дарьгангачууд Халх Монголд дагаар орсон 1912 оноос өмнө Манж Чин улсын Цахар хошуунд захирагдаж байсантай холбоотой. Энэхүү номыг бүтээхийн тулд 2000 оноос эдүгээг хүртэл бүтэн арван жилийн турш шилийн сайн эрстэй холбоотой баримт, материал цуглуулж, ахмад настай олон арван хүнээс элдэв янзын домог яриа сонссон болно. Ингээд эрхэм уншигч та бүхэн Ар халхын шилийн сайн эрсийн гайхамшигт ертөнцөд тавтай морилно уу.

Ижил төстэй номнууд (67)
1