Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Алдар цуутай хүмүүсийн архитай нөхөрлөсөн паянгууд
Зохиогч: Ойдов.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Энэхүү номыг бүтээхийн тулд алдар цуутай хүмүүсийн дурсамж, яриа бүхий материалыг арав гаруй жил цуглуулахын зэрэгцээ маш олон хүнтэй биечлэн уулзаж бодит яриа өрнүүллээ. Зарим нэг алдар гавъяатнууд өөрсдийнхөө элдэв дурсамж яриаг албан ёсоор бичиж үлдээсэн бол зарим нь дурсамжаа огт бичиж амжилгүй хорвоог орхин оджээ. Гэсэн ч уран бүтээлийн найз нөхөд нь талийгаач андынхаа тухай сонин хачин дурсамжийг хэвлэлийн хуудаснаа бишгүйдээ л мөнхөлсөн байх юм. Одоогоос хэдэн жилийн өмнө манай нэг сэтгүүлч алдар цуутай хүмүүсийн зөвхөн намтар, уран бүтээлийг эмхэтгээд ном болгосон ч түүнийг нь хэн ч тоож авч уншаагүй.

Дашдоржийн Нацагдорж хэдэн онд төрсөн бэ?", "Учиртай гурван толгой дуурийг хэдэн онд бичсэн бэ?" гэх мэтийн ухуулгын чанартай зүйл уйшаад л оюуныхаа хэрэгцээг хангачихдаг байсан социализмын үеийн "Мөлгөр" уншигчид бол дээрхи номыг сонирхох л байсан байх. Харин өнөөгийн уншигчид бол намтар түүх төдий уншдаг "Мөлгөр" уншигчид биш дуулиан шуугиан, дурсамж паян сонирхдог "Цэлгэр" уншигчид болчихоод байгаа билээ. Чухам энэ үүднээс л "Алдар цуутай хүмүүсийн архитай нөхөрлөсөн паянгууд" хэмээх номыг бүтээхэд хүрсэн юм. Учир нь манай урлаг соёлын зүтгэлтнүүд, зохиолчид, яруу найрагчид, дуучид, бөхчүүдийн сонин хачин дурсамж, паянгууд жирийн олонтойгоо буюу уран бүтээлч андуудтайгаа наргиж цэнгэж байх үед нь л урган гарсан байдаг билээ.

Дөрвөн хананы дунд насаараа ганцаараа жожигорсон уран бүтээлч хүнд дурсамж, паян гэхээр юм байдаггүй нь ийм учиртай юм. Дашрамд хэлэхэд бид паян гэдэг үгийг онигоо, хөгтэй марзан явдал гэж ойлгосоор ирсэн. Гэтэл паян гэдэг нь "Ач тус, эрдэм" гэсэн утгатай төвд үг бөгөөд Дүйнхор тарнийн долоон үсэг, гурван тэмдэгийг Балбын нагар үсгээр "Намжү ван дан жи паян шүгсо" буюу "Машид эрх төгөлдөр арвин ач тус оршвой" хэмээн орчуулах жишээтэй.

Алдар цуутай хүмүүсийн архи дарстай холбогдож явсан элдэв дурсамж, паянг өгүүлсэнээрээ архи гээчийг өөгшүүлсэн хэрэг огт биш, харин ч бүр хар залуугаасаа архитай нөхөрлөөд хамгаас чухал бие эрхтэн, хайран сайхан билэг авъяасаа үгүй хийсэн болохыг сэрэмжлүүлэх гэж хичээсэн болно. "Уран бүтээлч хүний зохиол бүтээлийг олонд таниулах нэг шилдэг арга нь дарсны ширээний ард хөгжилдөн цэнгэж ахуйдаа даамай сайхнаар урсгаж асан тэр л дурсамжуудаар нь хачирлан давслах явдал болой" хэмээн манай нэг нэртэй зохиолч онцолжээ. Ингэж л хачирлан давсалж олон түмэнд таниулахгүй бол жар, дал, наяад оны алдар цуутнууд өнөөгийн залуучуудын дунд мартагдаад өнгөрөх нь байна. Энэхүү номонд дурдагдан буй алдар цуутай хүмүүсийн архи дарстай холбогдож асан дурсамжийг өгүүлэхээс гадна тухайн хүний авъяас билэг, уран бүтээл, онцлог чанаруудыг товойлгон гаргасан болохыг мэргэн уншигч та төвөггүй ойлгох биз ээ.

Ижил төстэй номнууд (67)
1