Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Ургадаг алт
Зохиогч: Мөнхтөр. Л 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Ном, зохиогч хоёрын тухай

Алдар гавьяагаараа хоёр зууныг дамнасан гайхамшигт хүмүүсийн тцхай өгүүлж буй “Ургадаг алт” ном төрлөө. Энэ номын зохиогч нь сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр юм. Үүнийг бас Мөнхтөрийн “Ургадаг алт” ном ч гэж болно. Тэгэхээр ном, зохиогч хоёр нэг нь нөгөөгөөрөө овоглодог ажээ. Номын тухай өгүүлэх нь: Намрын намарт их далайн түрлэг мэт үелзэн давалгаалах тариан тэнгисийг харах бүрийд алдарт тариаланчдадаа зориулж нэг сайхан ном бичих юмсан гэх бодол төрнө. Гэвч төрсөн биеийн залхуу, заяасан ухааны мөхсөөс болж өдий хүртэл явсаар өнөөх бодол маань ч сарниж эхэллээ. Гэтэл ашгүй ном маань өөрөө гараад ирэв. Өөрөө ч гэж дээ өрөөлийн хөдөлмөрөөр бүтжээ. Монголд хэн тариа тарьж байсныг Чингис, Хубилай хаадын зарлиг, Сартагтайн суваг, Галдангийн бух, Чингүүнжавын шуудуу, То Вангийн усан тээрэм зэрэг цаасан дээр бичигдэж, газар дээр бүтээгдэж, үлдсэн түүхэн баримтууд гэрчилнэ. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч эдгээр хүмүүс юуны учир тариа тарихыг бүхнээс чухалд тооцоод байв гэдэг асуултанд Л.Мөнхтөр “Ургадаг алт” номоороо хариу өгчээ. Монголчуудын гурил будаагаа өөртөө үйлдвэрлэх гэсэн оролдлого олон зууны турш үргэлжилсээр яваад гагцхүү бидний үед л хэрэгжсэн нь түүхийн үнэн. Тийм болохоор энэ үеийн тариаланчид маань гайхамшигтай, гавьяатай хүмүүс байлгүй яах вэ. Атар газрыг эзэмших нүсэр хүнд бөгөөд түүхэнд мөнхрөх үйлсийг бүтээхэд төв халхын хүдэр эрс, баруун монголын олон ястнууд буурал Алтайн казах, Хэнтий, Дорнодын буриадууд гар санаа нийлэн зүтгэж, явсныг энэ номноос уншлаа. Ямар ч саад бэрхшээлийг даваад гардаг зоримог эрсийг “…бүргэд ууландаа жаргалтай байдаг бол тариачин тариан дундаа л жаргалтай” /Туждаа хамт явах юмсан буюу бүргэд ууландаа жаргалтай/ , эх дэлхий газар шороондоо хайртай хүний үгийг “…орчлон дэлхий агуу. Түүний дэргэд бид юу юм. Тэгвэл орчлон дэлхийг ч, хүн төрөлхтөнийг ч тээж яваа газар ээж бүхнээс агуу” /Тариа бид хоёр газрын харьяат/, Ургамал гэдэг ааш авир нь үл ойлгогдох өвөрмөц ертөнцийн тухай “…Ногоо гэдэг чинь нарийн чимхлүүр эд, тарьж байгаа эзнийгээ голох гэж юүхэв, ингэ ботгоо голохоос ярвигтай…” /Хаврын ногоо харагдахгүй ургадаг/ , Хөрс шороо хүн хоёрын хүйн холбоог “-Та гавьяат болвол яана гэж “ташуур” өгөхөд -Би эс мэдэх, энэ л мэднэ гээд шороо имэрч сууна…” /Ногоон судар/ гэх мэтээр тариачин хүний бодол санааг мухарт нь тултал ухаж сэтгэлийнх нь үгийг хэлүүлж чадсанд уг номын үнэ цэн оршино. Зохиогчийн тухайд: Лханаагийн Мөнхтөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрж өнөөгийн сэхээтнүүдийн туулж ирсэн дардан замаар бүх сургуулиудыг дамжин сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн нэгэн. Баянхонгорт эвлэлийн ажилтан байснаа Монголын радиод шилжин ажилласнаар, тэгэхдээ бүр “Ургацын далай” нэвтрүүлэг хөтөлдөг болсон нь залуу уран бүтээлчийн морийг эмээллэж өгсөн бололтой. Тэр тариаланчдын дунд “радиогийн бүдүүн дуут” хэмээн алдаршсан Б.Цэдэндамбын ажлыг залгамжилж авсандаа баярлах боловч нэвтрүүлгийнхээ нэр хүндийг багшийнхаа өргөсөн өндөрт авч явах яггүй асуудалтай тулгарч, оюун ухаанаа дайчилж чадсаны үр дүнд богино хугацаанд өсч өндийжээ. Л.Мөнхтөр үндсэн ажлынхаа хажуугаар бас шинжлэх ухаан, уран зохиолд хүчээ сорьж, “Монгол адууны зүс шинж заасан үгсийн утга зүй, бүтэц” судалгааны ном, “Адуун зүсний уул” богино өгүүллэг, эссээ бодролын ном, “Морин уул”, Хийморь уул”, “Нутгийн зам” яруу найргийн ном, “Хөхморьт бага толь” зэрэг ном бүтээл гаргажээ. Бүтээн туурвих, шинжлэн судлах ид насандаа яваа “Засагт хааны хөх эрчүүд”-ийн нэг гэгдэх энэ залууд эрин цагийн бичгийн нэрт хүмүүс Л.Түдэв, Ч.Лодойдамба, С.Галсан нарын гаргасан зам мөр өмнө чинь зурайж байгааг сануулаад нуршуу яриагаа төгсгөе.

Ижил төстэй номнууд (67)
1