Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хүүхдийн уран зохиол
Номын нэр: Галуу дагасан гайхамшигт аян
Зохиогч: Энхбат.Х /Орч/ 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Тэнгэрт нүүдлийн шувууд зэл татан ганганалдсан 1951 оны намар хөдөө өнжихөд минь надад нэг сонин зүйл ажиглагдсан юм. Холын тэртээ орныг зорьж явааг нь бодоод арван хоёр настай хүү би хонины дэргэд нүүдлийн шувуудын хойноос уяран уяран харж зогссонсон. Тэгэхэд нүүдлийн шувууд үүлэн дундуур зэл татан өнгөрснөө төдхөн ханаран даялаад арай доохнуур буцаж ирэхдээ хонин дээгүүр минь нэг хоёр эргэлдэн гангар гунгар дуугарснаа нисэн одож билээ. Эхлээд гайхсанаа дараа нь ийнхүү бодсон юм… Манай тал нутгийн хоньд мөнгөн бөмбөг шиг цав цагаан. Тийм болохоор усны шувууд талын цагаан хонийг нуур ус гэж андуурдаг байсан байх. Түмэн цагаан хонины нуруу гүвэлзэн хөдлөх нь шувууд хөөрөх өндрөөс усны долгион шиг харагддаг байх ч юун. Тэгээд шувууд тэнгэрээс наашаа дөхөн ирж тэр “долгионыг” магадалж шалгадаг байсан байж мэдэх юм. Энэ тухай бодсоор яваад хожим нь би “Цэцэгт цэнхэр алчуур” гэдэг дуу бичсэн минь нийтийн хүртээл болж билээ. Тэр дуунд: Хойтон хавар ирэхдээ Хонин дунд минь буугаарай Аясын салхинд намирсан Алчуур дээр минь суугаарай… гэж талын хоньчин бүсгүй шувуудад хандан дуулж байгаагаар дүрсэлж бичсэнийг зарим нэгэн нь санах байх. Миний энэхүү багын дурсамж “Галуу дагасан гайхамшигт аян” номыг уншихад сая өөрийн эрхгүй санаанд орлоо. Хоньчин хүүгийн үе чацуутан буюу арван хоёр настай Нильс Хольгерсон гэгч Швед хүү санамсаргүй тохиолоор одой хүн болж орхиод нүүдлийн шувуудыг даган гайхамшигтай сонин аялал хийснийг эндээс би сэтгэл догдлон уншлаа. Акке Кебнекайсе гэх хөгшин галууны түүчээлсэн сүрэгтэй зам нийлэхдээ бяцхан хүү Нильс гэрийн тэжээмэл Мартин хэмээх цагаан галуугаа унаж, түүний хэзээ ч хүрч үзээгүй өндөрт гарсан нь сонирхол татна. Энэ зохиолд “Өндөрт нисвэл доогуур нисэхээс амар” гэх маягаар галууд хоорондоо хэлэлцэж байх юм. Гэтэл “Галуу шувууд 10175 метрийн өндөрт ниссэн нь тэмдэглэгдэж байсан” гэж Монголын шувуу судлаач нэгэн баталсныг сониноос би олж уншлаа. Манай судлаачид нүүдлийн шувуудын хөл, хүзүүнд бөгж зүүх, сансрын мэдээ дамжуулагчийг суурилуулах зэргээр нарийн судалгаа хийдэг болсон нь энэ мэтийг ойлгоход эрхбиш хүргэж байна. Галуу дагасан Нильс хүүгийн аялах замд юу эс тохиолдсон гэж санана. Тухайлбал, шөнийн ангуучин Смирре хэмээх зальт үнэг, сайхан сэтгэлт Сирле хэрэм, бас өрөвтас, сарьсан багваахайнууд хүртэл түүнтэй цуг үг хэлээ ололцож байх жишээтэй. Мөн Кулаберг ууланд хэрээ, туулай, тогоруудын бүжиглэхийг харж, сойр шувуудын хоолой нийлүүлэн дуулалдахыг сонсож явсан нь гайхалтай. Хэрээнүүдийн тухай энд өгүүлэхдээ, “Нэг хэрээ нь ууль шувууны үүрэнд байсан өндгийг хагалсан бол, нөгөө нь туулайн бүжингийн нүдийг тоншиж, гурав дахь нь тосгоноос мөнгөн халбага хулгайлжээ” гэсэн байх юм. Гэтэл манай шувуу судлаачид хээрийн дадлага хийж явахдаа хаяж гээсэн чимхүүр, өрөөсөн ээмэг сэлтээ хойтон хавар нь хэрээний үүрнээс олж байснаа бас дурсчээ. Хэрээний нүдний үзүүрт ямар нэг гялгар юм харагдвал заавал очиж үздэг “хэрэгт дуртай амьтан” гэнэ. “Үүргүй шувууд үргэж нисэх нь амархан” гэгчээр нүүдлийн шувуудыг айлгаж цочоох юм хаа мундах вэ. Бяцхан Нильс хүү аймшигт хархнуудтай тааралдаж, тэнгэрээс өрөөсөн гутлаа унагааж, галуунаас ойчиж, санамсаргүй явсаар баавгайн ичээнд орж, тэднийг анчид отож байгааг олж мэдээд нэгэн бүл баавгайнд сэрэмж өгч, гавьяатай хэрэг хүртэл бүтээж явжээ. Галуудын урт нислэгийн сүүлчийн буудал нь Шведийн умард хязгаарт байх Лапланд хэмээх уул ус нь тэгш сайхан газар нутаг ажээ. Тэнд байхдаа Нильс хүү Горго бүргэдтэй уулзаж, түүнийг сүрэг галуудын анд, дотно, итгэмжит нөхөр болохыг нь ойлгож, хүндэтгэж байна. Ийм байдлаар амьд байгальтай хэлээ ойлголцоод ирэхээр түүнийг хайрлахаас өөр аргагүй болдог нь эндээс бас харагдлаа. Энэхүү сонирхолтой зохиолыг Шведийн зохиолч эмэгтэй Сельма Лагерлёф /1858-1990/ бичсэн бөгөөд Шведийн Марбакка сууринд төрсөн жирийн багш энэ эмэгтэй “Чёсто Берлингийн тухай тууль”, “Христийн тухай домог”, “Галуу дагасан гайхамшигт аян” зэрэг олон бүтээлээрээ нэрд гарч, улмаар 1909 онд Нобелийн шагнал хүртсэн (энэ шагналыг 1901 оноос эхэлж олгосон Д.Н) Шведийн анхны зохиолч, дэлхийн анхны шагналтан эмэгтэй зохиолч болжээ. Ер нь домог зохиолд сүрхий гаршсан, байгалийг нарийн ойлгодог мэргэн бичээч болох нь мэдэгдээд байна. Түүний зохиол, бүтээлийг 1909 онд эх оронд нь 12 ботиор хэвлэн гаргажээ. Амьд ертөнцийн дотоод нарийн сүлжээ уялдааны тухай адал сонин үйл явдлуудаар дүүрэн “Галуу дагасан гайхамшигт аян” гэдэг энэ зохиол нь амьдралын гүн философи, сургамжит санаа, танин мэдэхүйн их ач холбогдолтой, өгөөж хишигтэй бүтээл болохыг хэлэхийн үүднээс энэ хэдэн үгийг би эвлүүлэн толилуулж байна. Аль ч насныханд сонирхолтой энэ номыг та бүхэн Хумбангийн Энхбатын аятайхан очуулгаар унших болсонд би хувьдаа бас талархалтай байна. Ирэх буцах шувуудын ганганаан уянгалан сонсогдсоор, он цагийн цэнхэр зэрэглээ нүдний өмнүүр жирэлзэн гүйсээр байгаа бидний энэ үед Дэлхийн шилдэг бас нэгэн зохиолын шинэ хуудас сөхөж суугаа уншигчдадаа баяр хүргэе.

Ижил төстэй номнууд (136)
1