




Дэлхийн түүхнээ нэрээ дуурсгасан удирдагч болоход ямар чанар хэрэгтэй вэ? Тэгвэл их гүрэн байгуулж төвхнүүлэхэд өөрийн суу билгээс гадна хэнийг түшвэл зохилтой вэ? Их Монгол улсыг үүсгэн байгуулсан Богд Чингис хаан, Францын эзэн хаан I Наполеон Бонапарт, ЗХУ-ын нам, төрийн тэргүүн Иосиф Сталин, БНХАУ-ын дарга Мао Зэдуны тухай олон ном, зохиол бичигдсэн байдаг боловч тэднийг тойрон хүрээлж, түшиг тулгуур болж байсан өрлөг жанжин, маршалуудыг нь харьцуулан судалсан бүтээл үгүй юм. Хэрэв Чингис хаан гагцхүү авьяас чадварыг нь харгалзан шилдгийн шилдгүүдийг өөртөө ойртуулж байсан бол Сталин, Мао хоёр тийм хүмүүсийг хэрэгтэй үедээ ашиглаад хожим гэсгээн цээрлүүлж байв. Түүгээр ч үл барам сохроор аялдан дагалдагчид, дуулгавартай гүйцэтгэгчдээр биеэ хүрээлүүлж байжээ. Эзэн хэр агуу болохыг өрлөгүүдээс нь харж болно гэсэн санааг зохиогч эл номдоо хөгжүүлсэн байна.