




“Адам, тэр зүгээр л энгийн хүн байсан – үүнд л хамаг утга учир оршиж байна. Тэр зөвхөн алимнаас болж алимыг идэхийг хүсээгүй, алим идэх хориотой байсан учраас л идэхийг хүссэн. Алдаа нь гэвэл могойг хориогүйд байгаа, хэрэв хориотой байсан бол тэр могойг идчих л байсан”. – Марк Твен “ХОРИОТОЙ” зүйлд тэмүүлэх нь гэм биш, зан. Гэхдээ “хориотой ном”-нд учир бий. Түүний санаа хэн нэгний ашиг сонирхолд нийцээгүй тул тэрхүү үзэл санаа, дуу хоолойг боож хаах гэж хориглосон нь гарцаагүй. Зарим тохиолдолд ийнхүү хориглосон нь тухайн бүтээлийг улам ч алдаршуулсан нь бий. Тодорхой нийгэм, цаг үед зохиол бүтээлийг янз бүрийн шалтгаанаар дэлхийн өнцөг булан бүрт хориглож, заримдаа бүр шатаан устгасан гашуун түүх олон. Ном ч гэсэн өөрийн түүхтэй. Зохиогч нь хорвоогийн мөнх бусыг үзсэн ч ном амьдарсаар л байна. Улс төр, шашин шүтлэг, садар самуун агуулга, зүй бус хэллэг агуулсан гээд номыг хорьж, “цензурдэх” шалтгаан түм бум. Тэр бүх саад бэрхшээл, хорио цээрийг даван, хэзээ ч үнэ цэнээ алдаагүй зохиол бүтээлүүдийг толилуулъя. Энэхүү “33 Хориотой ном”-д хориглож, шатааж байсан алдартай зохиол бүтээлүүдээс 33 номыг түүвэрлэн уншигч та бүхэнтэй хуваалцаж, мэдлэг оюуныдалайд тань дусал нэмэх гэсэн бөлгөө. “Унших эрх” хүн бүхэнд бий гэж итгэнэм.