Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Монголын сонгомол уран зохиол 5
Зохиогч: Доржготов.Ц 
Эрхлэн гаргасан: "Манлайлах урлаг төв" ТББ
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

"Яруу найраг бол хүн төрөлхтний хэл соёлын язгуур, хэм хэмнэлийг сэргээж оршихуйн хүчин зүйлсийн олон янзын байдлын чанд утга агуулгыг илэрхийлэгч юм." Францын яруу найрагч Маллармэ "Яруу найрагч бол хүний цээжний гүнд далд хадгалаастай байдаг сайн сайхныг сэргээж чаддаг хүчтэн юм." Энэтхэгийн гүн ухаантан, төр нийгмийн зүтгэлтэн М. Ганди Монголын аман болон бичгийн уран зохиолоос эх ундрагатай монголын яруу найраг хөгжлийн олон зууныг туулжээ. Бидэнд олдоод байгаа монголын яруу найргийн хамгийн анхны дурсгал бол 2000 гаруй жилийн өмнө зохиогдсон Хүннүгийн ардын дуу юм. Тансаг сайхан Килан уулаа алдаад бид Таван хошуу мал маань өсөхөө болив Тэнгэрийн хаяанд сүүмэлзэх Тэртээ ууландаа яаж хүрэх билээ Өнөр баян Иншань уулаа алдаад бид Үзэсгэлэнт сайхан хатад минь өнгө зүс алдав Ямархан нутгийн зосоор одоо Яажшуухан хатад минь хацраа гоодох билээ1 гэж төрсөн нутгаа алдсанаа харамсан дуулжээ. Түүнээс нааших он жилүүдэд Сяньби гүрний үед зохиогдсон «Ахын дуу», «Уд модыг хугалсан дуулал», «Лан-Яа вангийн дуулал» зэрэг бүтээлүүд түүхийн сурвалж бичгүүдэд бичиглэгдэж бидний үед уламжилж ирсэн юм. Монголын яруу найргийн хөгжилд «Монголын нууц товчоо», «Гэсэр», «Жангар» зэрэг хөлгөн их туульс Эмээлийн дуунаас эхтэй ардын яруу найраг, баатарлаг туульс нөлөөлж хөгжлийн оргилд гарсан юм. Монголын яруу найргийн хөгжлийн түүхийг ажиглаж үзвэл монголд яруу найргийн хэд хэдэн сургууль байжээ. Ноён хутагт Равжаагийн бүтээлээс эхтэй Гурван говийн, Луу жанжин гүний бүтээлээс эхтэй Ойрад түмний, Өндөр гэгээн Занабазар нарын бүтээлээс үлгэр дууриалтай Төв халхын, Цогт хунтайжийн уламжлалтай Булган-Хөвсгөлийн, их Нацагдоржийн үлгэр дууриаллыг авч өвлөн залгамжилсан Их шавийн, ардын яруу найраг, Ц. Дамдинсүрэн, Ч. Бат-Очир, Х. Пэрлээ, Дарьгангын их дууч Инжээноров нарын цэцэн билгийг өвлөн залгамжилсан Дорнод монголын дэг сургуулиас гурван үеийн яруу найрагч төрөн гарч бүтээлээ туурвисаар байна. Монголын яруу найргийн түүхэн хөгжлийн зам дардан цагаан байгаагүй билээ. Монголын яруу найраг гурван их хувьсгалыг ард түмэнтэйгээ хамт туулжээ. Нийгэмд тохиолдсон эерэг, сөрөг үзэгдлүүд, яруу найргийн хөгжилд нөлөөлж, монголын яруу найраг хэт хувьсгалчирхан хоосон лоозогнох, нэг хүнийг тахин шүтэх үзлийн мананд төөрч, төрийн удирдагчдад цаасан малгай өмсгөн магтах, нэг намын үзэл сурталд хавчигдах зэргийг даван туулсаар 1990 онтой золгосон юм. Нэг намын үзэл суртал ноёрхож байсан тэр цагт монголын олон авъяаслаг яруу найрагчид хэлмэгдэж, зохиол бүтээл нь хоригдож байсныг түүх мартах учиргүй. 1990 оны ардчилсан хувьсгал яруу найрагчдад бүтээн туурвих эрх чөлөөг авчирсан юм. Энэ үеэс яруу найргийн үнэлэмжинд өөрчлөлт гарч, яруу найргийг зөвхөн уран чадвараар нь үнэлж дүгнэх шинэ тогтолцоо бий болов. Монголын яруу найраг хүн төрөлхтний яруу найргийн хөгжлийн нийтлэг жам ёсоор хөгжих таатай боломж бүрдсэн юм. Өмнөх үеийн яруу найрагчдын бүтээлд ч шинэлэг байдлаар хандах болсны жишээ нь яруу найрагч Р. Чойномд төрийн шагнал хүртээж, 1960-аад онд хэвлэгдэж намын үзэл сурталд таарахгүй бүтээл гэж шүүмжлүүлж байсан Н. Нямдоржийн «Онон хатан ижий» түүвэрт төрийн шагнал олгосон юм. Монголын яруу найрагчид, яруу найраг сүүлийн 100 жилд бартаат замыг туулж ирсэн нь энэ номноос ойлгогдоно гэж үзэж байна. Энэ номонд орсон бүтээл бүхэн өөрийн түүх, хувь заяатай. Р. Чойномын «Алтай» найраглал, яруу найрагч Түмэн цогтын уурхайчдын тосгонд танилцсан казак бүсгүйтэй Улаанбаатарт учирсан учралаас онгод нь орж Зайсан толгойн энгэрт хоёр өдөр сууж бичсэн түүх бий. Монголын яруу найрагт сэтгэлгээний шинэчлэл авчирсан М. Цэдэндоржийн алдарт «Морин хуур » шүлэг цаасанд буухдаа «Домбор » нэртэй, Б. Явуухулангийн төрсөн нутгаа хайрлахуйн гүн ухаан шингэсэн алдарт «Тэхийн зогсоол» шүлэг анх «Янгир ингэж үхдэг юм» гэсэн нэртэй байсныг яруу найргийн түүх судлаачид өгүүлдэг юм. Яруу найргийн бүтээл туурвисан яруу найрагчдаа зовлон авчрах тохиол байдгийг монголын яруу найргийн түүх тойрч гараагүй билээ. Д. Пүрэвдоржийн «Чингис» шүлэг гунигтай атлаа баатарлаг, бахархмаар замыг туулсан юм. Д. Пүрэвдорж дурсан ярихдаа: "Би 1962 онд Москва хотноо Утга зохиолын дээд сургуульд сурч байхдаа энэ шүлгийг бичсэн юм. Бичсэн даруйдаа Зөвлөлтийн яруу найрагч С. Смирновт уншиж өгөхөд – Чи Чингисийг их магтсан юм биш үү? гэхэд нь би ........Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй Дажны сүрээр гэгээн дуу төрөөгүй гэж хэлэхээс илүү юу гэх вэ? гэхэд багш минь, Тийм ч юм уу даа гэсэн сэн". Бяцхан тайлбар 1962 онд Утга зохиол урлаг сонинд анх удаа хэвлэгдсэн «Чингис » шүлгийн эхэд «Дажны сүрээр гэгээн дуу төрөөгүй» гэж байдаг. Харин яруу найрагч сүүлд хэвлүүлсэн эхдээ «Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй » гэж зассан байдаг юм. Д. Пүрэвдоржийн «Чингис» , «Тусгаар тогтнол» хоёр шүлэг зохиогчийгоо олон жил «Улаан гэрийн хоригдол» болгосон гунигт намтартай ч гэсэн энэ хоёр шүлэг монголчуудын үндэсний ухамсрыг сэргээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан болохыг утга зохиол судлаачид удаа дараа үнэлж хэлсэн байдаг. Монголын яруу найраг сүүлийн 100 жилд бартаатай, сургамжтай, бахархалтай замыг туулж нүүдэлчин монголчуудын өвөрмөц сэтгэлгээ, урлах эрдмийг өвлөн хөгжүүлж, Өрнө Дорно дахины яруу найргийн мэдрэмж сэтгэлгээний уламжлалыг өөртөө шингээж, 21-р зуунд хөгжлийн шинэ оргил өөд тэмүүлэн хөгжиж байна. Эрхэм уншигчид аа, монголын яруу найргийн тансаг сайхныг мэдрэгтүн. Яруу найргийн тэнгэр Янжинлхам ивээн соёрхох болтугай. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л. Нямаа 2011.08.15

Ижил төстэй номнууд (272)
1