Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Эжийгээ даатгая
Зохиогч: Шин Гён Сүг 
Эрхлэн гаргасан: "Сэлэнгэпресс" ХХК
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Зохиолч бүсгүй Шин Гёнсүг 1985 оноос эхлэн уран бүтээлээ туйрвиж эхэлсэн солонгос улсын шилдэг, чадварлаг зохиолчдын нэг юм. Түүний бичсэн үргэлжилсэн үгийн хэд хэдэн зохиол байдгийн дотор “Төмс иддэг хүмүүс”, “Гүзээлзгэний талбай”, “Хонхны дуун”, мөн түүнчлэн үргэлжилсэн үгийн зохиол болох “Галт тэрэг 7-д хөдлөнө”, “Гүн уй гуниг” гэх зэргийн уран бүтээлүүдийг дурдаж болно. Тэрээр 2008 онд гаргасан буюу “Эжийгээ даатгая” гэх энэхүү зохиол бол түүнийг алдрын их оргил руу дагуулсан шилдгийн шилдэг зохиол юм. “Эжийгээ даатгая” зохиол гарсны дараа энэхүү үг хит болж зар сурталчилгаанд хэрэглэх моод дэлгэрсэн бөгөөд хөгжимт дуурийн жүжиг тавигдах гэх зэрэг өдийг хүртэл солонгосчуудын анхаарлын төвд байсаар байна. Энэхүү зохиол нь 2008 онд Солонгос улсад хэвлэгдэн гарснаас хойш одоогийн байдлаар олон орны хэл дээр орчуулагдсаар байгаа юм. Өнөөгийн байдлаар Америк, Англи, Япон, Итали, Хятад, Изриали, Герман, Турк, Вьетнам......зэрэг 31 оронд хэвлэгдсэн бөгөөд удахгүй Румын хэл дээр гарахаар бэлтгэгдэж байна. Энэхүү зохиол нь Америкт хэвлэгдэн гарч шилдэг борлуулалттай номны нэг болсноор барахгүй удахгүй холливудад кино хийхээр төлөвлөгдсөн. Америкийн уншигчдад зориулан англи хэл дээр хэвлэгдэхдээ “Please look after mom” гэдгээр, английн уншигчдад зориулан англи хэл дээр хэвлэгдэхдээ “Please look after mother” гэсэн нэрээр хэвлэгдэн маш их олон хүмүүсийн анхаарлыг татсан бэст селлер буюу хамгийн их борлуулагдсан номны нэг болж чадсан юм. Хаа газрын үрээ гэсэн эхийн сэтгэл адил юм. Хэдийгээр Солонгос Монгол хоёр улсын амьдралын хэв маяг өөр ч гэлээ эх хүний сэтгэл нэгэн адил юм байна гэдгийг эжийгээ алга болсноос хойш эжийгээ хайн бэдэрч, үйл тамаа үзэж байгаа хүү, охин, нөхөр... тэдний төлөө амь биеэ золиослон зүтгэж ирсэн хариу нэхдэггүй агуу эх хүнийг ойлгож ухаарч, харамсаж халаглаж, бас хайрлаж байгааг нь өвөрмөц аргаар үзүүлж чадсан бүтээл юм. Солонгос хэлийг судлаж сурч байгаа миний бие энэхүү алдарт зохиолыг эжийгээ хайрлаж хүндэтгэдэг эрхэм сэтгэлт монгол олон түмэндээ өргөн барихаар зүтгэж нилээдгүй хугацаа өнгөрөөсний үр дүнд орчуулж дуусгаад уншигч олны мэргэн мэлмийд өргөн барьж байна. Зохиолын нэрийг өгөхдөө олон хоног өдөр бодож, ойр тойрныхонтойгоо зөвлөж ярилцсаны эцэст “Эжийгээ даатгая” гэж эх зохиолын нэрний дагуу өгсөн болно. Энэхүү зохиол нь их өвөрмөц шийдлээр бичигдсэн болохоор өчүүхэн надад орчуулж байх явцдаа амаргүй хэцүү санагдах үе байснаа нуух юун. Амаргүй хэцүү санагдсаны учир юу гэвээс охин, хүү, аав, ээж гэсэн дөрвөн хүний өнцгөөс бичигдэхдээ “би” гэсэн нэгдүгээр биенээс бус “чи”, “та”, “тэр” гэсэн хоёр, гуравдугаар биенээс хүүрнэсэн өгүүлэмж хэлбэртэй зохиол болоод монгол хэлнээ буулгахад их ярвигтай байсан юм. Зохиол таван хэсэгтээ бөгөөд зохиолч охин (чи), барилгын компанид ажилладаг хүү(тэр), эхнэртээ бүгдийг даатгасан нөхөр (та), сүүлчийн захиасаа хэлэхээр ирсэн ээж (би), эжийтэйгээ салах ёс хийж байгаа охин(чи) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Энэхүү зохиол нь хөдөөнөөс хотод ирсэн ээж нь хотын метроны буудал дотор санаандгүйгээр төөрч байгаагаар эхлэх бөгөөд яг л адал явдалт зохиолд гардаг шиг сэтгэлийн түгшүүр, догдлолоор үргэлжилнэ. Охин, хүү, нөхөр гэсэн хэсгүүдийн хуудас бүрээс нэг насаараа үр хүүхэд гэр орныхоо төлөө амь биеэ зориулсан эхийн төрхийг төсөөлөн харж болно. Гэвч тэрхүү эх зөвхөн л нөхөр, үр хүүхдийнхээ төлөө амьдарч ирсэн үү гэвэл бас үгүй юм. Өөрийн гэсэн хүсэл шунал, сэтгэлийн шаналалтай амьдарч ирсэн гэдгийг нь ч бас харуулж чадсан. Мөн уг зохиолоос солонгосын хойгийн иргэний дайны дараах солонгосчуудын ахуй амьдрал, солонгосын түүхийн талаар олныг мэдэж болно. Дэлхий дахинд алдаршиж олон орны уншигчдын сонголт болж чадсан энэхүү “Эжийгээ даатгая” зохиол уншигч таны мэргэн оюунд нийцнэ гэдэгт найдмуй.

Наддаа заяасан ачлалт эжийгээ дээдлэн хайрлая.

Сайн үйлс дэлгэрэх болтугай. 2012. 04

Ижил төстэй номнууд (272)
1