




“Хэрхэн Ерөнхий захирал болох вэ?” нэртэй ном АНУ-д гүйлгээтэй номын нэг болж, олон хэлээр орчуулагдсан юм. Жеффри Фоксын ажил хэргийн баялаг туршлага, түүний өөрийн үгээр тайлбарладаг өвөрмөц арга барил уг номын амжилт олох нөхцлийг бүрдүүлжээ. Аливаа байгууллагад хүнд тулгардаг ээдрээтэй зорилт, асуудлыг Фокс энгийн ажиглалт, дүрэм журмаар хязгаарлан үзэж, ингэхдээ заримдаа тас түс, сонин сануулга өгч, дүгнэлт хийх боломжийг өөртөө олгодог байна. Энэ бүхэн нь ерөөс тодорхой мэт зүйлийг шинэ байдлаар харж, эндээс өөрийн ажил төрлийг удирдах бодит боломжийг өөртөө нээхэд уншигчийг хүргэдэг хэмээн санагдаж байна. Албан тушаалын шатаар ахихаар эрмэлзэж буй бүх хүний хувьд, түүнчлэн аливаа байгууллагын эрх мэдлийн оргилд хүрэх дүрмийг сонирхож буй хүмүүсийн хувьд энэ ном мэдээллийн хосгүй сайхан эх сурвалж мөн. Уг номд цуглуулсан ажиглалт, сануулга, өөрийн ажил төрлийг удирдах зөвлөгөө нь юуны өмнө жирийн менежер болон дунд зиндааны менежерүүдэд сонирхолтой нь маргаангүй бөгөөд компанийн захирал ч эндээс өөртөө үнэтэй, өвөрмөц цөөнгүй санааг олж авна.