Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Цэцэг хэнзэлсэн намар
Зохиогч: Амарсайхан.Ж 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Суварга гороолохын учир

Цэцэг хэнзэлсэн намар хэмээх шүлэг,өгүүллэг, эссэ дурсамжийн түүвэр зохиолыг ариутган шүүх үүрэг оногдсон надад зохиолчийн хэллэг их сонин энгийн мөртөө сонсоход чихэнд их нийцтэй,хааяа,хааяа донжийг нь олсон хошин санаа, уянгын халил цухалзаж байсныг нуух юун.Шүлгийн хувьд зохиолч хөдөөгийн амьдралыг маш жархай ажиглан бичдэг нь

Голоос гарах адууны бийрэн сүүлнээс ус дуслахад

Голдоо улайссан хөх хайрганаас уур савсах шиг

Голио царцаа шаагисан хувраг дээлтэй толгодтой

Голдуу хул,шарга зүстэй адуун олон сүрэг ихэрлэнэ хэмээн улайсам халуунд уснаас гарч буй адууны сүүлнээс ус дуслан үнэхээр уур савсуулан хатдаг тэрхүү агшиныг уран дүрсэлсэн байна. Зохиолч басхүү наранд гандаж шаргалтсан толгодыг хувраг дээлтэй толгод хэмээн огт өвөрмөгцөөр сэтгэсэн нь өнгийг натураль байдлаар нуршихаас зайлсхийжээ. Мөн охь гэдэг шүлгэнд:

…Аав минь гал бурхандаа сэржим өргөв

Асч унтарсан хөх дөл дүрсхийн бадарч

Дөрвөн чихтэй ширмэн тогоо ямаатуулан

Дөлөөрөө аавын минь хөмсгийг хуйхлах алдав гэсэн дөрөвхөн мөрийг уншихад үнэхээр л охьны үнэр хамар цоргин үнэртэх шиг болж байлаа.Найрагчийн шүлгийг цаашид нь нягтлаад байвал…

Үхэр хээр хонож намаршсан цагаан хяруунаар

Үлэмжийн чанрыг аяланхан цантай уурга чирэхсэн…ч гэх шиг.

Намрын унага шиг ижилдэн дассан

Нутгийн ах дүү хүлээгээд байна ч гэх шиг…зөвхөн энэ хэдхэн бадгийг ажихад хөдөө амьдарч малын хөлийн тоосонд даруулаагүй хүн яахан тэгж сэтгэх билээ.Үнэхээр л намар орой болоод ирэхлээр үхэр хээр хоноод хотондоо ирэхээ больдог. Мөн зусангаа нэгэн зэлэнд уяуулсан унаганууд маажилцаад л их ижилссэн байдаг даа.

Номын өгүүллэг,эссэ дурсамжийн хувьд зохиолч маш олон хүнтэй уулзаж, зохиолын баатруудынхаа зан төрхийг цөөхөн үгээр оновчтой дүрсэлсэн нь түүний бичсэн Буурлын Ягаан, Сорьсон нь зэрэг өгүүллэгт харагдаж байна.Энэхүү номын эссэ дурсамж бүр нь хүнд ухаан хайрласан сургамжтай,уншихад зүгээр нэг инээгээд өнгөрөх бус эрэгцүүлэн бодохоор болжээ. Зохиолч дотны танил,өрөө өвөлжөөтэй,хараа хаваржаатай явсан өвгөд дээдэс,найз нөхөдөө номын цагаан суваргандаа мөнхлөн үлджээ. Номын баринтгийг задлах ахуйд Танд өврийн сайхан хангайнхны хошин,шог мэдрэмж бүхий цагаанхан сэтгэлтэй,инээх наргих дуртай эгэл жирийн хүмүүсийн тухай гэгээлэг бодол төрөх болтугай. Зохиолчийн тухай Өвөрхангай аймгийн ахмад сэтгүүлч,яруу найрагч С. Мөнхдалай Уянга орчил гэдэг уншуурагтай,тос даасан үгтэй номондоо:”Ж.Амарсайхан аймгийн арслан бөх ,тийм бүдүүн хадуун хүнээс яаж ийм нарийн ухаан гарав гэмээр олон сайхан зохиол бичиж,овоо хэдэн ном хэвлүүлээд байна” хэмээн их л олзуурхангуй бичсэнийг энд ишлэл болгон авсан нь илүүц зүйл бус бөлгөө.Энэхүү номыг бичихэд хичнээн олон хүнтэй уулзаж,хүн бүхний дүр байдлыг цөөхөн үгээр ингэж оновчтой гаргана гэдэг их ухаан ,ур шаардах ажил гэдэг нь хэнд ч тодорхой.Би зохиолчийн Босоо хул,Чавганцын хөх, Айсуй Жамбал, Гацаагийн даваа, Хөөрхийдээ муу Ласран минь зэрэг өгүүллэгийг нь монголын родиогоор урлагийн гавъяат зүтгэлтэн Равдангийн уншихыг сонсч түүний уран дүрслэлтэй,цөөхөн үгээр томоо санааг уран гоё гаргасныг нэг хэсэгтээ шүтэн бишэрч тэртээ жараад оны үед багшийн дээд сургуулийн уран зохиолын дугуйланд алдаг оног сууж байгаад алга болчихсон орос хэлний нөгөө нөхөр мөн байна даа нэг уулзах юмсан гэж бодож байтал нодинон жил Цэнхэр хангайн уянга номоо барин инээд алдсаар орж ирж билээ.Гэтэл эр хүний замын хүзүү урт гэж өнөөдөр би найзынхаа Цэцэг хэнзэлсэн намар хэмээх номын баринтгийг дахин задлан суух их завшаан тохиолдсоныг өгүүлэх юун. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч , яруу найрагч Э.Хархүү.

 

Ижил төстэй номнууд (272)
1