Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Монголын уран зохиол дахь "үг" зохиолын төрөл зүйл
Зохиогч: Сүглэгмаа.Х 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Монгол уран зохиолын түүхэнд үг зохиолын хөврөл эртнээс нааш бүрэлдэн буй болсон нь аман болоод бичгийн баримтаас мэдэгдэж байна. Тухайлбал монголчуудын төр хурим, хонжин дэвтэрийн дотор тэмдэглэгддэг бэр буулгахад үүд дарж хоёр талаас цэцлэн хэлэлцдэг шүлгийг “үүдэн дарлагын үг” гэдэг билээ.

Тэрчлэн монголчуудын “Элчийн аманд үг буй” гэдэг нь дуу бариулах ёс буюу дипломат харилцааны шүлэглэсэн үг болно.

XIII зууны үеэс уламжилж ирсэн “Аргасун хорчийн домог” хэмээх зохиолын өгүүлэмж нь Чингис хааныг Солонгосын Бух цагаан хааныд түдэн суухад Хорчоор дуу бариулсан үг зохиолын шинжтэй бүтээл юм. Уг зохиолын төгсгөл хэсэгт Аргасун хорч:

Алах хүний аялгууг авам гэлээ

Үхэх хүмүүн үгээ хэлэм гэлээ

гэсэн бол мөн “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастирт”

Үгтэй болбоос өч чи

Хошияатай болбоос холбо чи…

Холбож хэлэх үгтэй аж л чи

Хошоолж хэлэх цээжтэй аж л чи

гэж хэлснээс үзвэл үг зохиолын үр хөврөл нь энэ үеэс бүрэлдэн буй болсон гэж хэлэх үндэстэй юм.

Доктор Х.Сүглэгмаа эл бүтээлдээ үг зохиолын гарал үүсэл буюу түүхэн уламжлалын талаар “Монголын нууц товчоо” хийгээд дундад эртний уран зохиолын бусад дурсгалуудаар нэхэн судлаж, уг төрөл монгол уран зохиолд XIII зууны үеэс бүрэлдэж буй болсныг хөөн гаргаж, улмаар бие даасан төрөл зүйлийн хэмжээнд хүртлээ хөгжиж ирснийг үе үеийн зохиол, зохиолчдын бүтээлд тулгуурлан нухацтай судлахыг чармайсан нь ажиглагдаж байна.

Үг зохиол нь хөгжлийнхөө явц дунд агуулга, хэлбэрийн хувьд аажим хувьсаж дэлхий дахины уран зохиолын түүхэнд агуу их өөрчлөлт хувьсал гарсан XIX зууны монгол уран зохиолд шүүмжлэлт реализмын аястай зохиол бүрэлдэн хөгжихөд идээшиж зохицсон өвөрмөц онцлогийг Х.Сүглэгмаа гярхай ажигласныг сайшааж байна. Хүний нийгмийн амьдралын бузар булхай явдлыг амьтай амьгүй юмсын үг, яриа болгон өгүүлдгээрээ үзэл санааны чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхэд түлхэц болсныг олон баримтаар нотлон гаргажээ.

Мөн зарим зохиолч, зохиолын үзэл санаанд нягт нямбай ажиглалт хийсний үр дүнд урьд өмнөх судлаачдын зарим нэг үнэлэлт дүгнэлтийг эргэж харахаар шинэ санаа дэвшүүлснийг олзуурхан тэмдэглэж байна. Тухайлбал хуульч Сандагийн зохиолд шашны нөлөө байхгүй цэвэр иргэний зохиол гэх ойлголтыг няцааж, буддын шашны үзэл санаа, гүн ухааны нарийн ойлголтын дэвсгэр дээр авч үзэхдээ, мөн бичгийн уран зохиолын чадамгай төлөөлөгч болохыг гаргаж ирсэн нь яах аргагүй энэ бүтээлийн шинэлэг тал гэж үзэх үндэстэй юм.

Монголын уран зохиол дахь үг зохиолын хөгжлийг төрөл зүйлийн түвшинд нь нэгтгэн авч үзэж, уламжилж ирсэн гол гол дурсгалууд, төлөөлөгчдийн бүтээл дээр тулгуурлаад, үүнээсээ XIX зууны яруу найрагч хуульч Сандагийн зохиол бүтээлийг тусгайлан судалж, улмаар энэ төрөл зүйлийн туурвил зүйн онцлогийг тодорхойлсон нь энэ бүтээлийн гол ач холбогдол болжээ.

Үг зохиолыг төрөл зүйл, үзэл санаа, уран дүрслэл, бичвэр судлалын мэргэжлийн үүднээс нягтлан судлах анхны шанг татсан нэрт монголч эрдэмтэн профессор В.Хайссиг, доктор Д.Ёндон, доктор Л.Хүрэлбаатар нарын мөрөөр эл сонирхолтой агаад ярвигтай сэдвийг судлах үйлст хүчээ сорьж яваа залуу эрдэмтэн Х.Сүглэгмаад цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.

Академич Д.Цэрэнсодном

 

Ижил төстэй номнууд (37)
1