Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Хэцүү анги
Зохиогч: Амарсайхан.А 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

Зохиолч, шог зураач Алтангэрэлийн Амарсайхан “Хэцүү анги” кино зохиолоо роман болгожээ. Энэхүү сонирхолтой романы тухай өгүүлэхээс өмнө А.Амарсайханы телевизийн цувралуудын талаар цөөн үг хэлье. Тэрээр “Хэцүү анги”, “Тусгай салаа” гэдэг хоёр цуврал киногоороо шуугиан тарьж, сайн үг бишгүй дуулсан нь саяхан. Урлагийн шилдгүүдийг тодруулах “Гоо марал-2010” наадмын “Телевизийн шилдэг бүтээл” номинацид тус хоёр цуврал кино нэр дэвшиж, “Гоо марал” шагнал хүртсэн. Энэ нь монголчууд өөрсдөө телевизийн цуврал бүтээж чадна, цаг нь болсон гэдэг итгэл үнэмшлийг бий болгосон продюссер Ц.Оюундарь, зохиолч А.Амарсайхан, найруулагч Л.Ариунжаргал, Ж.Батбаяр, Б.Навчаа, Б.Жаргал нарт Монголын урлагийн ертөнц мэхийн ёсолсон хэрэг болсон юм.

Монголд долоо хоногт нэг шинэ кино мэндэлж байгаа гэхэд хилсдэхгүй болсон цаг. Телевизийн цуврал кинонууд ч ар араасаа шил даран гарч эхэллээ. Гэтэл Амарсайханы хоёр бүтээл шиг олон нийтийг тэр аяар нь хошууртал татсан нь бий билүү? Гэр лүүгээ кинондоо яарч, гарах цагийг нь тэсч ядан хүлээж, ажилдаа ирсэн ч киноноосоо гарч чадахгүй Сүнжид багш яаж шаналж байгаа тухай, Дэндэвийн хөглөсөн, Тамираагийн хардсан тухай сэтгэл догдлон ярилцаж байсан. Үүний нууц юу вэ? Сэтгэлгээ гэдэг зүйлийн хойноос хэт хошуурцгааж, сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг зохиолчид умартаад байна аа гэдгийг энэ хоёр кино харуулж буй хэрэг. Амарсайхан жирийн нэгэн багш бүсгүйн сэтгэл зүйг дотор нь орсон юм шиг мэдэрч бичиж чадсан. Чадсан учраас л үзэгчид ингэтлээ татагдаж, тэгтлээ догдолж, уярч уйлан байж үзсэн. Энгийн зүйлийг сэтгэлд хүртэл бичнэ гэдэг зохиолчоос асар өндөр мэдрэмж, авьяас шаарддаг. Хүн бүхний мэдэх орчны дунд буй нарийн чавхдасыг олж харж, хүмүүний сэтгэлийг хөдөлгөнө гэдэг хэн хүний бардаг зүйл биш.

Бас нэг зүйл бол цуврал киноны амин сүнс нь амьд хэл, цаг үеийн мэдрэмж гэдгийг А.Амарсайхан мэдэрч яг өнөөгийн залуусын ярианы хэл, хүсэл сонирхлыг бүтээлдээ тусгаж чадсан учраас амжилт олсон гэдгийг нь “Хэцүү анги” хэрхэн мэндэлж, “Тусгай салаа” хэрхэн бий болсон үйл явцыг сайн мэдэхийн хувьд хэлмээр байна. Яагаад гэвэл А.Амарсайхан бид хоёр цугтаа ажиллаж, тэрээр “Хэцүү анги” киноны зохиолоо, би “Шар тэнгисийн тарчлаан” жүжгээ өнцөг булан нь нийлсэн хоёр ширээн дээр зэрэгцэн бичсэн түүхтэй. Бид хоёр уран бүтээлийн хувьд “Цалиг” хэмээх нэг овогтой улс л даа. Тэр үед А.Амарсайхан дүрийн судалгаа хийж, дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүд, багш нартай их ярилцсан юмдаг. Аав ээж нь насаараа багш хийсэн айлын хүүхэд, өөрөө бас хөдөө сум, аймгийн төвийн дунд сургуульд багшилж байсан гээд түүнд “Хэцүү анги”-ийг амилуулах “түүхий эд” угаасаа ч хангалттай байсан. “Тусгай салаа”-гаа бичихдээ тэрээр цэргийн амьдралыг мэдрэхийн тулд түр хугацаагаар армид “алба хааж”, армийн хууччуултай “буу халж”, нэлээд цаг зарж судалгаа хийсэн. Тэгж байж амьд сайхан бүтээл төрүүлсэн. Сүнжид багшийн “Яадаг билээ” гэх сандрал, Дэндэвийн “Улаан туг” хэмээх уулга алдалтын аль аль нь цаанаа бодит эх дүртэй.

Зохиолын хэлний тухайд аман ярианы хэллэг, бүр “гудамжны” ч гэж хэлэгддэг үгс кинонд олон орсон. Энэ номонд ч тэдгээр үг хэллэг хадгалагдсан байгаа. Үүнгүйгээр “Хэцүү анги” маань давсгүй шөл мэт амтгүй болох байсан гэдгийг л хэлье. Чухам давс шиг л чимхийн төдий орсон хэрнээ дүрүүдийг амьд, үнэмшилтэй болгож байгаа. Иймийн учир эрхэм уншигч та бүү бухимдаарай. Адилхан л нутгийн үг, ардын яриа, жаргон түлхүү хэрэглэдэг Василий Шукшиныг бид шүтдэг хэрнээ өөрийн зохиолчоо аман ярианы үг хэллэг хэрэглэлээ гэж ад үзвэл инээдтэй хэрэг болох буйзаа.

Ямартай ч А.Амарсайханы хоёр цуврал амьдарч чадсан нь түүнд кинозохиолч гэх хүндлэлийг авчирлаа. Кино бол хамтын бүтээл. Их олон хүнээс хувь заяа нь хамаарна. Эхлэхээс дуустлаа нүсэр хүнд ажил. Гэхдээ “Сайн зохиол киноны тэн хагасыг нугалдаг” гэж дэлхийд нэртэй найруулагчийн хэлсэн үг байдаг. Эндээс зохиол, зохиолч кинонд ямар чухал үүрэгтэй нь харагддаг. Энэ үүргээ нэр төртэй биелүүлсэн А.Амарсайхан маань “Хэцүү анги”-аа роман л болгомоор байна хэмээн анхнаасаа ярьсан. Тэгээд ч хэлсэндээ хүрснийх нь баталгаа таны гар дээр байна. Энэхүү романыг бичихдээ тэрбээр хоёр он дамнан сууж, нөр их хөдөлмөрийг зарцууллаа. Цэнхэр дэлгэцээр л учирч байсан “Хэцүү анги”-ийнхан ийнхүү ширээн дээр, номын шүүгээнд, эсвэл цүнх үүргэвчинд тань үргэлж байх боломжтой боллоо.

“Цалиг” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг бүтээлүүд маань нэгэн сайн романаар бүл нэмж буйд, шинэ соргог бүхнийг эрэлхийлэгч уншигчид маань уншууртай сайн номтой болж буйд баяртай байна.

Таныг номын цагаан буян ивээг!

Ижил төстэй номнууд (272)
1