Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Манан дундах эрвээхэй
Зохиогч: Буянзаяа.Ц 
Эрхлэн гаргасан: “Чөлөөт Монгол” хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2008
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Нэг.

Би ажлаасаа гарлаа. Таван жил өдөр бүхэн тохойлдон сууж байсан ширээгээ харахад нэг л зовиуртай, дахин хэзээ ч уулзахгүй шүү дээ гэсэн гуниглангуй сэтгэгдлийг өмнөөс илэрхийлж байлаа. Хэрэг дээрээ хүн гээч амьтнаас илүүтэйгээр эд юмс миний сэтгэлд илүү дотно байдаг ч юм уу. Хамт ажиллаж байсан хүмүүсээсээ салж байгаадаа ер харамсахгүй хэрнээ хуучин муу хүрэн ширээгээ хараад өрөвдөх ч шиг, хоргодох ч шиг болох юм. Гайхалтай шүү. За энэ бүхэн ч яахав. Миний л эмзэг байдлын мөн чанар биз. Өрөөнийхөө үүдэн дээр би хүмүүстэй биш эд юмстай салах ёс гүйцэтгэлээ. Юун түрүүн ижил дасал болсон ширээ минь, хайнгадуухан хүрмээ шидэхэд үл гомдож асан өлгүүр минь, тамхины галаар санамсаргүй хормойг нь түлчихсэн нимгэн пансан хөшиг минь, өдөржин кофе уух дондоо хөтлөгдөн нэгээхэн ч амрыг нь үзүүлээгүй ажилсаг ус буцалгагч минь, авьяастай, авьяасгүй зохиолчдын хэрэгтэй, хэрэггүй бичвэрүүдийг нуруун дээр нь ачаалахад нэг ч удаа зовлон тоочоогүй Тэмүүжингийн Боорчи шиг үнэнч номын тавиур минь хагацъя даа хэмээн би сэтгэлдээ гүн гүнзгий өгүүлсэн билээ. Эд юмстай хүн ёсоор салах ёс хийсний минь дараа цээжин дотор байсан чулуунууд хийсэх шиг боллоо. Ингээд л би чөлөөт хүн боллоо. Надад заавар тушаал өгөх албан тушаалтан алга. Миний үгийг тушаал болгон биелүүлэгч албан хаагчид ч надад үлдсэнгүй. Нэг талаасаа би өөрөө нөгөө талаасаа бас л би өөрөө үлдэж. Би гэдэг хүн өөрөө өөртөө л албан тушаалтан, өөрөө өөртөө л албан хаагч болжээ. Юун түрүүнд бичиг хэргийн дэлгүүрээр орон гайгүй сайн үзгэн бал хоёрын зэргийг, удаан эдлэгдэхүйц дөрвөлжин шугамтай дэвтэр гурвын зэргийг худалдан авлаа. Түрүүвчинд үлдсэн мөнгөө тоолж үзвэл хамгийн дотно гурван найзыгаа дайлчих хэдэн юм үлджээ. Нөгөө хэдтэйгээ уулзахаар болзон утасдлаа, бүгд л зөвшөөрч байна. Хамгийн эхэнд утасдсан найзыг маань Басаа гэдэг юм. Тэрээр маньтайгаа таарсан бас л нэг дунд тушаалын жирийн албан хаагч. Надаас ялгаатай нь Басаа сургууль төгсөөд орсон газраа арван хоёр жил тасралтгүй ажиллаж байгаа нэгэн. Басаа надаас асууж байна.

Ижил төстэй номнууд (272)
1