Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Монголын уран зохиолын түүхэн товч
Зохиогч: Буянзаяа.Ц 
Эрхлэн гаргасан: “Чөлөөт Монгол” хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 24000₮
Номын товч

Монголын уран зохиолын түүхийг тоймлон бичих асуудал нь өнгөрсөн 20 дугаар зуунаас эхтэй юм. Түүнээс өмнө Монголын уран зохиолын түүхийг тоймлосон бичвэр төдийлөн олдоогүй гэхэд ер хилсдэхгүй. Энэ нь Монголын уран зохиолын түүх, уран сайхны асуудлыг судлах явдал нэлээд хожуу эхэлжээ гэж үзэхэд хүргэж байгаа юм. Эрт үеийн номын мэргэд дотроос уран зохиолын судлалыг анхлан эхлүүлэгчдийн нэг бол Дээд Монголын Сүмбэ хамба Ишбалжир юм. Түүнийг Монгол уран зохиолын түүх, уран сайхны онцлогийн талаар зохиол бүтээл туурвиж байсан хэмээх мэдээлэл өнөө үед уламжлагдан иржээ. Сүмбэ хамбын үед уран зохиолын түүхийг судлахдаа нэлээд сонирхолтой, өвөрмөц сэтгэлгээнээс хандаж байсны томоохон илрэл нь тэр үеийн мэргэд Гэсэр хааныг түүхэн хүн байсан эсэх талаар анхааран үзэж байсан нь анзаарагддаг юм. Энэ нь тэр үеийн монголчуудын дунд түүхэн уран зохиол ихээхэн хөгжиж ирсний нотолгоо бөгөөд монголчууд түүхэн уран зохиолдоо баримтыг ихэд ашиглаж байсны илрэл болж байгаа юм. Учир нь ихээхэн үлгэржсэн, тэр тусмаа фантастик сэтгэхүй давамгайлсан Гэсэрийн туужаас эх дүрийн судалгаа ургуулан гаргаж нотлохыг хичээж байгаа нь монголчуудын түүхэн уран зохиолын баатрууд нь баримттай салшгүй уялдаатай байдгийн тод жишээ болж байдаг юм. Өнөө хэр зарим эрдэмтэд Монголын нууц товчоог уран зохиол болохоос түүхэн эх сурвалж биш хэмээн үзсээр байгаа. Тэдгээр эрдэмтэдийн тэрхүү эргэлзээг энэхүү Гэсэрийн туужид хандаж байсан эрт үеийн монголчуудын үзэл санааны чиг баримжаа тодорхой хэмжээнд тайлж өгөх байх, Монголын нууц товчоог түүхэн талаас нь харах боломжийг бүрдүүлнэ байх хэмээн найдаж байна. Монгол утга соёлын түүхийг судлан үзэж байсан бас нэгэн томоохон эрдэмтэн бол нэрт түүхч Зава Дамдин юм. Зава Дамдин нь монгол түүхийг ихээхэн өргөн хүрээтэйгээр задлан шинжилж буй ахуйдаа монголын утга соёл, хэлбичгийн үнэ цэнэтэй судалгааны иш үндсийг тавьсан нь нэлээдгүй харагддаг. Гэхдээ уран зохиолын тодорхой бүтээлийг задлан шинжилж, уран сайхны талаас нь судлагдахуун болгон үзсэн хандлага ер ажиглагддаггүй болно. Түүнчлэн монгол уран зохиолын судлалд ихээхэн дурдагддаг хүний нэг бол зохист аялгууч Жамьяангарав юм. Жамьяангарав нь Энэтхэг, Төвдийн соёл, утга зохиолд гүнзгийрсэн хүн байсан бөгөөд уран зохиолыг эртний Энэтхэгийн онолч Дандины “Зохист аялгуун толь”-оор таацуулан шинжлэхийг хичээдэг байсан аж. Тиймээс түүний уран зохиол шинжлэлийн бүтээлүүд нь тэр чиглэлд анхаарлаа хандуулсан байдаг гэхэд хилсдэхгүй. Харин 20 дугаар зууны 30-аад оноос хойш монгол уран зохиолын түүхэн судлал нь онцгой төвшинд хөгжсөн юм. Энэхүү уран зохиолын түүхэн судлалд нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн нь ихээхэн гавьяа байгуулсан бөгөөд түүний эрхлэн хэвлүүлсэн “Монгол уран зохиолын тойм” 3 боть, эрт үеийн зохиол бүтээлүүдийн “Зуунбилэг” эмхэтгэл, “Монголын нууц товчоо”, “Жангарын тууль”, “Гэсэрийн тууж”-ийн талаарх судалгааны өгүүлэл материалууд нь дахин давтагдашгүй үнэ цэнэтэй бүтээлүүд болсон болно. Үүнээс гадна нэрт эрдэмтэн Ш. Гаадамба, академич Д.Цэрэнсодном, төвдөч Л.Хүрэлбаатар, судлаач Б.Содном, Г.Жамсранжав, Ц.Цэнд, Х.Сампилдэндэв, С.Дулам, С.Лочин, Ч.Билэгсайхан, Д.Галбаатар, С.Энхбаяр, Д.Байгалсайхан, Д.Галбаяр нарын олон судлаачид Монгол уран зохиолын түүхэн судлалд холбогдох үнэ цэнэтэй бүтээлүүдийг туурвисан байдаг болно. Ер нь Монголын уран зохиолын түүхийг эмхлэн дэвтэрлэж гарсан бүтээлүүдэд Ц. Дамдинсүрэнгийн дээр дурдагдсан 3 ботиос гадна Монголын орчин үеийн уран зохиолын тойм 3 боть /хамтын бүтээл/, Д.Цэрэнсодномын “Монголын уран зохиол” /13-20 дугаар зууны эхин үе хүртэлх/, Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх /хамтын бүтээл/, С.Лочингийн “20 дугаар зууны журамлагдсан уран зохиол”, Ч.Билэгсайханы “Монгол эрхи, товчис”, Д.Галбаатарын “Уран зохиолын онол, түүхийн зангилаа асуудлууд” зэрэг бүтээлүүд нэн тэргүүнд дурдагддаг болно. Үүний зэрэгцээ уран зохиолын тодорхой нэг бүтээл, тодорхой нэг зохиолчийн уран чадварт холбогдох судлалын бүтээлүүд 20 дугаар зуунд ихээхэн хөгжсөн болно.Тэрчлэн уран зохиолын онолын сэтгэлгээний бүтээлүүд нь өнгөрсөн 20 дугаар зуун төдийгүй, 21 дүгээр зууны эхэн үед хамрагдах өнөө цагт ч эрчимтэй хөгжиж байна хэмээн үзэхэд буруудахгүй. Харин Монгол уран зохиолын түүхийг цэгцтэйгээр эмхлэн тоймлох асуудал сүүлийн жилүүдэд, ялангуяа ардчилсан нийгэм бүтээгдэн бий болж буй 1990–ээд оноос хойшхи он жилүүдэд саармагжсан нь анзаарагдаж байна. Ер нь Монгол уран зохиолын түүхийг уран зохиолын мэргэжлийн төвшинд үзэл суртал хийгээд бусад нөлөөллөөс ангид сэтгэлгээгээр туурвилзүйн талаас нь тоймлон судлах нь өнөөдөр ч төдийгүй ирээдүйд ч хамаатай зүйл юм. Үүнээс гадна монголчуудын түүх нь хүн төрөлхтний үнэ цэнэтэй түүхэнд зүй ёсоор нэрлэгддэг учраас дэлхий дахинд монгол судлалаар мэргэшсэн нэлээдгүй эрдэмтэд тодрон гарсан билээ. Тэдгээр монголч эрдэмтэд нь Монголын уран зохиолыг тоймлон үзэх тал дээр ч тодорхой бүтээлүүдийг идэвхтэйгээр хийж ирсэнийг дурдахгүй өнгөрч үл төвдөнө. Тухайлбаас, Монголч эрдэмтэн А.Позднеев “Монголын утга зохиолын лекц”, монголч эрдэмтэн Б.Лауфер “Утга зохиолын түүхэн найруулал” нэрт номуудыг 19 дүгээр зууны төгсгөл үед бичжээ. Эдгээр номууд нь уран зохиолын түүх гэхээс илүүтэйгээр бичиг үсгийн түүх, шашин бусад зүйлсийн эх олдворын тухай өгүүлэмж байдаг талаар Ц.Дамдинсүрэн абугай дурдсан буй. Мөн монголч эрдэмтэн В.Хайссиг “Монголын утга зохиолын түүх” хэмээх хоёр ботийг 1972 онд хэвлэн гаргажээ. Уг ном нь 19-20 дугаар зууны эхин үеийн утга зохиолын дурсгалыг онцлон өгүүлсэн байна. Монголч эрдэмтэн Владиморцов, Козин, Санжеев, Мостэр, Поппе, Герасимович, Камешков, Михайлов, Окода, Мацуда, Скородумава, Мария Петрова... нарын олон хүмүүс судалгааны бие даасан өгүүллүүдийг хэвлэн нийтлүүлсэн байна. Сүүлийн үед ч гэсэн Монголын уран зохиолын түүхийг судлах ажлууд тасралтгүй хийгдэн тодорхой бүтээлүүд гарсаар байна. Бидний энэхүү дэвтэрлэн буй “Монгол уран зохиолын түүхэн товч” хэмээх хоёр дэвтэр бүтээл бол монгол уран зохиолын судлалд бага ч атугай хувь нэмэр оруулах, тэр тусмаа үндэсний уран зохиолынхоо баялаг өвийг товчлон тоймолж багцаалдан харах, ялангуяа уран сайхны туурвилын уламжлал, шинэчлэлийн уялдаа холбоог анзааран харахад боломж бүрдүүлэхийг нэн тэргүүний зорилгоо болгосон тавьсан билээ. Үүнээс гадна Монголын уран зохиолын түүхийн бичлэгт нийтлэг байдаг эх сурвалж судлалын нарийвчилсан хандлагаас тодорхой хэмжээнд тойрч нийтийн хэрэгцээнд зориулсан энгийн өнгө аястай, шинэ хандлагатай бичлэгийг бий болгоход анхаарлаа хандуулсан болно. Нөгөө талаас үндэснийхээ уран зохиолын их түүхийг багцлан өгүүлэхийг ийнхүү хичээхдээ орчин үеийн уран зохиолын түүх бичлэгт бий болоод байгаа туурвилзүйн шинжлэлийн аргыг голлон ашиглахыг чухалчилсан юм. Энэхүү уран зохиолын түүхэн бичлэгт маань алдаа эндэл гаргасан бол уншигч олон өршөөн хэлтрүүлж үнэт зөвлөлгөө өгнө гэдэгт найдаж байна.

Ижил төстэй номнууд (37)
1