Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Унаган хүлэг
Зохиогч: Ганхуяг.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2015
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 20000₮
Номын товч

Өмнөтгөл

Мянга есөн зуун наяад оны сүүлчээс Төв аймгийн Анхдугаар таван жил, Ардын элч сонинуудад ажиллаж байхаасаа хурдан морь сонирхож эхэлсэн юм. Сонины наадмын дугаар бэлдэх томилолт авч машин унаад явна. Нэрд гарсан хурдан морьд хаагуур байгааг сураглаж уяачаас юу асуухаа сайн мэдэхгүй, үүрэг биелүүлэхийн төлөөнөө явдаг байж дээ.

Хэдэн жилийн дараа Улаанбаатарт шилжин тэр үеийн төр засгийн төв хэвлэл “Ардын эрх”сонинд ажилав. Уяач, хурдан морь, адууны тухай бага сага юм бичив. Зарим хүн ном бичих санал тавина. Тэр санал болгосон номыг бичиж болмоор санагдана. 1997 онд ажлаасаа нэг жилийн чөлөө аваад уяач, хурдан адууны тухай ном бичихээр боллоо. Нэг жил гэдэг хангалттай хугацаа. Ийм урт хугацаанд нэг бүү хэл хоёр ч ном бичиж болмоор санаа төрж байв.

Харин би том эндүүрч байжээ. Тэр асар өргөн талбарт далайд сэлүүргүй завьтай явах мэт хөвсөөр чамгүй олон жилийг үджээ. Явсан зам урт, уулзсан хүн олонч өнөөдөр хийж бүтээснээ харахад чамлалттай санагдана. Баримтат бүтээл гэдэг ярвигтай хүнд хөдөлмөр ажээ. Нэг адууны тухай бичихэд нэг хэсэг хүмүүстэй ахин дахин уулзах хэрэг гарна. Лавлах, мэдэх, сонсох зүйл ямагт бэлэн өрөөстэй байна. Энэ утгаараа байнга хөрөнгө хүч зарж уйгагүй эрэл хайгуул хийх шаардлагатай байдаг юм.

Уншигч танаа өргөн барьж буй энэ номондоо урьд өмнийн түүх, домог мэт болсон хурдан адууны удам угшлыг энэ цагийг хүртэл уяачид хооронд нь яаж эвцэлдүүлж өөрийн гэсэн хурдан адууг гаргаж авсан. Мөн тэдний онцлог, адууны хэв загвар, уяаны байдал, удам угшлын тархалт зэргийг аль болох баримтанд тулгуурлан бичиглэхийг чухалчилав.

Нутгийн сайн адуун дээр удам угшилтай нэг гүү орж ирснээр хэдэн үед хэдэн хүний адуу хурдлав. Нэг сайн азарганаас хэдэн үеийн хурд гарч тархан буйг, нэг сайн адуу төрүүлэхэд хэдэн сайн угшил нийлэв зэрэг баримтуудыг үндэслэл болгов. Айл бүхэн адуутай, нутаг бүр өөрийн гэсэн хурдтай байдаг. Нутгийн адуунаас цойлсон хурдан адууг цөөхөн хүн гаргаж авдаг байх юм. Хурд бий болгох санаа танил, тэвчээр, ухаан морь уядаг болгон, адуутай бүхэнд байдаггүй юм байна.

Тийм дээрээс ямар нэгэн нутаг, хүний нэр, цол хэргэм зэрэг дэв, үүнтэй хам шинжтэй адууны зүс зэргээр овоглосон хурдан удмын адуу бий болдог байна. “Унаган хүлэг” номынхоо эхний дэвтэрийг уншигч танаа барьж байна. Монголын хурдан адууны зонхилох удам гарвал энд орсон болов уу гэж бодно. Энд ороогүй хэд хэдэн хурдан бүл адууны удам угшлын тухай дараагийн дэвтэртээ багтаахаар хичээж байна. Эрхэм уяач, хурдан морь, адуу сонирхогч хэн бүхэнд ямар нэг санаа авах, үнэн зөв удмыг таних, өөрийн гэсэн хурдан адуу бий болгох хүчин чармайлтад тус нэмэр болох, өөрийн таньж мэдсэн орчныхоо түүх баримтыг бодитоор авч үлдэхийг эрмэлзсэн юм. Таны унаган хүлэг хурдан байж улам хойчдоо өвлөгдөн үлдсэнээр Үндэсний язгуур соёлын нэгэн титэмийг монгол түмэн дээдэлж явахад омогшил хийморь нь болж явах ерөөл өргөе.

Зохиолч Шарын Ганхуяг

Ижил төстэй номнууд (67)
1