Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Улаан хотын хүүрнэл
Зохиогч: Батхуяг. П 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 20000₮
Номын товч

Саяхан надад ахимаг насны эмэгтэй жүжигчин “нас бол ердөө тоо” гэж хэлсэн юм. Бодоод л байлаа. Нас үнэхээр тоо, тоо, тоо... өөртөө шууд л итгүүлэхийг хүслээ. Гэвч таван настай жаахан охин минь төрсөн өдрөө дөхөхөөр хоног тоолдог шиг сүүлийн үед би ялгаагүй тийм болжээ. Чухам цаад учрыг нь сайн мэдэхгүй ч нэг нас нэмэх тоолонд дотроос минь хэн нэгэн өөдгүй этгээд “чи юу хийж амжуулав” хэмээн нэхэл хатуухан асуух болов. Эргэлзэж эхэллээ. Зарим хүмүүсийнхээр нас ердөө тоо л юм бол яагаад би шөнө нойр муутай бол маргааш нь тархи өдөржин дүйнгэ оргих болов. Өмнө нь хоёр өдрийн нойрыг огт тоодоггүйсэн. Үнэхээр зарим хүмүүсийнхээр нас ердөө ТОО юм бол яагаад миний шанаанд буурал үс нэмэгдэж, хөл гар өдрийн алхаандаа түүртэж өвдөг булчин халуу оргиод байх болов. Тэгэхээр биологийн амьдралын хувьд нас зүгээр хэдэн ТОО биш байх нь. Оюун санааны амьдралын хувьд өөр байж болох юм гэж найдах сэтгэл төрнө.

Харин ямар хүмүүс насыг зүгээр тоо гэж боддог вэ? Магадгүй ямар ч зорилгогүй явсан он жилүүдээ мартах гэж ирээдүйд хийж бүтээх найдлага бий гэдэгт итгэж явдаг гэнэн хүмүүсийн бодол биз. Үгүй бол нэгэнт юу ч хийж бүтээж чадахгүй гэдгээ мэдчихээд өөрсдийгөө хуурах гэсэн харамсмаар оролдлого байхыг үгүйсгэхгүй. Нэг танил зохиолч минь 50 нас хүрээд хамгийн гол бүтээлээ бичнэ гэдэг юм. Тэр нь яруу найргийн бүтээл байх юм гэнэлээ. Мэдээж хувь тавилан байвал түүний энэ мөрөөдөл биелэнэ. Харин... дахиад л би өөрөө ч мэдэлгүй учир битүүлэг гурван цэг хаяж орхилоо. 50 нас оюун санааны байнгын бэлтгэл хийдэггүй, таван жилд яруу найргийн ганцхан жижиг ном хэвлүүлдэг ЗОХИОЛЧИД идэвхтэй оюуны амьдралын хувьд даанч өндөр нас. Тиймээс л би бүх эргэлзээ тээнэглзлээ гурван цэгэнд багтааж орхилоо.

Хэрэв хонин арц шиг 2000 жил, үгүй ядаж яст мэлхий 300 орчим жил насалдаг бол хүнд 50 жил хүүхэд нас л даа? Гэтэл харамсалтай нь тийм биш. Тэртусмаа Монголд. Ар Кавказын ч юм уу Хятад, Афганистан хоёрын хил дээр оршдог уулын нэг тосгоныхон шиг 100 насалдаг бол бас асуудал өөр л дөө? Тэнд мэдээж цаг уурын таатай сайхан нөхцөл байдаг нь тодорхой. Уулын тунгалаг агаар. Харин энд бол миний хотын гоё саарал утаа, нүргээн, атаархал жөтөөрхлийн мананцар, уур бухимдал. Товчхондоо гадаад хэлний гайхамшигтай үг болох СТРЕСС ноёлоно.

Дахиад л нас... нас... нас.. гэсэн дарамттай үг тархин дотор минь үүрлэж, үл тайлагдах хүнд бодлууд зууралдана. Өнөөх өөдгүй этгээд сар өдрүүд хорогдох тусам ”юу хийж амжуулав” хэмээн ам асууна. Тэгээд л түүнд хариулах юмтай байх гэсэн мэт чухам юунд шахагдаж хөөгдөөд байгаагаа мэдэхгүй тархи толгойгоо гашилган зүгээр суухгүйг хичээнэ. Ямар үйлээр ийм дарамтанд сайн дураараа уначихсанаа ч мэдэхгүй. Заримдаа аавынхаа хэлсэн нэг үгийг эрхгүй санаж биеэ чагнана. Чамд хангалттай цаг хугацаа, хувь тавилан оногдсон бол амьдралдаа чи юунд ч яарахгүй, юу ч бодохгүй, бүр юу хийхгүй амьдраад л байна. Инээгээд л идээд л хэхрүүлээд л... Харин тийм биш бол яг л чононд ээрэгдэж хөөгдсөн хонь мэт амьдарна. Яараад л амжуулмаар л санагдаад л, нэг амьсгаагаар бүгдийг хиймээр бодогдоно. Ийм хоёр зам бий. Аль нэг замыг нь чи өөрөө мэдэлгүй сонгочихсон байна. Тэр үедээ миний хэлсэн үгийн утга учрыг ойлгож магадгүй. Үгүй бол хэзээ ч чи энэ үгийг эргэж санахгүй гэж билээ. Аавынхаа буурал санчиг, магнайнаасаа шингэрсэн үс, эрэмгий төрх, тэр үгсээ хэлж байсан Баянхонгор хотын Номгон зочид буудлын гурван давхарын эрээн цаасан ханатай өрөөг одоо ч би өчигдөрхөн юм шиг тод санадаг юм. Аавын минь тэр хэдэн үг нас...нас... настай ямар их холбоотой болохыг хожуухан ч гэсэн би сайн ойлгосон.

Ижил төстэй номнууд (272)
1