Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Улаан хотын ухаарал
Зохиогч: Батхуяг. П 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Эхлээд би энэ номондоо “Бурханы мессеж” гэсэн нэр өгөхөөр тогтчихсон байлаа. Гэтэл энэ нэр миний хүүрнэл зохиолуудаараа хэлэх гэсэн санааг минь бүрэн илэрхийлж чадахгүй байсан тул өөрөөр нэрлэхээр шийдсэн юм. Мөн түүнчлэн саяхнаас л би номонд нэр хамгийн чухал юм гэдгийг анзаарах болсон. Тиймдээ эхлээд өгсөн нэрээ болиод “ Үнэд орох цаг “ хэмээн нэрлэхээр болсон юм. Чухам яагаад ингэж нэрлэхээр шийдсэний цаад шалтгаан нь энэ ном миний хүүрнэл зохиолын гуравдахь түүвэр. Эхний түүвэр минь “Бурхангүй газар” нэртэй. Харин дараах нь “Хүрэл зүрх”. Энэ гурван номны нэрийг нийлүүлээд уншвал “Бурхангүй газар хүрэл зүрхтнүүд үнэд орох цаг” гэсэн энгийн өгүүлбэрээс энгийн бус санаа урган гарч буйг та бүхэн анзаарна биз. Тэгэхээр миний гурван түүвэр бие биентэйгээ холбоотой цуврал шинжтэй бүтээлүүд гэдгийг би маш товчхон хэллээ. Үнэхээр бурхангүй мэт энэ ертөнцөд цусан зүрхтэнгүүд бус харин хүрэл зүрхтэнгүүд үнэд ороод хүйтэн, сэтгэлгүй, аминчхан, хоосон гэсэн хүний ёсонд харш “мессеж”-үүдийг дэлхийгээр нэг тарааж буйг миний бүх үгүүллэгүүд эсэргүүцдэг гэх үү дээ? Хүн хүнээ байх, хүний ёсноос гарах хамгийн анхны шинжийг юуг ч өрөвдөж хайрлахаа болих клиник илрэлтэй тухай бишгүй л бичсэн байдаг. Орон суурин газар амьдардаг, нэг тиймэрхүү оюун санааны мурхардалд орсон хүмүүсийн тухай ихэнх үгүүллэгүүддээ дүрслэсэн учраас бүхэлд нь “хотын үгүүллэгүүд” гэж тодорхойлж болно. Үгүүллэгүүдэд минь байдаг нэг зүйлийг би өөрөө ч анзаардаг, хүмүүс ч надад нэг бус удаа хэлж байсан. Тэр нь амьдралыг дэндүү харчилж бичих гээд байдаг гэм. Энэ гэмээсээ холдох гэж хэд хэдэн үгүүллэгдээ оролдсон тал бий.

Яагаад хүүрнэл зохиол бичих болсоноо бодохоор яруу найргаар хэлэх боломжгүй зүйл байдаг учраас тэр боломжгүйг нөхөх гэж үгүүллэг бичсэн санагддаг юм. Дээр би дурьдсандаа номны нэр маш чухал гэж. Тийнхүү хэлсний минь учир гэвэл анх би “Буух зурвас” нэртэй шүлгийн түүвэр хэвлүүлсэн юм. Үнэндээ тэр түүвэр гарснаас хойш би уран бүтээлчийн хувьд нилээд олон жил ёстой л “буусандаа”. Бүр заримдаа уран зохиол, яруу найраг зэргээс бүрмөсөн өөрийгөө салгахаар шийдэж байлаа. Харин яг энэ үедээ хүүрнэл зохиол бичиж эхэлсэн минь одоо бодоход их л зөв алхам байж хэмээн өөртөө санадаг юм. Гэхдээ зөвдсөн буруутсанаа би ямар шүүх биш. Тэгээд ч ноён цаг хугацааг ажилгүй болгоод юу хийнэ. Богино үгүүллэг олныг бичсэн хүн хүүрнэл зохиолын томхон төрөл рүү ороход бэрхтэй байдаг шиг надад санагддаг. Хэлэх гэсэн санаагаа хураангуйлах аргад хэт суралцах нь тийм оновчтой биш гэж үзэх болсон минь зөв бурууг би бас мэдэхгүй.

Миний үздэгээр ямар ч зохиолч “сэтгэлийн” гурван үеийг туулдаг. Нэгдүгээр үе нь өөртөө эргэлзэх үе, хоёрдугаар үе нь өөртөө итгэх үе, гуравдугаар үе нь өөртөө бахдах үе. Гэтэл зарим зохиолчид гуравдугаар үе, нэгдүгээр үе хоёрынхоо байрыг эрт сольчихдог. Тэгээд эргэлзэх үеэ эцэст нь туулдаг. Тэр цагт хичнээн эргэлзээ байгаад ч бичих нас ухаан хоёр нь барагдсан байдгийг цөөнгүй монгол зохиолчийн бодит жишээ харуулж байна. Цээж баян гэдэг шиг үс гэзэг, дээл хувцас, дүр үзэмж сайтайгаар уран зохиол бичнэ гэж бодож байгаа бол ёстой сэрүүн зүүдлэж сэрж бос гэхээс өөр юу гэх билээ. Яг үнэндээ би зохиолчийн хувьд эргэлзэх үедээ явж байна. Зохиолуудад минь дүүрэн эргэлзээ нуугдаж буйг хэн ч анзаарч болно. Харин би одоохондоо ганц зүйлд л үл эргэлзэнэ.

Тэр нь гоо сайхан нууцлаг бишсэн бол ямар ч үнэ цэнэгүй байх биз. Харин хүний ертөнц тайлагдашгүй шинжгүй бол ямар ч гоо сайхангүй байх байжээ. Ингээд л бодохоор гоо сайхны нууцыг нээх, ертөнцийн нууцыг тайлах гэсэн туйлын хүслэн хүн төрөлхтөнг үүрд зовоож байгаа бололтой. Энэ зовлонгоо нимгэлэх цор ганц төгс арга нь уран зохиол гэдгийг хожуу ч гэсэн ойлгох болно гэдэгт би итгэл дүүрэн байдаг. Гэвч хамгийн харамсалтай нь тэгж ойлгож эхлэх үед нь өнөөх уран зохиол нь анхны хэргээ шалгаж буй залуу мөрдөн байцаагчийн нээсэн хавтаст хэрэг шиг гэмт хэрэг, адал явдлаар дүүрээд дуусах вий хэмээн сэтгэл зовнидог юм.

“Үнэд орох цаг” нэртэй энэхүү түүвэрт минь багтсан бүх үгүүллэгүүд гурван зүйлд хариу өгөхийг оролдсон юм.

Нэгдүгээрт: - гэм нүглээс гэм нүгэл үүсэх нь гарцаагүй. Үйлийн үр гарцаагүй.

Хоёрдугаарт: - өөрийнхөө дотоод сэтгэлийг чагналгүйгээр зөвхөн гадаад өнгөндөө хэт дурлах нь сэтгэл оюуны нүд сохорсоны шинж тэмдэг болох нь гарцаагүй. Хувь тавилан гарцаагүй.

Гуравдугаарт: - хичнээн хувьсан өөрчлөгдлөө ч хүнээс гэгээрэлд хүрэх зам улам холдож буй нь гарцаагүй. Уур, мунхаг, тачаал, шунал зэрэг нисванис гарцаагүй гэсэн гурван тодорхой зүйлд хандсан болно. Бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхийг би мэдэхгүй.

Зарим нэг зохиолч надад “монголжуу” үгүүллэг бичвэл зүгээр болох тухай сануулж л байсан. Үнэндээ “монголжуу” гэж ямар зүйл болохыг нь одоо хүртэл ойлгоогүй л явна. Хөдөө хээр нутаг, морь мал, нэг голын найзууд эсвэл нэрмэл уууж халамцсан өвгөдийн тухай бичих ёстой юм уу. Бүү мэд. Хэрэв тийм юмны тухай бичээд эхлэвэл бусдын гаргасан замаар замнах л болно доо? Харин ч “монголжуу” үгүүллэг бичээгүй минь хотод төрж өссөн хийгээд өөр орчин, өөр мэдрэмж, өөр хүмүүсийн дунд амьдарч байгаатай холбоотой юм.

Энэ номыг уншин болгоох хүн бүхэн оршил үгийг минь заавал уншаасай гэж хүсэж байна. Учир нь үгүүлэгүүдийг минь ойлгоход багахан ч гэсэн тус болох болов уу. Мөн “Батхуяг” хэмээх зохиолчийн ертөнцийг тэр хэмжээгээрээ ойлгох болов уу гэж санасан юм. Юутай ч би та бүхний өмнө номоо, сэтгэлээ, өөрийгөө дэлгэн барилаа.

Таалан болгоохыг та бүхэн хийгээд тэнгэрийн таалал болгоох хэрэг ээ. Өөр зүйлгүй дээ.

Ижил төстэй номнууд (272)
1