Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Сүбээдэй
Зохиогч: Өлзийсүрэн.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2015
Хэл: Монгол
Нүүрний тоо: 240
Худалдах үнэ: 12000₮
Номын товч

ЭРДЭМТЭН ЗОХИОЛЧ Б.ӨЛЗИЙСҮРЭНГИЙН ТУХАЙ БОДОЛ МИНЬ

Бямбын Ринчен Ц.Цэдэнжаваар, Донровын Намдаг Б.Баас-таар гол гол роман туурвилаа хянуулан эрхлүүлж байлаа. Тэдгээр эрхмүүдээр зүгээр л оногдсон хэн нэгэн номоо эх бариулж авдаг байсан гэж ойлговол нэн эндүүрэл. Тэдэнд ном зохиолын нийцэт нэгэн учир байгаа нь дамжиггүй. Хүн бүрийн зохиол бүтээлийн хэл найруулгыг шүүмжлэн хэлж засч байдаг Ринчен гуай юм л бол модон хэлтэй гэж өөчлөх, тэрслүү Ц.Цэдэнжавтай ямар нийцэл олж байсан юм бол гээд бодоход сонирхолтой.

Түүн лүгээ Б.Явуухулан, С.Эрдэнэ, Ц.Гайтав нарын үе чацуутан өчнөөн зохиол бүтээл бичиж, утга зохиолын судалгаа шинжилгээ хийсэн өвгөн зохиолч, нутаг усны минь эрхэм ахай Б.Өлзийсүрэн өчүүхэн шавирай намайг тоож олон роман бүтээлээ ариутган шүүж өгнө үү гэж барин хүрч ирэхэд нь ичсэндээ болоод л,

-За та намайг тоож байгаа юм бол авч үзье л дээ гэнэ.

Зохиол бүтээл туурвиж тавь илүү жилийн туршлагатай, агуу их Цэндийн Дамдинсүрэнгээр эрдмийн зэргийн бүтээлээ удирдуулж, Хөдөөгийн Пэрлээ, С.Ичинноров нарын олон томчуудтай хамтран ном бичиж, Академич Ч.Далай, доктор Ц.Мөнх, Соёлын гавьяат зүтгэлтэн М.Баянзул нарын гэгээрсэн хүмүүсээр номоо ариутган шүүлгэдэг Б.Өлзийсүрэн ахын цуцашгүй эрчит хөдөлмөрийн шим болсон шинэ романаа барин ирэхэд би чадахгүй гэж яахин буцаах билээ.

Б.Өлзийсүрэн ахай нас хэдийн ная давсан ч түүхэн романуудаа үргэлжлүүлэн бичсээр байгаад бодож гайхаад ч үл барна. Боорчи, Мухулай, Борхул гурваар сэдэвчилсэн гурамсан түүхэн романаас эхлээд л явж өгнө.

Романууд нь ч борлуулалт сайтай, энэ хэдэн Эрээчс юмныхаа (номнуудаа хэлэв. Ж.С) буянаар л мөнгөөр тасрах  дээр нь хөгшин болчихсон ч хүүхдүүддээ нэмэр тус болно гэж. Муудан суларч байгаа муу хөлөө чирээд л номын дэлгүүруу рүү хавхаа эргэхээр (тавиулсан номоо зарагдсан бол мөнгий нь авах гээд явахыг ингэж хэлнэ Ж.С) явж гарна. Хавханд нь гайгүй сайн орно. Хуучин цагт бол номоо борлууЛНа энээ тэрээ гэж зовох юм байсан биш гэнэ. Ингээд бодоход өвгөний номыг уншигчид сайн авдаг болтой. Харин үзэг нэгт зохиолчид, судлаач шүүмжлэгчид олон жилийн турш ядахдаа ганц зохиолыг нь аваад задлаж үзээд бичсэн нь ховор. Саяхан болсон МҮЧЗХолбооны зохиолчдын их хурал дээр эрдэмтэн, яруу найрагч, судлаач Ч.Дагвадорж:

-Монголын орчин үеийн  уран зохиолын түүх зохиолч бүтээлчдийг ялгаварлан орхигдуулах, заримыг хэт товойлгон магтах хандлагатай байна. Энэ эндүүрэл ташаарлыг засууштай. Тухайлбал   Б.Өлзийсүрэн   эдүгээ   ч   ная   гарчихаад  хичнээн роман зохиол бичив. Бичоэр л байна. Нэг ч шүүмжлэгч энэ хүний бүтээлийн тухай ганц ч үг дуугарахгүй байна. Жараад онд Ш.Гаадамба багш бидэнд хичээл заахдаа Буяндэлгэрийн Өлзийсүрэнгийн өгүүллэг зохиолуудыг л үз! гээд түүний бүвэлийг эшлэн задалж ярьж байсан нь үнэн юм шүү! Агуу их Гаадамба Өлзийсүрэн гуайн бүтээлийг яагаад тоож магтаад байв. Гаа багш бол Ч.Лодойдамбын  "Тунгалаг Тамир"-аас авахуулаад өнөөгийн бидэнд сонгодог болж ирон тодорхой зохиолуудыг хэл найруулга талаас нь зад шүүмжилсээр ирсэн хүн.

Бодохноо Ч.Дагвадоржийн үг үнэн бас гашуун. Одоо цагт зохиолч судлаачид зохиолчдынхоо номыг уншихп/й зүгээр л авч үзээд цааш тавих нь олонтаа. Хэн нэгний худал үнэнээр магтаж гоёсон номыг л хошууран авч үзнэ.

Ингээд Б.Өлзийсүрэн ахайн бүтээсэн туурвисан тэр их зүйлийг харвал үнэлгээгүй, бараг л орчин үеийн утга зохиолын түүхийн гадна үлдээд байх шиг. Өөрөө бол тэр бүхнийг үл тооно. Ер нь таггүй зөрүүд, хэнбугайд ч хэрсүү шударга үгээ хэлээд явчихаж чадна. Би нэг тийм ном бичлээ үүнийг үзэж харж өгөөч гэж явна гэдэг ёсонд хазгай, энэ бүгд олон зүйл бас надаас болсон юм, хэн хүнд цаг үед ч буруу өгч болохгүй гэж Б.Өлзийсүрэн ахай надад Хөх хотод хамт явж байхдаа хэлсэн юм.

Ордосын нэрт зохиолч, ардын билэг зүй судлаач Хасбилэгт абугай Боорчийн удмын хүн, тохиолдлоор Өлзийсүрэн ахын "Боорчи" романыг олж авуутаа тэр дор нь монгол бичигт хөрвүүлэн Хөх хотод хэвлүүлэн тарааж, Өлзийсүрэн ахыг сурагласаар олж, Монголд уригдан ирж Батноров сумын нутаг Боорчийн түүхэн газар Хөхүүрийн тал, Ноён Хатан уул, Домогт Хэрлэн мөрнөөр хоёр өвгөн хамт аялав.

Хасбилэгт гуай ная хүрч байдаг. Боорчиор эхэлсэн цагийн бичгээ бичээд дуусчихсан, Үүшин хошууны түүх, Ордос хуримын зан үйлийн тухай хичнээн ном туурвил, кино бичиж олонд хүргэсэн хүн.

Өлзийсүрэн гуайн "Боорчи" роман Өвөрмонголд хэвлэгдүүтээ л ах дүү монголчуудын бахдалыг төрүүлсэн. Хасбилэгт Өлзийсүрэн найзынхаа дараагийн романуудыг аль хэдийн монгол бичигт буулгачихаад хэвлүүлж байдаг. "Батноровын түүх" гэсэн тоосго шиг зузаан түүхийг Боорчид хамааралтайд үзэж хэдэн зуун хувь Хөх хотод хэвлүүлсэн.

Хоёр өвгөн зохиолч нэг нэгнийхээ эрүүл саруулыг, эрчтэй цуцашгүй хөдөлмөрчийг гайхах нь бахтай.

2013 онд их жанжин Сүхбаатарын мэндэлсэний 120 жилийн ойд тохиолдуулан Б.Өлзийсүрэн ахай "Их жанжин Сүхбаатар" (судлалын) номоо хэвлүүлэв. Би Сүхбаатар судлаач биш ч гэсэн өвгөний хүссэнээр номынх нь босго ээж болов. Эртхэндээ "Д.Сүхбаатарын дүрийг монголын уран зохиолд бүтээсэн нь" хэмээх сэдвээр дэд эрдэмтэний зэрэг хамгаалсан гуч илүү жилийг зориулсан “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүл түүнд мөн ч олон талын мэдлэг чадвар өгсөн буй. Тэнд байхдаа мөн л үзэл суртал энээ тэрээнээс үл айж эсэргүү Р.Чойномыг хүртэл авч ажиллуулж, шоронгоос түүнд явуулсан орчуулгыг нь сэтгүүлдээ хэвлэж эр зориг хэнэггүйтэл хоёрыг зэрэгцүүлэн түүнээсээ болж шийтгэл хүлээн, гадаадад сурах эрхээ хасуулсанаа өнөө ч юманд чинээнд үл бодно. Өлзийсүрэн ах намайг миний бичиж эрээчсэн зүйлийг хүн тоохгүй байна гэх юмуу тоож анхаарч байна гэхийн алиныг ч эс тооно. Нэг бодлын хэнэггүй, сэтгэл хөдлөлгүй хүн юм уу гэтэр тэр тийм биш ажээ. Түүнд зорьсон зорилго, зайлшгүй бичиж туурвих зүйлээ өвгөрч яваа насныхаа боломж чадавхид нөөн тохируулах гайхам чадвар бий. Тэрхүү дайнд их хүч нөөцөөс ундран гарсан шинэхэн романаа урианханы Сүбээдэй баатарт зориулжээ.

Өвгөн бичээч:

-За чи Бурхан халдуны урианханы удмын хүн. Өвгөн бас нэг романархуу номын ард гарлаа. Сүбээдэй баатрын амьдралыг харуулахыг хичээлээ. Үзээд өгнө үү гэлээ. Үзлээ, уншлаа. Б.Өлзийсүрэн ахын түүхэн уран сайхны роман бичих их туршлага чадвар ажиглагдан, оюуны эрч хүч нь хэв хэвээрэнд сэтгэл бадран тэртээ тэргүй уншигчид унших зохиолыг ийм тийм гэж дүгнэлгүйгээр өвгөн бичээч ахынхаа тухайд хэдэн үгийг санааны мухраас гарган бичлээ.

Өлзий хутаг орших болтугай.

Бурхан Халдуны урианхан Дэлгэрийн Жүмпэрэлийн Саруулбуян

Ижил төстэй номнууд (66)
1