




Хүүхэд хэмээх гайхамшигтай бөгөөд нууцлаг ертөнц, түүнийг хэрхэн хүмүүжүүлж ХҮН болгох талаар цөөн хэдэн үгэнд багтаан бичих үнэхээр боломжгүй. Эцэг эх та хүүхэддээ хайртай, хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлье гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй бол энэ номноос хэрэгтэй ямар нэг санаа, арга олж авна гэдэгт итгэж байна.
Энэ номонд бичсэн зүйлс уншигч таны үзэл бодолд нийцэхгүй байж болно. Гол нь хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмд бидний хүүхэд мөн хурдан өөрчлөгдөж байгаа учраас эцэг эх танд хүмүүжлийн тухай ойлголтоо баяжуулах, шинэчлэхэд бид тус болохыг зорьсон.
Энэхүү номондоо бид хүүхдээ сайн хүмүүжүүлдэг ээж аав
нарын туршлагыг өгөхийг оролдсонгүй. Учир нь нэг удаагийн амжилттай туршлага бусад хүүхдийг хүмүүжүүлэхэд тохирч ч болно, тохирохгүй ч байж болно. Иймд бид туршлага биш, эдгээрээс урган гарсан түгээмэл зүй тогтол, суурь шинжтэй санаа, үзэл зэргийг уншигч танд толилуулахыг хичээлээ.
Энэхүү номонд хүмүүжлийн үндсийг ойлгомжтой бичихийн хамт хүмүүжил хэмээх нарийн үзэгдлийг шинжлэх ухааны үндэстэй танин мэдэхэд эцэг эх та бүхэнд туслахыг бас зорьсон олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм.
Хүмүүжлийн тухай хэдий хүмүүс их ярьдаг ч түүнийг ул суурьтай авч үзсэн дорвитой бүтээл манайд өнөө хир ховор л байна. Энэ байдал магадгүй хүмүүжил хэмээх үзэгдэл өөрөө үнэхээр нарийн төвөгтэй, барьцгүйтэй холбоотой байж мэднэ.
Ингээд уншигч таны үр хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэх ажил үйлст чин сэтгэлээсээ амжилт хүсье!
Та хүүхэддээ хэр их анхаарал халамж тавьж, сэтгэл зүрхээ зориулна, таны хүүхэд төдий чинээ сайн хүн болно хэмээх зүй тогтлыг үргэлж санаж яваарай!