Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Өглөө
Зохиогч: Пүрэв.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 25000₮
Номын товч

Уг нь би С.Пүрэв ахын "үргэлжид үзэгдэгч" авьяасын тухай, "хүн нөмөр" чанарын тухай , утга зохиолын 80-аад оныхон гэгдэх бидний үеийнхэний анхны өгүүллэг, шүлгүүд эгэл жир, энгүүн нөхөрсөг энэ "хар" зохиолчийн гараар орж " Утга зохиол, урлаг" сонин болон "Цог" сэтгүүлд тавигдаж байсан тухай, тэр үед С.Пүрэв Монголын Зохиолчдын Хорооны 308 өрөөнд суудаг байсан хийгээд, үүд нь байнга онгорхой байдаг тухай, "Утга зохиол, урлаг" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга тэрбээр анх удаа миний нэрийг нэгэн найруулалын минь ард Дан.Нямаа гэж бичсэн тухай, тэрчлэн "Алс цагийн аяс" нэртэй анхны шүлгийн түүврийн шагналыг С.Пүрэв, С..Дашдооров нар хаанаас очин авч, хэрхэн зарцуулдагийг биеээр заан өгч хамт явсан тухай, анхны номын минь өмнөтгөлд түүний бичсэн "Уран бүтэээлч хүнд амьдралыг харах билгийн нүд гэж бий..." ийм нэг өгүүлбэр байдаг бөгөөд тэр нь дандаа шинэ номоо бэлдэх бүрийд минь бодогддог тухай , түүнийг шинээр хэвлүүлсэн номоо барьсаар редакциар орж ирэх болгонд нь манайхан дэрхийн босдог тухай, тэдний зарим нь ус буцалгахаар гарч, нөгөө нь кофе бэлдэж, бас нэг нь хэн нэгэн зохиолчийг лавлан асуудаг тухай, тэр зуур С.Пүрэв ах бидний нэрийг маш гаргацтайгаар номон дээрээ бичиж суудаг тухай, номоо авахаар зогсож байхад бушуухан уншихын хорхой гэрэлт цох шиг цээж эрвэгнүүлэн гүйдэг тухай, саяхан утгын чимэгт түрүүлсэн "Нохойн зовлон барагддагүй..." өгүүллэгээр нь РТДС-ийн "Бадрангуй" уран зохиолын дугуйлангийн нэгэн оюутан дипломын ажил хийхээр сураглаж явсан тухай , уран зохиолын ертөнцөд гараас минь хөтөлж оруулсан багшаа би яагаад " ах" гэдэг тухай, багш минь ч намайг " шавь, мавь" гэлгүй, зүгээр л "дүү" гэдэг тухай, за тэгээд "Өглөө" өгүүллэгийн шинэ түүврээ надаар редакторлуулахаар ирсэн тухай бичнэ гэж бодсон юмсан. Гэтэл "Өглөө " ном энэ тухай бичүүлсэнгүй, учрыг одоо тайлсугай, эрхэм уншигч минь.
"Баясгалан" тодотголт Луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өглөөг "Өглөө" номыг уншсаар тосов шүү. Яагаад гэвэл, энэ өдөр уг номыг зохиогчид нь буцааж өгөх учиртай байлаа. Үг, үсгийн алдаанд сатаарах бүрдээ би тухайн өгүүллэгийн ид шидэнд олзлогдон шимтэж, шимтэж олзлогдсоноо мэдэрч байв. Бушуухан гэгч засаад л цааш уншихаар яарна. Тийн ахуйдаа өгүүллэг уншигч биш, өгүүлэгийн баатарт хувирснаа анзааран сэрэх тун сонин. "Уран бүтээл хэзээ ямагт хувь араншин байдаг." Би-бээр энэ үгийг мөн ч олонтаа бичсэнсэн. Одоо ч давтан бичихээсээ уйдахгүй байна. Өгүүллэг бүрээс С.Пүрэв ахын амьдралыг хайрлах элгэн халуун хайр, хэрсүү нинж сэтгэл, инээмсэглэлт цагаан ёгтлол, гүнзгий зөнч ухаарал, урь нимгэн сүжрэл, өтгөсөөс цусанд нь юүлсэн монгол сэтгэхүй, байгаллаг амьд сэрэл, утга зохиолын хаан боловсрол, за тэгээд өөртэй нь хамт төрсөн төрөлх гарвальт авьяас билэг нэвт тодорхой гэрэлтнэм бүлгээ.
Ерөөс " авьяас" -гэгч гарт баригдаж,нүдэнд харагдаж, хэлэнд амтагдаж, хамарт үнэртэж, сэтгэлд тэмтрэгдэж, зөнд гэрэлтэж байдаг тийм нэг, хэд дэх ч юм "эрхтэн" ажуу. Үүнийг би, өгүүллэг нэг бүрээр нь баталж болох ч энэ богинохон өмнөтгөлд хэрхэн багтаахсан билээ. Тэгэхдээ ингээд орхичож үл түвдмой. Тийм болохоор "Хөх тарианы улирал" хэмээх өгүүллэгээр нь дээрхээн батлая, элгэмсэг дотно уншигч минь. Өгүүллэг ингэж эхэлдэг. "Аль эрт, долоон сарын дундаас гандаж зэгэл сааралтсан тал дундуур хоёр морьтон дөрөө харшуулж явав.” Гараан саравчлан тэр зүг онийн ширтмээр санагдах бүлгээ. Энэ хоёрын “...нэг нь хуучивтар цэнхэр алчуур толгойдоо зангидаж, гандмал ногоон тэрлэгнийхээ энгэр чинадаас сүүрс алдам чандага хоёр хөхөө бардмаар түрж , салаа хархан гэзэгээ ар нуруу руугаа асгаруулсан жижигхэн бор бүсгүй, нөгөөх нь түүнээс тэгтэл ч биерхээд байхгүй атлаа эр хүн юм болохоор ялимгүй бадриун чийрэг, дуу хоолой өсгөлүүн, хар хөхөлбий царай нь өөртөө бузгай зохисон хархүү байлаа...” Бүсгүйг Доржмаа, хархүүг Борбанди гэдэг амой. Тэдний дүр төрх нүдэнд харагдаж, хувцас хунар нь гарт тэмтрэгдэх ажу. Зохиогч бас нэг тодотгол нэмсэн нь : “ямаа нэг ишиглэх хооронд хүү, охин хоёр төрүүлэн...” гэж бичжээ. Залуу хосууд зуны халуун өдөр хөх тарианы талбайгаас тогоруу хөөх гэж яваа нь энэ аж. Халуун ч гэж халуун өдөр таарч. “...Сэвэлзэх салхи хүртэл хамрын нүхээр нь халуун төмөр шургуулах мэт бүгчим...” Хиншүү хярвас, төмрийн утаа үнэртэж, хоолой арганам.
Морио усалж зогсонгоо Борбанди эхнэрээ хэсэгхэн дуугүй ширтсэнээ "Сургуулийн хүүхдүүд хичээл номдоо явахаар энэ маань дагаад үйсэрчихдэг юм. Арга ч үгүй биз дээ. Ажил жаахан цэгцрэхээр аймаг орж “халзан” Норов даргатай уулздаг хэрэг. Аягүй бол бид хоёр ингэж ноололдож байгаад дахиад бүл нэмнэ. Тэгвэл бүр сургууль соёл ярилтгүй болно..." гэж бодож байна. Ямар энгүүн дотно хайр энхрийлэл вэ? хэзээ би эхнэрийнхээ тухай бодлоо доо.
Чацранд тэр намар тариа их ургаж, жинхэнэ хөх тарианы улирал айлчлав. "Тариа хөх, салхи хөх, алсын уулс хүртэл хөх ногооноор дуниартана.” Хөх өнгөнд ууснамаа. Чухам энэ үеэр л өгүүллэгт "сэтгэлд тэмтрэгдэх" нэг юм болж байна. Одоо тэр тухай уншицгаая. “Ховдын сургуулийн хэдэн хүүхдүүд тэдний ажилд туслахаар ирж гавьяа ч байгуулж, гай ч тарьж бужигнуулж байгаад буцав. Гавьяа нь ч яахав тодорхой. Гай гэдэг нь базаалтай биш атлаа хорлогоонтой юм байв. Ахлах ангийн оюутан нэг өндөр охин Борбандийг дагаж гүйн, бүр Доржмаагийн нүдэн дээр халаасанд нь чи хэр хийж, хацар нүүрийг нь илж цадиггүйтсэн хэрэг. Доржмаагийн хор шар буцлан , үгүй ээ ерөө, байтлаасаа авааль нөхрийг минь эргүүлэх нь ээ гэж санан, тарианы шангийнг захад дуудан аваачаад үхрийн нойтон баас нүүрэнд нь хялж орхив.” Хэрэг эндээс манджээ. Багш оюутнаа өмөөрч, эхнэр нь нөхрөө харамлаж гурвалжин дөрвөлжин юм л болчухуй. Эцэс сүүлд нь Борбанди буруутан болж буулт хийснээр амьдрал нэг юм эв гавдаа оржээ. Буцахынхаа өмнө мөнөөх оюутан ч тэднийд өглөө эрт гүйн орж ирээд -Доржмаа эгчээ таны зөв байсан шүү , би танаас уучлал гүйж байна гэжээ. Сэтгэл дотор ариусахын бадаглал жигдэрнэм. Сайхан чиг хорвоо ёо. Ай даа, амьдралд дурланам. Гэхдээ өгүүллэг төгсөх болоогүй байна, уншигч минь. Дараа жилийн хавар нь Доржмаа их сургуульд мордож, Борбанди хоёр хүүхдээ хөтлөөд хоцрохдоо ингэж хэлсэн юм даа. “...Битгий энд тэндэхийн хадлан тарианы газар сайн санасан хүнийхээ халаасанд чихэрийн цаас чихээд байгаарай, Би үхрийн баасанд хутгалдсан халтар хүүхэн өвөртлөлтэй нь биш...” Яагаад ч юм би, Доржмааг ичиж улайхаасаа илүүгээр энхрий дотноор авааль нөхрөө хайрлан ширтсэн байх гэж бодсон шүү. Ийнхүү өгүүллэг бүр нь амьдралд шунан тэмүүлэхийн гэрэлт бамбар зүрхэнд асаанам буюу. Муухайгаасаа сайхан нь илүү, муу хүнээсээ сайн хүн нь олон ямар ч сайхан орчлон юм бэ дээ, энэ орчлон чинь.
"Өглөө" -өгүүллэгийн номыг уншаад сэтгэл зүрх уужран, зохист амар амгаланд хүрч, цээжин дотоодод хайр нялхрах амуй. Ерөөс С.Пүрэвийн зохиолуудын амин сүнс нь "хайр" юм. "Хайр" үгүйгээр баатрууд нь амьд тодоор оршихгүй. Пүрэвийн зохиолын баатруудын тэр хайраар уншигчид нь шүншиглэгдэн ариусч, амьдарлын утга учрыг ухаарахын их аян замд гардаг. Тэрбээр "...амьдрал бол ухаарч ариусахын их аян..." гэдгийг зохиол болгондоо тунхагладаг.Тэгэхдээ бусад шиг орилж чарлан цээжээ дэлдэн тунхагладаггүй, учирлан ярьж, уянгалан хүүрнэдэг. Зохиол бүр нь энгүүн тодорхойгоор хоногшиж, эгэл жир баатруудынх нь дүр төрх харагдаж, тэдний оюун санааных нь гэрэлт ариусал уншигч биднийг гэгээрүүлж байдаг. С.Пүрэв ах ном болгондоо шинээр төрж байдаг нь энэ удаа ч мөн давтагдаж байна. Түүний уран бүтээлийн нэгэн шинэ "ӨГЛӨӨ" яруу тодорхойгоор эхлэж байна. Үүнийг өгүүллэгийн шинэхэн түүвэр "ӨГЛӨӨ" нь нотлоном.
Энэ лүгээ, "Баясгалан" хэмээх Луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өглөөний тунгалаг том улаан наран мандан мишээхүйн баринтаг дор энэхүү "Ариусахын бадаглал" хэмээх өмнөтгөлөө өндөрлөюү. Шинийн найманд уншсан маань, тарни өчнөөн дахин үржин дэлгэрнэ хэмээн бурхан номын мэргэд айлдчухуй. Тийнхүү аваас авьаяс билэгт зохиолч С.Пүрэв багш тантай учран золгох уран бүтээлийн шинэ өглөө бүхэн чинь омог төгөлдөр онгодоор жигүүрлэж, уншигч түмэндээ өргөн барих бүтээл туурвил чинь олон олноор үржин арвидахын билэгт ерөөл дэвшүүлье.
Номын цагаан буян үргэлжид дэлгэрэх болтугай.
Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаа
2012 оны 03 -р сарын 01.Пүрэв гараг.
Цагаагчин тахиа өдөр.

Ижил төстэй номнууд (272)
1