Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Мөнх тэнгэрийн алс
Зохиогч: Пүрэв.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 25000₮
Номын товч

Монголын орчин үеийн хүүрнэл зохиолын гол төлөөлөгчдийн нэг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Санжийн Пүрэв өгүүллэгийн шинэ түүврээ уншигч Танд өргөн барьж байна. С.Пүрэв “Азын цэнхэр уул” шилмэл өгүүллэгийн ботио 2003 онд, “Амгалан талын аяс” өгүүллэгийн түүврээ 2005 онд, мөн Монголын уран зохиолын дээжис 108 ботид өгүүллэг туужийн хоёр ботио 2007 онд тус тус хэвлүүлэн олны хүртээл болгосон бол өдгөө “Мөнх тэнгэрийн алс” нэрийн доор шинэ өгүүллэгүүдээ дээжлэн мэргэн уншигчиддаа илгээж байна.

С.Пүрэвийг зуу зуугаар тоологдох өгүүллэгтэй зохиолч гэдэг нь үнэн. Түүнийг эл гурван түүвэр бэлхэнээ харуулна. Зохиолчийн түүврүүдэд аль ч өгүүллэг бүтээл нь давтагдан ороогүйгээс үүнийг мэдэж болно. Монголын уран зохиолын хатан ээж хэмээгдэн олноо хайрлагдсан Төрийн шагналт зохиолч Сономын Удвал агсан С.Пүрэвийн уран бүтээлийн талаар нэгэнтээ “…Гол мөрний жирэлзэн урсах, далайн давалгаалах долгион, шувуудын донгодон жиргэх, ер байгалийн мянган зүйл, түмэн үзэгдэл бүхнийг бид хэн маань ч зуран дүрслэхийг оролддог. С.Пүрэв бол монгол нутгийн гайхамшигт сайхныг гоц сайн харуулдаг хүн юм. Нүднээ үзэгдэж, чихнээ сонсогдох шиг бичнэ гэдэг бол дүрслэх авьяас билээ. Түүний дээр хүн хүнтэйгээ, хүн байгальтай, нийгэм нийгэмтэйгээ, хүн нийгэмдээ хэрхэн харьцаж байгааг мөн л байгалийг дүрслэн зурхын хамт уншигчийн бодол санааг дайчлан зохиолчтой, зохиол бүтээлтэй нь зөрөх, зөвших, баталж нотлох, баярлах хилэгнэх сэтгэлийн бүх чавхдасыг, аяс айзмыг догдлуулахад хүрвэл уншигч сая сэтгэл нь ханаж уран бүтээл уншсан шиг болдог.

…С.Пүрэвийн бүтээлүүдэд Алтай нутгийн ард олны амьдрал жаргал онцгой байр суурь эзэлж байна. С.Пүрэвийн энэ уянгалаг сайхан өгүүллэгүүдийг амтархан уншихад амсхийх шиг болдог” хэмээсэн байдаг.

Судлаач шүүмжлэгчид С.Пүрэвийг “Монголын уянгын тууж, өгүүллэгийн ноён оргилуудын нэг” хэмээн өргөмжилсөн байхтай бивээр ном сонины хуудсан дээр бишгүйдээ таарч байжээ. Уран бүтээлийн олон жилийн андын хувьд би ч үүнтэй санал нэг явдаг хүн.

С.Пүрэв Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров, Орос Зөвлөлтийн өгүүллэгийн нэрт төлөөлөгч Владимир Лидин нарын гарын шавь явсны хувьд дээрх хоёр их хүнээс чамгүй юм сурч авснаа та бидэнтэй хуваалцах эрхтэй төдийгүй үүрэгтэй, түүнийгээ ч нэр төртэй биелүүлж яваа нь түүний бүтээлээс бүтээлд шингэсэн байдаг.

Энэ зохиолч маань утга зохиолын бүхий л төрлөөр бичиж туурвин олны танил болсныг мэргэн уншигчид андахгүй. Тиймээс ч тэрбээр өөрийн гэсэн мянга мянган уншигчид, шүтэн бишрэгчидтэй, нэг үгээр хэлэхэд нэн хэгэцээтэй зохиолчийн нэг болсныг манай үе үеийн соёлт уншигчид батлана.

Зохиолчийн өгүүллэг, тууж, роман зэрэг олон арван бүтээл дэлхийн олон хэл дээр хэвлэгдсэнээс ажихад С.Пүрэв монголынхоо уран зохиолын хил хязгаарыг аль хэдий нь даваад гарчихасныг илтгэнэ.

Зохиолч маань залуу халуун насандаа уурхайчин, цэрэг зэрэг ажил албанд зүтгэж, мөн бүх л насаараа сэтгүүлчийн хөдөлмөр эрхлэн “Утга зохиол, урлаг” сонин, МҮОН-ийн радиод ажилласныхаа хувьд гадаад дотоод томилолтоор олонт явж хүн ардтайгаа уулзан баялаг материал цуглуулсан туршлагатай нэгэн. Тэр ч хэрээр С.Пүрэвийн өгүүллэг, тууж, роман бусад уран бүтээлд алив газар орны өнгө төрх, хүн ардынх нь ёс заншил, ажил амьдрал гүнзгий туссан байдаг. Түүнийгээ товч тодорхой, яруу тансаг хэл найруулгаар амилуулдаг нь энэ зохиолчийн бичлэгийн арга барилын онцлог гэдгийг ч судлаач шүүмжлэгчид нэг бус удаа тэмдэглэжээ. Энэхүү номоос ч уншигч та түүнийг нь бэлхэнээ олж мэдэх болно.

Зохиолч сэтгүүлч Б.Ганбат нэгэнтээ Пүрэвийг “Зүгээр сууж чаддаггүй ажилсаг гярхай зохиолч” гэсэн нь зохиолчийн мөн чанарыг олоод хэлчихсэн үнэн үг. Үнэхээр ч энэ зохиолч цагийг хий хоосон үрдэггүй, түүнийгээ “Миний биш, ард түмний минь цаг” гэж айлдах дуртай. Тэр ч чанараараа аливаад хичээж зүтгэн цаг хугацааг хий хоосон өнгөрүүлдэггүй бүтээж туурвиж явдаг нь шинэ шинэ уран бүтээлийнх нь өгөөжөөс бэлхэнээ харагдана.

С.Пүрэвийн зохиол бүтээлийг нягталан ажихад амьдралыг ухаанаар задалсан, хэнд ч бол заавал нэг шинийг хэлээд өгчих гэсэн хичээнгүй чанар шингэсэн, түүнийгээ жинхэнэ уран зохиолын сонгодог аргаар дүрсэлсэн байдаг нь олзуурхууштай санагддаг. Зохиол бүтээлээ яруу тансаг, хэл найруулгын хувьд өндөр төвшинд бичдэгээрээ бусдаасаа ялгардаг гэж бүрнээ хэлж болно. Аливаа зохиол бүтээлийн амин сүнс нь төрөлх хэл гэвэл С.Пүрэв түүнийг эзэмдэж, эрхэмлэж, зохиолчийн хувьд уншигчидаа дээдлэж чаддаг хүн.

С.Пүрэвийг монголынхоо уламжлалт аж амьдрал, хүнлэг өөдрөг чанар, Алтай сайхан нутгаа, тэр дундаа төрөлх Дарвийнхаа хүн ардын ёс заншил, ажил үйлсийг эрхэмлэн дээдэлдэг, тэр ч хэрээр бүх л зохиолоос нь монгол хүний нүнжигтэй дүр төрх харагдаж, яриа хөөрөө нь ч буй төрхөөрөө чихнээ сонсогдож, нүднээ харагдан бүр харилцан ярилцаж суугаа мэт ойр дөт, танил дотно, элгэмсэг журам нэвт шингэсэн байдаг гэдэг нь мөн л бодит үнэн. Түүнийгээ тун ч эв донжийг нь олж бичдэг бөгөөд үүнтэй маргаж эрэгцэх хэрэггүй юм.

МУСГЗ, зохиолч Д.Маам агсан нэгэн номынх нь оршилд “Хэрэвээ Монгол орон байхгүй болоо гэж бодоход С.Пүрэвийн зохиолуудаас монголыг цуглуулж болно” гэж бичсэн нь дээрхи санааг батална. Энэхүү номонд орсон “Хөхбүрдийн намар”, “Ус голын минь шивнээ”, “Дуурлигийн хөх нарс” болон “Чөтгөрийн бага Гүнсэл”, “Улаан дэлбээт цэнхэр цэцэг”, “Элст манхан нутагтайдаа”, “Эзэнгүй” зэрэг бүх л өгүүллэгт нь монгол хүний аугаа уужим сэтгэл, дэлгэр тавиун амьдрал, холыг харсан ухаан, санаашрал, хүсэл бодол аль бүхэн шингэсэн нь уншаад байгууштай, уншсан хойноо тунгаан бодууштай санаа нэвт шингэсэн санагдана.

Энэ нь ч түүний зохиолын бусдаас ялгарах онцлог, өөрийн гэх дотоод чанар юм. Аливааг гярхай ажиглаж, үнэлэлт дүгнэлт өгөхөөсөө илүү уншигчиддаа эргэцүүлэн бодох чөлөө үлдээж, үзэл бодлоо хуваалцдаг нь энэ зохиолчийн бичлэгийн өвөрмөц арга барилын өөр нэг хэлбэр гэж судлаачид дүгнэсэн нь үнэнд нийцэнэ. Зохиолч маань жижиг юмаар том санаа илэрхийлнэ гэж үздэг нь ч эл бүхнээс танигдах бизээ.

С.Пүрэв өгүүллэг, таталбар, бодрол, зураглалаар бүтсэн шинэ номоо “Мөнх тэнгэрийн алс” хэмээн нэрэлсэн нь учиртай. Энэ хүнд мөнх тэнгэрийн алсад арвин бүтээл, өөдрөг сэтгэлтэй зорих өнө хүсэл бий. Тэр зорилгодоо ч хүрч чаддаг уран бүтээлч. Тэнгэрийн уул Алтайн тэнгэрлэг хүүгийн шинэ шинэ бүтээл уншигч таны алган дээр он жилээр нисэн нисэн бууна. Сэтгэлд хоногшсон бүтээл цагийг эзэлдэг гэсэн сайхан үг бий. Энэ үүргээ Санжийн Пүрэв зохиолч нэр төртэй биелүүлж явна. Үүнийг цаг хугацаа бидэнд бэлхэнээ харуулж байдаг юм.

Эрхэм нөхрийн минь номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, доктор, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Сономын ЛОЧИН

2007 оны 03 сарын 18.

Ижил төстэй номнууд (272)
1