Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Амгалан талын аяс
Зохиогч: Пүрэв.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 25000₮
Номын товч

Тэр зун хөл хүндтэй Жавзан бүсгүй ус голдоо хамгийн хүндтэй нэгэн байлаа. Ер нь ч Майханы голынхон шинэ тулгар хүнийг гаргууд дээдлэн алган дээрээ бөмбөрүүлэх нь холгүй найрсана. Хүний ёс жудаг их хойно доо, арга ч үгүй юм. Тэр дундаа манай голынхон сүүлийн бүтэн жил нялх үрийн дуу сонсоогүй нь мянган жил өнгөрөхтэй адил байлаа. Тэр урт ужиг хугацааг Жавзан л эцэслэн хүмүүсийн хайр баярыг оргилуулдаг дээрээ ирээд байгаа нь энэ. Түүнийг нь хүүхэд хөгшидгүй хүлээнэ. Хүлээх хүлээхдээ нойроо хугаслан чих тавина.

Буурал Дугар гэж насаараа багийн дарга хийсэн хашир хөгшин бүхнээс илүү өндөлзөж хангайгаас шинэ араг хүртэл захиулж авч ирсэн нь цаанаа л нэг учиртай. Дугар даргын хөгшин Лхамцоо Жавзангийн ээжтэй аяга цайгаа хуваалцах зуураа шөлний хонь амлах нь ч шинэ хүнээ ус нутгаараа хүлээсний битүүхэн хайр болой. Тэрбээр Жавзангийн цондгор гэдсийг мойног хуруутай алгаараа илэн нүдэндээ нулимс цийлүүлэх нь холгүй “Энэ хөдөлж тонгочиж байх нь цаанаа л тамиртай, манайхан ч даага чихэддэг хүнтэй болохдог оо. Намжимын бага хүүгээс хойш бид чинь хэчнээн ч хүүхэнтэй болов” гэж ирээд л инээд алдана.

Жавзангийн аав бодь эр тэдний хөл алдахыг нууцхан ажиж дотроо инээд алдавч гаднаа гаргахгүй “Муу охиныг минь тэнгэр ивээж хүсэл бүхэн нь биелэг. Арван банди цувуулсан Лхамцоо мэдэж байгаа л даа. Охин минь нутгийн олноо баярлуулж, хөгшин бид хоёрт ёстой нэг мантагар улаан хүү үнэрлүүлэх байхаа” хэмээн бодож шинэ хүнд дотроо морь зүсэлж билэгшээнэ. Тэрбээр Дугартай хар багаасаа нөхөрлөж явсны хувьд өдгөө өөрөө л зээгийн бараа харах гэж байгаа юм шиг хөл алдан дэгдэгнэхийг хараад өрөвдөх ч шиг, хайрлах ч шиг.

Тэр зуны сайхныг яана. Хөлөөр зулсан ногоонд мал хахах шахна. Бороо хур ч элбэг. Хэдэн жилийн ган гачигт туйлдсан хүн малын зоо тэнийж, магнайн үрчлээ арилсан байлаа. Тэгээд ч өнөө маргаашгүй шинэ хүний дуу сонсож барааг харах гэж байгаа хойно уужуу амгалан байхаас ч яалтай.

Майханы голд гашуун нясуун идээнд шимтэж явдаг хэд гурван хүн бийг нуугаад яахав. Тэд хүртэл шинэ хүний заяа хэлтийлгэчих вий гэсэн шиг морин туурай тачигнуулахаа байлаа. Харин ч аавд нь дэм тус болох санаатай адуу малыг нь ойртуулж, аргал түлшийг нь дөхүүлээд ирэх нь энүүхэнд.

Нэг л өглөө тэр хот айлынхан буурь сэлгэн баруун ташлангийн эхэнд байх Огторгуйн зуслан хэмээх сэлүүн сайхан зусландаа бууцгаалаа. Энэ ч бас учиртай. Майханы голынхон хэзээнээс нааш “Огторгуйн зусланд хүү төрдөг ээлтэй газар” гэж дээдлэх бөгөөд үнэхээр ч тэнд хэдэн сайхан хүү мэндэлсэн, тэд бүгд эрүүл чийрэг, цовоо цолгион өссөнийг хэн хүнгүй мэднэ. Тэр нүүдэл суудал шинэ хүн маань өнөө маргаашгүй нялх дуугаа хадаахын ерөөл гэдгийг мэдсэн хүмүүсийн хүлээлт аз жаргалтай цаг мөч рүү улам яаруулна.

Нартай тунгалаг хэд хоног ажин түжин өнгөрлөө. Жавзангийн царай нимгэрч хөл нь хөнгөрөн ус зөөж, аргал түлш зэхэн хормой ороосон ойр зуурын ажилд шамдаж, дээл хавж, утас ээрч ч байх шиг. Ээж нь энэ бүхнийг ажиж “Өнөө маргаашгүй болчихож шүү” хэмээн баярлахын зэрэгцээ “Охин минь төрөх гэж байгаа хүн утас ээрдэггүй юм. Хүүхдийн хүй орооцолдоно” гэж сургана.

Нар хэвийж байх үес Дугар хажуудаа хайнгад орхисон гаанс тамхиа авч нэрэн шингэн саарал утаа манаруулж сууснаа хөгшиндөө,

-Цаад хүүхэд чинь өнөөдөр байн байн орж гараад хөл нь хөнгөрчихсөн нэг л бишээ. Ер нь шахсан байх шүү гэвэл хөгшин нь цаанаа л тайвнаар,

-Өө, хөөрхийс…Одоо ч нэг болсон байхаа, тэгвэл. Халуун зун аахилж суух ч амаргүй шүү гэснээ аягатай цайгаа газар тавин өндөлзөв. Түүнийг нь ажсан Дугар,

-Чи чинь яагаад л өндөлзөөд унав даа гэвэл хөгшин нь,

-Яахав дээ давсаг базлаад…гэсээр гарав. Дугар тамхиа дахин нэрж суухдаа “Хөөрхий дөө, олон төрсөн болохоор тулгар амьтан дагаад сууж чадахгүй байх шиг байна. Энэ өнөө оройжин урд ганга руу гүйх нь л дээ. Төрнө гэдэг ч амаргүй даваа л даа” гэж бодов.

Дугарыг гарвал хөгшин нь хотны хөлөөс айсуй. Дугар хураалттай бараан дээрээс хангайд хэрэг болгон захиулсан шинэ аргаа авч эргүүлж тойруулан нямбайлж үзсэнээ “Энэ хангайнхан ч юм хийж чадахаа байжээ. Үдээр нь суларчихаж. Нойтон бургас болохоор хатаах гэсэн бурууджээ. Охин үүнийг үүрч зовлонгоо гээгээд дараа нь түшиж төрөх учиртай. Нүүдэл суудалд шинэ хүнээ суулгана, өргөс сэлтэс байх вий” хэмээн шалгана.

Дугар арагаа буцааж тавиад баруун айлдаа орлоо. Тэд гурвуул хараад баярлам амгалан сууцгаана. Жавзан ээжийнхээ өвдөг түшин туниагүй инээмсэглэж байлаа. Дугар аяга цай яаруу оочлоод “Өнөө шөнөөс хэтрэхгүй болжээ” гэж санан,

-За би ч гарч хонио хотлуулахаа бодъё гэсээр өндөлзөв. Хүн төрж магнай тэнийх, хэн нэгнээ тэнгэрт нь үдэх гээд аль бүхнийг үзэж элээсэн хоёр хөгшин үг хэлэхийн оронд биесээ дуугүйхэн ажаад хоцров. Тэгтэл Дугар гаднаас “Цэвээн, манай бараан дээр араг байгаа, охинд үүрүүлээд домночих. Ер нь ч оруулчихад гэмгүй шүү” гэж тайвуухан хэлээд алхаа нь холдов.

-Дугар хашир хүн дээ, нэгийг ажив бололтой…гэхдээ Жавзангийн ээж охиныхоо зулайг зөөлөн илэв.

-Үргэлж л биднийхээ төлөө гүйх юм даа, хөөрхий. Хөгшөөн чи жаахан шар тос хайлуулна уу. Би араг дөхүүлье гэсээр аав нь нэг их юмнаас халгасан мэт гулав шалав гарлаа. Жавзан ээжийгээ улам налан нялхарч,

-Ээжээ, миний гэдэс базлаад байна гэв.

-Тэгдэг юм миний охин.Орон дээрээ гар.

-Үгүй ээ, би танаас холдохгүй.

Од түгэхийн алдад Жавзан маамаалж, мөнөөх шинэ хүний туниа муутай дуу Огторгуйн зусланг сэрээв.

-Тэнгэр минь, яасан ч бадриун муухай охин бэ!

-Хэлээд яахав, охин минь ч амарлаа. Сайхан ч төрлөө.

-Эр хүний суудал дээр заларсан амьтан эр хүн шиг л тачигнаад өснө. Муухай ч амьтан бол доо гэлцэн өхөөрдөцгөөж шинэ хүнээ гар дамжуулна.

Нялх үрийн дуу сонсолгүй өдий бүтэн жилийг ардаа гээсэн тэд шинэ хүнээ бүүвэйн дуугаар өлгийдөж авлаа.

Дүүрэн сартай шөнө бүүвэйн дуу сонссон уул ус, хонь мал хүртэл амасхийнэ.

2003 он он.

 

Ижил төстэй номнууд (272)
1