Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Тэнгэрийн зүүд
Зохиогч: Галсан.Ч 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2000₮
Номын товч

Дэлхийгээс нутагтаа ирсэн зохиолч

Бид уран зохиолын нэгэн уяаны морьд билээ. Балчир шүлгүүдээ хэвлүүлж байтал тэр маань 1980-аад оны эхээр уншигчдын хүртээл болгосон “Аянгат цагийн тууж”-аасаа хойш нэг л өнгө засарч арал томроод явчих нь тэр. Цагтаа Монголын хүүрнэл зохиолын оргил гэгдэж байсан идэр, дунд насныхан ид шуугиулж явсан нь ч ийм хvн хаанаас гараад ирэв ээ гэх шиг гайхшран угтсан нь мэдээж. Тэгсэн атлаа шинэ хэвлэгдсэн туужийг нь ч, шил дараалан уншигдах болсон өгүүллэгийг нь үнэлж цэгнэсэн, утга зохиолын халуун яриа өрнүүлсэн нь ховор живэр. Харин унших нөхөд, цөөн хүн талархан дэмжиж, зохиолчид сэтгэлийн мялаалга өргөж байлаа. Чингиз Айтматов, Валентин Распутиныг л уншигчид шагшин шуугьж, социалист утга зохиолын гол хандлагыг илэрхийлж байгаа мэт бодож санадаг байсан үе. Уг нь “Аянгат цагийн тууж”-ийг зохиогч нь В.Распутинээс нэлээд хэдэн жилийн өмнө биччихсэн байсан юм билээ. Yнэхээр ч цаг өөрчлөгдөн үзэл сурталтай амь амьсгаа нэгтэй явсан хуурмаг уран зохиол, зохиолчидтойгоо арчигдаж, тоотой хэдэн бүтээл юу ч болоогvй юм шиг үлдсэний дотор мөнөөх тууж зохиогчтойгоо багтана. Шинэ сэвүүн цагийн агаар салхи сэвэлзэхэд өнөөх уран зохиолын нэгэн уяаны морь минь Герман орныг зорьж эх хэлээр нь бичсэн туужаа хэвлүүлэв гэнэ. Өгүүллэг, роман, шүлгийн түүвэр, баримтат зохиолоо герман хэлт уншигчдын хүртээл болгов гэнэ. Тэгснээ бүр Герман орон, герман уншигчдаас хальж Итали, Испани, Голланд, Франц гээд хөгшин Европын, тэр ч бүү хэл Израйльд, Японд зохиол нь хэвлэгдлээ гэнэ.

Юутай баяр. Юутай завшаан. Гадаад орон гүрэнд зохиолчийн шинэ ном хэвлэгдэх бүрийд, уншигчидтайгаа учран золгох бүрийд Монголын болон монгол уран зохиолын нэр дэлхийн энтэй хэлцэгдэж үндэсний өвөрмөц бодол сэтгэлгээ, сэтгэлийн ур нь даян дэлхийд түгэх үүд хаалга нээгдэж байсан хэрэг. Чинагийн Галсан цаг үеийн нөхцөл, юм юмнаас шалтгаалж Монголдоо тоотойхон зохиол нь уншигчдад хүрсэн ч, герман хэлээр 1990 хэдэн оны дунд үеэс хойш бичсэн таван роман, мөн түүнээс олон тооны тууж, яруу найргийн бүтээл нь хэлний яруу, дүр дүрслэлийн өвөрмөц, баатрынхаа сэтгэлзүйг нээсэн аяс барилаараа эхний эгнээний уншигчдыг төдийгүй, утга зохиол судлагч европын хашир гэвэл хашир, юм үзэж уншсан гэвэл уншсан алдартнуудын талархал, үнэлгээг хүртэж явах.

Гадны уншигчид, утга зохиолын мэргэжилтнүүдээс түүний роман, тууж, яруу найрагт өгсөн үнэлгээнээс ганц хоёрыг дурдвал,

“...Энүүн (“Дуу амрах цагаар тууж”) шиг үг, өгүүлбэр бүр нь туйлдаа хүртэл цэнэгшсэн ном хэдүйд хамгийн сүүлд уншсанаа би санахгүй байна. Сэтгэлийн утсыг доргион, ухааны үүдийг нээгдтэл хуучлах увдистай хүний л зүг бултын чих дэлдийх яруу сайхны тэр үнэн хаанаас ч илүүтэйгээр чухам нүүдэлчний оромжинд л бүрэлдэх бөгөөд тийнхүү эсгий гэрт төрж өссөн нэгэн бээр бидний эх хэлийг зохиолынхоо хэл болгохоор шилж авсан нь германы утга зохиол, магадгүй дэлхийн утга зохиолын хувьд азтай эгшин байжээ гэлтэй”.

“Дий Цайт” сонинд профессор Харк Боом.

“Хөх тэнгэр” роман нь хэл найруулга яруу тансаг, үйл явдал барим тавим, бас цалгим бялхам, хэн нэгэн ид шидтэн холын холоос германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт.

“Шпийгель” сэтгүүл

Хатагтай Корнелиа Шрудде “Герман хэлт уран зохиол дахь нүүдэлчин-Чинагийн Галсан” нэг сэдэвт зохиолоор докторын зэрэг хамгаалсан нь 1999 онд Берлин дэх Петр Ланг хэвлэлийн газарт 368 хуудас бүхий ном болон хэвлэгдэж Европын их сургуулиудын сургалтын хөтөлбөрт оржээ. Тува яст монгол зохиолч ийнхүү дэлхийн чихийг дэлдийлгэж явааг дуулах бүрий “Овоо доо, Монгол минь!” гэх бодол төрнө.

Биеийн хүч эв дүйгээр Д.Дагвадорж гээч сумочин хүү арлын Японыг шуугиулж байхад, оюуны бяр хүчээр өрнө, дорныг гайхуулж байгаа нэгэн уяаны морь Ч.Галсан өгүүллэгүүдийнхээ түүврийг уншигчдад барьж байгаад сэтгэлийн мялаалга өргөлгүй яахан дэмий суух.

Ижил төстэй номнууд (272)
1