Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Р.Чойномын нууц захидлууд
Зохиогч: Чойном.Р 
Эрхлэн гаргасан: Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

Яруу найрагч Р.Чойномын нууц захидлуудыг хүлээн авагч, уран бүтээлийн шавь, амьдралын хуурай дүү Равжайн Чулуунбазарын тухай тайлбар хийх нь зүйтэй болов уу. Тэрээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын харъяат, 1945 онд төрсөн. 1954 оноос бага, дунд сургуулийг, 1969 онд Монгол улсын их сургуулийн хэл уран зохиолын ангийг төгсгөн суралцжээ. Одоо Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 10 жилийн сургуульд багшилж, аж төрж байна. Гэвч үе үехэн

... Гаргууд эрдэмтэн зохиолч орчуулагч

Гаадамба багшаар ном их заалгасан ч

Гавьтай юм суралгүй хөдөө томилогдож

Гарын шавь болж чадаагүйдээ гасалдаг… нэгэн.

Ийнхүү алсын говьд гандаж гундаж яваа мэт харагдавч, авъяас билиг нь гал мэт бадарч, бичиг номын хуудаснаас бийр янтай салгаагүй, даруухан амьдравч яруухан сэтгэж яваа, хэл шинжлэлийн ухааны магистр зэрэгтэй жирийн сэхээтний нэг. Хэрэв түүний номын өргөөнд орвол өрнө дорнын цонхоор дэлхийн соёл утга зохиолын сан хөмрөг өнгийх адил.

Р.Чулуунбазар "Сулинхээр" шүлгийн номоороо хэдийнээ уншигчдын танил болж, одоо "Соёолон шүлгийн тоос" гэх хулангийн салхитай шүлгийн номоо уншигчдын гар дээр тавих гэж бэлтгэж байна.

…Зүүнбаянгийн сургуульд 35 жил багшилж,

Зүггүй шүлэг хэлхэн 45 жил багцалж… суугаа Р.Чулуунбазар, хөдөөгийн уудамд соёлыг түгээж, хөлгөн судрын ард Ринчиний Чойномд тавилан цэц хаялцаж явсан яруу найрагч. Тэрээр багшийнхаа захидлуудыг өнөө хүртэл нандигнан хадгалж явсан нь, одоо "Р.Чойномын нууц захидлууд" хэмээх ном болон уншигч таны гар дээр очиж байгаа нь энэ.

Цаг нийгмийн араншингийн мөрдлөг тандлагаас эдгээр захидлыг өнөө хүртэл авч үлдэж чадсан нь тангараг тавьсан жинхэнэ номын барилдлагат шавь хүний эрхэм дээд чанар мөн. Эндээс, Зүүн-Баяны гэх нэрийн хуудастай Р.Чулуунбазар гэгч чухам хэн бэ гэдгийг уншигч та төвөггүй ойлгож болно.

Энэ захидлууд бол эгэл жирийн мөртлөө Р.Чойномын нийтэд чөлөөтэй хуучилж амжаагүй тайтгарал бухимдал, хүсэл мөрөөдөл, айдас хургасан сэтгэлийг үг, хориотой бүсэд буцалж байсан амьдралын халуун дуртгал юм.

"Нууц захидал" гэвч, Р.Чойномд нуух гэм зэм байгаагүй, харин ч хамгийн ил тод яруу найрагч байсанд оршино.

Төрд ноцтой тэрсэлсэн нь үнэн бол, хожим нь хэрэг цагаатгагдах, юун төрийн шагнал нэхэн олгох манатай байхсан. Зовлонг, зовлон үзсэн хүн л ойлгодог байх. Энэ номыг бэлтгэхэд яруу найрагч Р.Чулуунбазар, ардын уран зохиолч Т.Галсан нар сэтгэл харамгүй гүн туслалцаа үзүүлсэнд талархлаа дэвшүүлье.

Р.Чойномын Өвийг хамгаалах “ӨД” Санд Р.Чойномын зурсан зургууд, эх зохиолууд, гар бичмэлүүд нь бүрэн эхээрээ хадгалагдаж байдаг бөгөөд найз нөхөд, дэмжигч хүмүүсийн тус дэмээр музейн үзмэр, архив маань өдөр ирэх бүр байнга өргөжин баяжсаар байна. Шинээр олдож буй өвийн зүйлс нь түүний намтар түүхийг баяжуулах, нэр алдрыг нь мөнхжүүлэхэд үнэт хувь нэмэр болох нь дамжиггүй.

Манай дараагийн цувралаар “Р.Чойномын нууц захидлууд”-ын хоёр дахь дэвтэр (Чойномоос бусдад, бусдаас Чойномд бичсэн захидлууд), “Р.Чойномын тухай” найз, нөхдийнх нь дурсамжаар бүтсэн ном бэлтгэгдэж байгаа тул Та бүхэн өөрсдийн хадгалж байгаа гар бичмэл, зурсан зураг, яруу найрагчтай холбоотой дурсамж, дурдатгал, захидлууд болон бусад өвийн эд зүйлсийг бидэнд ирүүлбэл хойч үедээ үлдээх их буян болох билээ.

Манай Сангийн үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцож, сэтгэлийн болоод уран бүтээлийн үнэт зөвлөгөө өгч хамтран ажилладаг бүх хүмүүст талархал илэрхийлж байна. Бид яруу найрагч Р.Чойномын уран бүтээлийг дээдлэгч хэн бүхэнтэй хамтран ажиллахад хэзээ ямагт бэлэн байх болно.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Р.Чойномын Өвийг хамгаалах “ӨД” Сан

Ижил төстэй номнууд (37)
1