Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Хүннүгийн түүх, соёл
Зохиогч: Ганбаатар.Я 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Судлаач Я.Ганбаатар олон жилийн судалгааныхаа үр дүн болсон "Хүннүгийн түүх, соёл" нэртэй бүтээлээ уншигчдын гарт хүргэж байна. Эл бүтээл Төв Азийн, цаашилвал Евроазийн Нүүдлийн соёл иргэншил судлалын гол цөм нь болсон Хүннү угсаатан, тэдний байгуулсан анхны төрт улсын дуулиант түүхийг цогц хэлбэрээр өргөн хүрээтэй хамарчээ.

Сүүлийн жилүүдэд нүүдэлчин ард түмнүүдээс дэлхийн соёл иргэншилд оруулсан соёлын хийгээд төр ёсны бодитой хувь нэмрийг тодотгох чиглэлээр түүх бичлэг, иргэншил судлал, археологийн судалгаа хийгдэж, тэдгээрийн зарим тодорхой үр дүнг эрдэмтдийн сонор, дэлхий нийтэд хүргэн, судалгааны эргэлтэнд оруулж байгаа билээ.

Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон улсын хүрээлэнгийн гишүүн, судлаач Я.Ганбаатарын өргөн олон уншигчдад барьж буй эл бүтээл тэдгээрийн нэгэнд зүй ёсоор тооцогдох болно.

Нэрт түүхч Г.Сүхбаатарын "Монголчуудын эртний өвөг" хэмээх томоохон зохиол 1980 онд хэвлэгдэн гарснаас хойш Хүннүгийн тухайт сэдвээр манай эрдэмтэн судлаачид их зүйл хийж гүйцэтгэсэн нь мэдээж боловч ийм өргөн цар хүрээг хамарсан томоохон бүтээл хараахан гараагүй гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.

Энэ номын ач холбогдол, үнэ цэнийн талаар олныг дурдан өгүүлж болох боловч тэр бүгдийн дотроос чухал гэгдсэн нэгэн хоёр зүйлийг би энд хэлэхийг хүсч байна. Түүний нэгдүгээрт: зохиогч энэ бүтээлдээ өрнө, дорнын эрдэмтэн судлаачдаас уг сэдвээр туурвисан далай их судар шасдирын сангаас боломж, чадлынхаа хэрээр хэлтлэн үзэж, судлаж ашигласанд нь оршино.

Зайлшгүй дурдууштай өөр нэг зүйл бол зохиогч эртний хятадын анхдагч эх сурвалжуудыг уйгагүй үзэж ашигласнаараа бидний уламжлалт түүх бичлэгийг цаг хугацааны хувьд урагшлуулан тодотгох нэн чухал боломжид хүрсэн хэрэг мөн. Өнөөг хүртэл бид Хүннүгийн түүхийг МТӨ III зуунаас буюу Төв Азид байгуулагдсан анхны төрт улсын үеэс эхлэн авч үзэж, судалж бичсээр ирсэн билээ.

Тэгвэл Я.Ганбаатар нь энэхүү судалгааныхаа явцад гол зорилгоо болгон Хүннү хийгээд түүний өвөг дээдэс болсон эртний нүүдэлчин ард түмнүүдийн тухай өгүүлдэг эртний хятадын түүхэн эх сурвалжуудыг нэгбүрчлэн бүртгэн жагсааж, үзэж судлах явцдаа түүх бичлэгийг урагшлуулан тодотгох боломж байгааг олж харж, түүнийгээ амжилттай гүйцэтгэсэн нь ихээхэн үнэ цэнэ бүхий ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэмээр байна.

Нангиадын түүхийн эцэг гэгдсэн их сударч Сыма Цяний бичсэн: "Шуньвэйгээс Түмэн шаньюй хүртэл мянга гаруй жилийн туршид Хүннүчүүд нэг үе хүчирхэгжин, нэг үе бууран доройтсоор иржээ" хэмээсэн энэхүү чухаг тэмдэглэгээг зохиогч гярхай олж харж, түүнийг эш үндэс болгон бусад эх сурвалжуудыг шүүрдэн үзсээр мөнөөх мянган жилийн дотор нүүдэлчдийн ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг гарган ирж, он дарааллаар нь жагсаан цэгцлэхийг хичээжээ.

Үүний дүнд Төв Азийн Нүүдлийн соёл иргэншлийн түүхэнд холбогдох олон үйл явдал, намтар цадиг нэлээд хэмжээгээр тодорч байгаад энэ бүтээлийн ач холбогдол орших болно.

Төв Азийн цээжнээ нүүдэлчин ард түмнүүдийн анхны төрт улсыг байгуулсны 2220 жилийн ой 2011 онд тохиох гэж буй энэ тулгам үед эрдэмтэн Я.Ганбаатарын энэ бүтээл уншигч Таны гарт очиж байгаа нь нэн олзуурхууштай. Энэ тэмдэглэлт үйл явдлыг Монгол Улс даяар, нийт Төв Азийн улс түмнүүдийн хэмжээнд түүх, соёлын их баяр ёслол болгон тэмдэглүүштэй гэсэн санааг мэргэн уншигч Танаа хүргэхийн ялдараа олныг эс нуршин Таныг Хүннүгийн ертөнцөд урин залсугай!

Ижил төстэй номнууд (66)
1